Зам тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын 2020 оны есдүгээр сарын 18-ны өдрийн чиглэл өгөх тухай албан бичгийн дагуу иргэдийн сонирхдог, “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоохоор болжээ. Энэхүү “азын” гэх дугаар нь сери бүрт 300 орчим байдаг юм байна. Тиймээс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд бүх серийн доорх бүх “азын” дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгохоор болжээ. Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт нь мэдэгдэх арга хэмжээг авах юм байна.
Авто машин эзэмшигч иргэд тээврийн хэрэгсэлдээ “азын” гэх улсын дугаар авахыг эрмэлздэгээс болж сүүлийн үед ийм дугаарын ченжүүд хүртэл бий болсон. Тухайлбал, өнгөрсөн 2019 онд УАА сери шинээр задрахад 11-11, 88-88, 99-99 зэрэг улсын дугаарууд 25-25 сая төгрөгийн үнэд хүрсэн мэдээлэл бий.