Sunday, November 24, 2024

Р.Дагва: Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах суурь, үндэс нь эрх зүйн шинэчлэл

Date:

ЯРИЛЦСАН Г.СОНИНБАЯР

Хууль тогтоомжуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүрэг өмнөх парламентаас өнөөгийн парламентад шилжин ирсэн. Энэ дагуу нийт 40 гаруй хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх юм. Тухайлбал, нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг долоон хуулийн төслийг боловсруулж, батлах ёстой. Өнгөрсөн сард болсон УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч эцэслэж амжаагүй.  

Нийслэлийн Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчилж, Үндсэн хуульд нийцүүлснээр өнөөгийн тулгамдсан олон асуудлыг шийднэ. Мөн нийслэл төсөв санхүү, эдийн засгийн хувьд төдийгүй удирдлага, статусын хувьд бие дааж байж хөгжинө. Энэ сэдвээр НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа.

Улаанбаатар хотод захиргааны болоод санхүүгийн эрх мэдэл хэрэгтэй-

-Үндсэн хуульд нутгийн удирдлагатай холбоотой хэд хэдэн чухал нэмэлт, өөрчлөлт орсон. Үүнд нийцүүлэн органик хуулиудаа өөрчлөх ёстой. Энэ ажил хэр ахицтай байна вэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дөрөвдүгээр бүлэг нь нутгийн удирдлагатай холбоотой зарчмын өөрчлөлтүүд байгаа. Тухайлбал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгодтой байхаар болсон гэх мэт.

Ер нь Улаанбаатар хотын эрх зүйн орчныг бүрдүүлдэг 130 гаруй хууль байна. Эдгээрээс өдөр тутмын ажил, амьдралыг нь зохицуулдаг 26 хууль байдаг. Тэр дотроос  тулгын гурван чулуу гэж хэлж болох гурван хууль нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиуд юм. Улаанбаатар хотын өдөр тутмын амьдрал, нийгэм, эдийн засгийн бүхий л харилцааг зохицуулдаг энэ гурван гол хуулийн шинэчлэл маш чухал Энэ шинэчлэл өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хийгдэх учиртай. Өнгөрсөн сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль багтсан ч АН завсарлага авснаар хэлэлцэж амжилгүй намрын чуулган руу шилжүүллээ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нэлээд дээгүүр, бараг нэгдүгээрт энэ хуулийн төсөл эрэмбэлэгдэх болов уу. Нөгөө хоёр хуулийн төсөл ч  нэлээд дээгүүр эрэмбэлэгдэн хэлэлцэгдэх байх. Эдгээр хуулийн шинэчлэл нийслэл Улаанбаатар хотын хувьд маш чухал гээд байгаагийн учир нь бид амьдрах арга ухаанаа шинэчлэх, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах, хувийн хэвшилтэйгээ илүү ойр дотно ажиллах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэх ч гэдэг юм уу, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг тав тухтай болгох зэрэг маш олон суурь шинэчлэлийг эдгээр хуулийн эрх зүйн хүрээнд хийх боломжтой болох юм.

-Эдийн засгийн шинэчлэлийн үндэс нь эрх зүйн орчны шинэчлэл гэж ойлгож болох уу?

-Тийм. Эдгээр хуулийн шинэчлэлээр нийслэл хот ийм эрх мэдэлтэй, ийм чиг үүрэгтэй, ийм бүтэцтэй байна гэхээсээ илүүтэйгээр ерөөсөө хувийн хэвшлийнхэнд үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөтгөх боломжийг олгож өгсөн, тийм хуулийн шинэчлэл байх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээ тэлж, бизнесээ өргөтгөнө гэдгийн цаана дандаа ажлын байрууд шинээр бий болдог. Тэр ажлын байрууд дээр нийслэлийн залуу иргэд ажиллана. Залуучууд ажилтай болно гэдэг залуу гэр бүл орлоготой болно оо л гэсэн үг. Энэ нь  нөгөө талдаа Улаанбаатар хотын эдийн засгийг өргөтгөн тэлэх том боломж юм. Хүн бүр ажилтай, өөрийнхөө амьжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадах хэмжээний тогтмол орлоготой болох нь манай хотын удирдлагын багийн хамгийн эцсийн бөгөөд хамгийн гол хүсэл зорилго байх ёстой. Бүх айл өрх ямар нэг хэмжээгээр орлоготой, бүх хүн ажилтай байх энэ зорилгыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг л чухал. Мэдээж төрийн бодлого, шийдвэр нь ямар байх юм, төрийн дэмжлэг туслалцаа ямар байх юм, арилжааны банкууд санхүүгийн ямар схемээр хамтарч ажиллаж бие биеэ дэмжих юм. Хувийн хэвшлээ, иргэдээ яаж дэмжих юм. Хууль эрх зүйн орчин нь ямар байх юм. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хот яаж хамтарч ажиллах юм.

Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй 3.5 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байна. Энэ үл хөдлөх хөрөнгийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Энэ бүх шалтгаант нөхцөлүүдийг бий болгох замаар, өөрөөр хэлбэл бид ажлын байраа нэмэгдүүлье, залуу гэр бүлийг орлоготой болгоё л гэдэг эрхэм зорилгын дор л хуулийн төслүүдийг шинэчлэх учиртай. Цаашдын хөгжлийн зорилго, амьдралын чиг хандлага бидний жил жилийн үндсэн чиглэлийн зорилго, зорилт бол энэ зарчмын дор л явах ёстой гэж хэлмээр байна

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгүүдэд та оролцож байсан. Та бүхний саналуудын хэдэн хувь нь туссан бэ?

-Үндсэн хуульд яг органик хууль шиг тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гэдэг тодорхой заалт ордоггүй. Үндсэн хуульд үзэл санаа л суудаг юм байна. Гэхдээ Үндсэн хуулийн хүчин чадал шавхагдашгүй. Үүнийг яаж ажил, амьдралдаа илүү их гүн гүнзгий ашиглаж болох вэ гэдэг талаас нь л харах хэрэгтэй. Үндсэн хуулиар таван том зарчмыг зохицуулдаг. Тэр таван том зарчмын нэг нь нутгийн өөрөө удирдах ёс буюу дөрөвдүгээр бүлэг. Энэ дөрөвдүгээр бүлэгт та бидний өдөр тутмын ажил амьдралыг зохицуулдаг гол хуулиудын маань үндсэн үзэл санаа нь суучихсан байгаа. Бидний амьдралын хэв маяг ямар байх юм, ямар эрх зүйт төрийн дор яаж ажиллаж амьдрах вэ гэдэг тэр зарчмыг тусгаж өгсөн үзэл санаанууд Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт байгаа. Ялангуяа орон нутагтай холбоотой хэсэгт нь энэ зарчмууд байгаа.

Тухайлбал, Үндсэн хуулийн 57.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэдэг ийм үзэл санаа байгаа юм. Үүнийг яаж тайлж унших вэ гэхээр нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын зэрэглэлтэй хотын өөрийн удирдлагын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэдэг нэг санаа. Дараачийнх нь нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын зэрэглэлтэй хотын удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Ийм том хоёр үзэл санаа байгаа юм. Эхнийх нь зарчим буюу өөрийн удирдлага маш чухал. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үед би Улаанбаатар хот тодорхой түвшинд, тодорхой хуулийн дор захиргааны болоод санхүүгийн эрх мэдэл хэрэгтэй байна аа, тэрийг хууль, эрх зүйн орчноор нь хийж өгөх хэрэгтэй байна аа, энэ үзэл санааг нь суулгамаар байна гэж УИХ гишүүдээс маш их гуйж, ярьж байсан. Улаанбаатар хот цаашдаа зөвхөн улсын төсөв гэсэн санхүүгийн ганцхан эх үүсвэртэй хэвээр байх юм бол хот хөгжлийн шинэ шатанд гарна, хотын гэж нэрлэгддэг маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт. Тийм учраас бид санхүүгийн шинэ эх үүсвэртэй болох хэрэгтэй. Тэр нь хаанаас байх вэ гэвэл хувийн хэвшлээс л гарч ирнэ. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотыг хөгжүүлэх ойлголт ерөөсөө байдаггүй юм байна. Үүнийг их бага, дарга цэрэггүй бүгдээрээ хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж хэлээд байгаа. Тэгээд дээр нь Улаанбаатар хотод захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг тодорхой түвшинд өгөөч ээ л гэдэг юм.

-Тийм эрх мэдлийг Үндсэн  хуульд суулгаж чадсан уу?

-УИХ-ын гишүүд надад юу гэсэн гэхээр “Дагва аа, үүнээс илүүгээр хийж болохгүй байна аа. Одоо чи өөрийн удирдлага гэсэн хоёрхон үгэн дээрээ л ажилла. Органик хуулиудад яаж тусгах, өөрөөр хэлбэл хотод хэрэгтэй байгаа эрх зүйн орчноо яаж бүрдүүлж авах вэ гэдгийгээ өөрийн удирдлагын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэдэг энэ үгэн дээрээ л ажиллаж хий” гэсэн. 

Засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж Үндсэн хуульд бий. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот маань нэг төвт хотоос аль болох хурдан салж, олон төвт хот болох хэрэгтэй. Тэрийгээ бид үйлдвэрлэл технологийн паркууд, дагуул хотууд, хаяа хотууд ч гэдэг юм уу яаж ч нэрлэж болно. Цаашдаа Богд уулаа тойрч Улаанбаатар хот маань өргөжих ёстой. Шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох ёстой. Тэрхүү  засаг захиргааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэдэг санаа Үндсэн хуульд байгаа.

Тухайлбал, би эдийн засгийн чөлөөт бүсийг Улаанбаатар хотын дэргэд байгуулах ёстой гэж үздэг. Чөлөөт бүсийг байгуулснаар Улаанбаатар хотод олон арван мянган ажлын байр бий болох боломж бүрдэнэ. Энэ боломжийг бид хуулиар олж авах ёстой. Тэгэхээр Үндсэн хуулийн үзэл санааны хүрээнд зөвхөн энэ 57.2-ын, мөн 63 дугаар зүйл гэх мэт нутгийн өөрөө удирдах ёстой холбоотой гол үндсэн зохицуулалттай уялдуулан хуулиудаа өөрчлөх шаардлагатай байгаа.

Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах, иргэдийн амьдрах арга ухааныг шинэчлэх тэр бүх шинэчлэлүүдийн суурь шинэчлэл нь эрх зүйн шинэчлэл. Үүнийгээ л бид зөв хийх хэрэгтэй. Хувийн хэвшилтэйгээ илүү нээлттэй ажилламаар байна. Нэг жишээ хэлэхэд одоо бид дүүжин агаарын тээвэр нэвтрүүлж нийтийн тээврийг бид солонгоруулах ёстой, нийтийн тээвэр олон төрөлтэй болох ёстой гээд зарчмууд яриад байна. Тэрний нэг хэлбэр нь болох мегаполис хотуудын хэрэглэдэг дүүжин тээврийг нийслэлийн залуу иргэд маань сонирхож байна. Гэтэл энэ төслийг хот хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ 60 сая еврогийн төслийг соёрхон баталж байгаа юм. Энэ төслийн санхүүжилт урт хугацаатай, жилийн маш бага хүүтай. Нэг жилд төлөх хэмжээ нь маш бага. Олох орлогынх нь 30-40 хувиар нь л зээлээ төлбөрөө  төлчих хэмжээний ийм бизнес модел юм байгаа юм. Энэ 60 сая еврогийн төслийг яагаад заавал Засгийн газар хэлэлцэж, УИХ соёрхон батлах түвшинд хийх ёстой гэж. Үүнийг хот өөрөө шийдчихдэг байж болохгүй юм уу гээд байгаа нь дээр хэлсэнтэй холбоотой. Зургаан тэрбум еврогийн төсөл хотод хэрэгжүүлнэ гэвэл УИХ, Засгийн газар дээр ярьж, өндөр түвшинд зөвшилцөж болж байна. Харин 60 сая еврогийн төслийг нийслэл өөрөө шийдэхэд юу нь болохгүй билээ. Монгол Улсын хүн амын тэн хагас буюу 1.5 сая нь байнга төвлөрөн сууж байгаа, ДНБ-ий 67 хувийг энд үйлдвэрлэж, мөнгөний бодлогын 85 хувийг энд хэрэгжүүлдэг, албан ёсоор үйл ажиллагаа явуулж татвар төлж байгаа нийт ААН-үүдийн 75 хувь нь үйл ажиллагаа явуулж буй энэ том хотод ийм хэмжээний төслийг өөрсдөө шийдчихдэг тийм эрх зүйн орчин, эрх мэдэл байж болдоггүй юм уу. Бараг хотын дарга л өөрөө шийдчихвэл болохоор байгаа юм. Бүр болохгүй бол, хотын дарга гэдэг ганц хүн шийдэж болохгүй гэвэл нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлбэл хэлэлцүүлнэ биз. Энэ мэт захиргааны болоод санхүүгийн эрх мэдлийг хуулиар бид олж авах, амьдрах арга ухаанаа шинэчлэх боломж нөхцлийн араас явах ёстой гэж л би хэлэх гэсэн юм.

-Хувийн хэвшлийнХний оролцоогүйгээр хотыг хөгжүүлэх ойлголт байдаггүй-

-Дээр дурдсан зарчмуудаа гурван гол хуульдаа тусгах юм байна гэж ойлголоо?

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр гурван үндсэн том зарчим суугаасай гэж хүсэж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын статусын асуудлыг яаж энэ хуульд тусгаж өгөх вэ гэдэг нэг том асуудал. Одоо бол хуульдаа аймаг, нийслэл, сум, дүүрэг гэдэг хоршоо үгээр яваад байгаа. Аймаг нийслэл, сум дүүрэг адилхан статустай. Гэтэл сум тав, зургаан мянган хүнтэй, Улаанбаатар хотын нэг дүүрэг 340-350 мянган хүнтэй болоод байна. 350 мянган хүнтэй дүүрэг гэдэг таван Хөвсгөл аймаг эсвэл долоо, найман Дундговь аймагтай тэнцэнэ гэсэн үг. Тэгсэн хэрнээ тухайн аймгуудын нэг сумтай нь адил статустай байна гэдэг бол маш тэнцвэргүй. Цаашдаа энэ эрх зүйн зохицуулалт ийм тэнцвэргүй байж болохгүй. Тэгэхээр нийслэлийн статусыг хөндсөн хуулийн зохицуулалтыг яаж хийх юм. Хоёрт, чиг үүрэг гэдэг юм яг ямар байх юм гэдэг нь чухал. Нийслэлийн чиг үүрэг, Улаанбаатар хотын чиг үүрэг гэж бас хоёр өөр зарчим байна. Тэгэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг ямар байх ёстой вэ гэдгийг тогтоох ёстой. Гурав дахь том зарчим нь санхүү, төсөв, өмчийн харилцаан дээр ямар эрх мэдэлтэй байх вэ гэдэг асуудал. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй 3.5 их наяд төгрөгийн өмч хөрөнгө байна гэж дээр хэлсэн. Энэ өмч хөрөнгө бол дийлэнх нь буюу 80-90 хувь нь үл хөдлөх хөрөнгө. Ямар ч эдийн засгийн эргэлтэд ордоггүй үхмэл хөрөнгүүд. Эдийн засгийн ямар ч өгөөжгүй. Энэ өмч хөрөнгө анх яаж бүрдсэн бэ гэвэл татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр хийсэн хөрөнгө оруулалтын ажлууд шүү дээ. Байшин барилга, зам харгуй гэх мэт энэ бүх үл хөдлөх өмч хөрөнгө эргээд татвар төлөгчдөдөө ямар нэгэн өгөөж өгч байх ёстой биз дээ. Гэтэл өгөөж муутай үхмэл хөрөнгүүд байгаад байдаг. Тэгэхээр би цаашдаа Улаанбаатар хот өмчдөө бүртгэлтэй энэ их үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бий болгох ёстой гэдэг зарчмыг хэлж ярьдаг хүн. Ер нь тэгээд хотын маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсийн үндэс нь явж явж, эцсийн эцэст ажлын байр бий болгох л гэдэг ийм ойлголт байгаа юм. Ажлын байр бол хамгийн эцсийн зорилго. Ажилтай бол орлоготой.

-Үүнийг хуулийн хэллэгээр яаж тусгаж томъёолж байгаа вэ?

-Үүнийг хуулийн хэллэгээр оруулна гэхээсээ илүүтэйгээр хотын удирдлага, захиргааны эрх мэдэл санхүүгийн тодорхой эрх мэдлийг нь хуулиар л олгочих ёстой. Хувийн хэвшилтэйгээ илүү нээлттэй ажиллах боломжийг хуулиар олгож өгөх ёстой юм. Үүний үр дүнд юу бий болох вэ гэвэл жишээ нь та бид хоёр сая ажлын байр хамгийн чухал гээд ярилаа. Гэтэл та надаас буцаагаад асууна. Тэгвэл тэр ажлын байрыг чинь хэн бий болгодог юм бэ, Засгийн газар мөн үү гэвэл би үгүй гэж хариулна. Хотын захиргаа мөн үү, тэр олон мянган ажлын байрыг бий болгодог хүн нь та мөн үү гэж надаас асуувал би бүр ч биш ээ гэж хариулна. Тэгээд хэн юм бэ гэхээр хувийн хэвшлийнхэн л байхгүй юу. Хувийн хэвшлийнхэн маань та бид хоёрын хүсээд байгаа тэр олон арван мянган ажлын байруудыг бий болгох гэсэн чинь тэдэнд яг юу саад болоод, юу таалагдахгүй байгаа юм. Тэрийг бид тэмтэрч үзэх ёстой. Тэгээд хувийн хэвшлийнхний хүсээд байгаа тэр шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэд үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөтгөх замаар олон мянган ажлын байрыг бий болгох тэр бүх боломжийг л төр хууль, эрх зүйн орчин буюу өөрсдийнхөө гаргаж байгаа захирамж, тогтоол, тушаал, шийдвэр, дүрэм журам энэ бүхнээрээ нээж өгөх ёстой. Ингэж ажлын байрыг олон мянгаар бий болгоно гэдэг иргэдийнхээ, өрх гэрийнх нь эдийн засаг, хувь хүний амьжиргаанд нөлөөлж байгаа хамгийн том дэмжлэг болох юм.

-Нийслэл хотын татварын тухай 2015 онд батлагдсан хууль бий. Энэ татвар хувийн хэвшлийнхэнд хэр ачаалал үүсгэдэг вэ?

-Архи, тамхи гэх мэт хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ямар газар хэрэглэснээс нь хамааран нэг хувийн татвар авдаг. Энэ төрлийн татвараас жилдээ 6-7 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө тавьдаг ч түүндээ хүрдэггүй. Энэ жил л гэхэд цар тахлын улмаас хотын татвар бүр ч тасалдах магадлалтай. Цаашдаа Улаанбаатар хот өөрийн гэсэн татвар, дүрэмтэй байх ёстой юу гэвэл байх ёстой. Энд мэдээж нийтийн эрх ашиг чухал. Хотод нийтийн эрх ашиг хамгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх эрхэм зүйл.

-Хотын бонд гаргах тухай байнга ярьдаг. Гэхдээ эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа билүү?

-Бүрдээгүй. Сая би хэллээ. Нийслэлд 3.5 их наяд төгрөгийн өмч хөрөнгө бүртгэлтэй ч ямар нэгэн эргэлтэд орохгүй үхмэл байна. Нийслэлийн иргэдэд ямар ч өгөөжгүй байна гээд нэг зүйл хэлээд байна шүү дээ. Үүнийг л өөрчлөх ёстой. Нийслэлийн өмчид бүртгэлтэй Соёлын төв өргөө гэж том барилга байгууламж бий. Урсгал зардал, ашиглалтын зардал зэрэг нь бүгд татвар төлөгчдийн халааснаас гардаг. Хасах баланстай шахуу үйл ажиллагаа явуулдаг. Тэнд талбай түрээслэх үнэ ам метр нь хоёр доллар. Гэтэл яг зэргэлдээ нь байгаа “Сентрал тауэр”-ын ам метр талбайн үнэ 30 доллар. Нэг дор байгаа хоёр барилга яагаад ийм ялгаатай байна вэ. Хувийнх нь ийм өндөр үнээр түрээслүүлж болдог, нийтийн өмч нь ийм хямд, ашиггүй. Үүнийг сайхан засаж янзлаад “Сентрал тауэр” шиг болгочихъё гэхээр хотод мөнгө байхгүй. Тэгвэл хувийн хэвшилд 10 жилийн хугацаатай түрээслэж болно оо доо. Тэд хөрөнгө оруулаад, менежментээ хийгээд, тухайн барилгын үнэ цэнийг өсгөж талбайнх нь үнийг нэмэгдүүлэг. Тэгээд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнийх нь дараа ашгийнх нь 20 хувийг хот авна гэдэг ч юм уу гэрээ байгуулж болно. 10 жилийн дараа хот өмчөө буцаагаад авахад үнэ цэн нь өсчихсөн, өмчийнх нь өнгө зүс, чанар нь сайжирчихсан байна. Хувийн хэвшлийнхэн анхны хөрөнгө оруулалт 10 тэрбум төгрөг хийлээ гэхэд 10 жилийн дараа 50 тэрбум төгрөг болгож аваад бизнесийн өгөөжөө хүртчихнэ. Оролцогч талуудад бүгдэд өгөөжтэй байх ийм л хамтын ажиллагааг бид хуулиар зохицуулж өгч, амьдрах аргаа шинэчлэх ёстой. Хувийн хэвшлийг дэмжье гээд байгаа нь энэ. Тэдний оролцоогүйгээр хотыг хөгжүүлэх ойлголт байдаггүй юм байна. Үүнийг хүлээн зөвшөөрчихөөч гэж хэлээд байгаа нь ийм учиртай.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө тийм боломж хязгаарлагдмал байсан уу?

-Одоо ч гэсэн маш хязгаарлагдмал шүү дээ. Төрийн өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг хамаагүй зарцуулах эрх байхгүй, дур зоргоороо зарцуулах ёсгүй гэдэг л дээ. Ингээд хот хувийн хэвшилтэй хамтраад ажиллая, хамтын ажиллагааны гэрээ санамж байгуулъя гэхээр заавал Сангийн яамнаас зөвшөөрөл авдаг. Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэгтэй уялдуулахаас эхлээд нэлээд адармаатай. Миний санал бол мэдээж төсвийн хөрөнгөөр хийгддэг, Төсвийн хуулийн зарчмын дагуу зориулагддаг зарцуулалт, гүйлгээ тэр бүх юм одоо байгаа зарчмаараа явж болж байна. Харин санхүүгийн өөр нэг кранттай болох ёстой байгаа юм. Тэр крант нь гадаад, дотоодын хөрөнгө орууулагчид, хувийн хэвшлээс орж ирэх санхүүгийн эх үүсвэр байх ёстой. Тэр эх үүсвэрийг бид яаж зарцуулах вэ гэхээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг бүгдийг нь бизнес төсөл болгох замаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр хувийн хэвшлийнхэн маань бизнесийн өгөөжтэй, хот нийгмийн үр өгөөжтэй дунд нь Улаанбаатар хотын 1.5 сая иргэний амьдрах орчин нөхцөл тав тухтай болно. Нийслэлийн нийт иргэдэд өгөөжтэй байх ийм л хамтын ажиллагаа руу бид явах ёстой гэж хэлээд байгаа юм.

-Ер нь хотын төр захиргааны байгууллагын гол ажил нь аж ахуйн тал руу, эдийн засгийн агуулгатай байх нь ээ?

-Манай хилийн цаана, дэлхийн бусад орнуудад хотын удирдлагыг хуулийн этгээд, корпорац гэж хардаг. Хуулийн этгээд, корпорац ашгийн төлөө л ажилладаг. Гэхдээ Улаанбаатар хотыг би ашгийн төлөө ажиллана гэх гээд байгаа юм биш. Ер нь хуулийн этгээд юм бол хувийн хэвшилтэйгээ илүү хамтарч ажилладаг, тодорхой эдийн засгийн үр өгөөжтэй ийм хамтын ажиллагаа хэрэгтэй л гэсэн санаа.

-Хотын тулгамдсан асуудлуудыг төсөл болгож хувийн хэвшлийнхнээр шийдүүлнэ-

-Хотын төвлөрүүлсэн төсвийг улсын төсөв гэдэг нэг том сав руу татаж авчихаад буцааж хуваарилдаг. Цаашдаа энэ байдал өөрчлөгдөх үү?

-Тэр схем нь хэвээрээ байна. Хоёр том зарчим байгаа. Бидэнд улс төлөвлөгөө, даалгавар өгнө. Ийм хэмжээний татвар цуглуул гэж таарна. Тэрийгээ биелүүлээд өгчихнө. Ингэж Сангийн яаман дээр төвлөрүүлээд л, нэгдмэл улс, нэгдсэн төсөвтэй гээд том том зарчим ярина. Бидний төвлөрүүлсэн орлогоос 40 хувийг нь улс татаад авчихна. 60 хувийг нь буцаагаад хуваарилдаг. Уг нь хот өөрсдөө цуглуулж өгсөн мөнгө шүү дээ. Тэр том тогоонд үлддэг 40 хувийг бусад салбарууд руу тараана. Энэ жил 2020 онд гэхэд нийслэлээс төвлөрүүлсэн татварын орлогоос 320 тэрбум төгрөг улсын төсөвт үлдэж байгаа. Тэр мөнгийг хот өөртөө авч үлдэх эрх зүйн боломж, хуулийн боломж бидэнд хэрэгтэй. Өөрөө үүнийгээ зарцуулдаг болох ёстой. Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр цугларсан төсвийг буцаагаад тэдний амьдрах орчин нөхцөлийг тав тухтай болгох ажилд зориулах нь шударга ёсны зарчим. Хоёрдугаарт, тулгамдсан асуудлуудаа бизнес төсөл болгох замаар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлье гэж бид яриад байгаа. Жишээ нь, хотын төвд авто зогсоол олддоггүй. Хүмүүс үүнд маш их бухимддаг. Улаанбаатар хотын  төвд Бага тойруу дотор бидний судалгаагаар 16 мянган зогсоол, авто машин зогсох орон зай байна. Үүний 6000 мянган зогсоол нь хувийн хэвшлийн оффисуудын мэдлийнх болон Бага тойрууд байгаа хуучны хэдэн орон сууцны байшингуудын гадна талбайн зогсоолууд. Цаана нь нийтийн эзэмшлийн талбай дээр 10 мянган машин зогсож болох орон зай байгаа. Тэр орон зайг тохижуулж стандарт хангасан зогсоол болгочихъё гэхээр дахиад хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Тэгвэл үүнийг хувийн хэвшилд өгчихье. Хувийн хэвшлийнхэн нэг зогсоол руу нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийг. 10 мянган зогсоол руу нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулаад түүнийгээ төлбөртэй зогсоол болгож ашиглаг. Хувийн хэвшил нь эдийн засгийн өгөөжтэй бид бол анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнийх нь дараа мөн 80:20 гэдэг ч юм уу, тодорхой хувийг нь хотын дансанд авна. Тэр мөнгийг буцаагаад замын эргэн тойрон тохижилт, гэрлэн дохио шинэчилж засварлах, явган хүний болон дугуйн зам тавих зэрэгт зарцуулъя л даа. Ингээд хувийн хэвшил 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд таван жилийн дараа 50 тэрбум болгоод ашгаа аваад яваад өгдөг. Хот 10 мянган сайхан зогсоолтой болоод үлдэнэ. Түүнийгээ хот өөрөө ажиллуулаад орлого олно. Тэр орлогоо иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг тав тухтай болгоход зарцуулна гэсэн үг.

Хоттой хамтран ажиллаад ашиг олж, анхны оруулсан хөрөнгөө тав дахин өсгөсөн хувийн хэвшлийнхэн баярлалаа гэж хэлнэ. Тэд дараа нь 10 тэрбум биш 50 тэрбумтай болчихлоо, надаар хийлгэх ямар ажил байна вэ гэнэ. Далан шуудуу, зам гүүр гээд бүр том төсөлд хөрөнгө оруулъя гэж таарна. Ингээд бидний тулгамдсан гэгдэж байгаа асуудлуудыг бизнес төсөл болгож хэрэгжүүлэх замаар хоттой хамтрах ёстой. Тэр боломжийг нь л эрх зүйн хүрээнд олгох ёстой. Мэдээж нийтийн эрх ашиг ч гэдэг юм уу, төрийн оролцоо, эрх ашиг  гээд бүх юмаа хуулийн  хүрээнд хангах замаар хувийн хэвшлийг дэмжих ийм л хамтын ажиллагаа чухал.  Түүнээс биш иргэдийн төлсөн татварын мөнгөөр зарласан тендер гээд хөрөнгө оруулалтын ажилд хувийн компаниуд үнийн саналаар уралдаж орж ирээд, хамгийн бага үнийн саналтай нь тэр ажлыг аваад, гурван тэрбумын ажлыг 2.5 тэрбум төгрөгөөр хийдэг энэ зарчим бол хамтын ажиллагаа биш. Жишээ нь 2.5 тэрбум төгрөгөөр 200 хүүхдийн ортой цэцэрлэг барих байсан бол 1.5 гэж үнийн санал хэлээд тэр ажлыг авчихаж болно. Тэр 1.5-аасаа 10-15 хувийн ашиг хийнэ. Тэгэхээр нөгөө цэцэрлэгийн чанар юу болох вэ гээд асуудал гарна. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэл гэж хэлэхгүй. Ийм зүйлийг түншлэл гэж бодоод байдаг энэ сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй юм байна. Хувийн хэвшилтэй хамтарсан түншлэл хаана байх вэ гэвэл түрүүнд миний ярьдаг зарчмаар, өөрөөр хэлбэл тулгамдсан асуудал бүрийг бизнес төсөл болгох замаар хувийн хэвшлээс орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих энэ бодлого, зарчим л төр, хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь бий болгоно гэж хэлмээр байна.

-Шинэ нисэх буудлын  хурдны зам дагуу чөлөөт бүс байгуулах боломжтой-

-Та Улаанбаатар орчимд чөлөөт бус байгуулах тухай дээр цухас дурдлаа. Энэ тун сонирхолтой санаа байна. Хот орчимд үйлдвэрлэл технологийн паркууд байгуулна гэж олон жилийн өмнөөс ярьж, зарим нь ажил нь эхэлчихсэн яваа. Үүнтэй зэрэгцээд чөлөөт бүс байгуулах боломж бий юү?

-Үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулах ажил зохих түвшинд явж байгаа. Улаанбаатар хот цаашдаа Сүхбаатарын талбайг тойрсон ганцхан төвт хот байж болохгүй. Бид цаашдаа олуулаа болно. Олон төвт хот болно. Тэр зарчмын үүднээс Улаанбаатар хотын захиргаа хамгийн түрүүнд бусад төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхнээ уриалж, хотын төвөөс гарах гээд бэлтгэл ажлаа хангаад явж байгаа.

Шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох, дагуул, хаяа хотуудын асуудал бол бидний эн тэргүүний зорилго. Үүнтэй холбогдуулаад бид юу ярьж байгаа вэ гэхээр Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ёстой юм байна. Монгол Улс 1995 онд Чөлөөт бүсийн үзэл баримтлалыг УИХ-ын 87 дугаар тогтоолоор баталсан байдаг. Ингээд 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуультай болоод Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гээд хил дамнасан чөлөөт бүс гурвыг байгуулсан. Энэ гурван чөлөөт бүсийг байгуулаад 18 жил болж байна. Гэтэл үйл ажиллагаа нь жигдэрсэн үү гэвэл үгүй. Тогтмолжсон уу гэвэл үгүй. Энэ чөлөөт бүсүүдэд гадна дотнын хөрөнгө оруулагчид нэг цент авчирсан уу гэвэл бас л үгүй. Энэ чөлөөт бүсүүд Монгол Улсын эдийн засагт эерэг дам нөлөө үзүүлсэн үү гэвэл үгүй. Яагаад энэ чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа жигдрэхгүй байгаа юм, хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа юм, бидэнд яагаад эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Яагаад яагаад гээд дахин дахин асуулт гарч ирнэ. Чөлөөт бүсийг хэрэв хүнтэй зүйрлэвэл хүнийг тэжээдэг, амьд явуулдаг хоёр гуравхан артерийн судас байдаг. Чөлөөт бүсийн артерийн судас нь агаарын тээвэр, төмөр зам, авто замын тээвэр гэсэн гурван том тээврийн сүлжээ л байдаг юм байна. Ямар нэг бүс нутгийг чөлөөт бүс тусгай бүс гэж зарлахад энэ гурван тээврийн сүлжээ энэ дотор дайраад л өнгөрсөн байвал тухайн чөлөөт бүс өөрөө амьдарчих магадлал нь 80 хувьтай. Тэгэхээр манай гурван чөлөөт бүс амжилттай яваагүйн шалтгаан нь ерөөсөө л артерийн судас байхгүй байсан учир хөрөнгө оруулагчид сонирхсонгүй. Өөр ч олон шалтгаан бий л дээ. Нэг улсын эдийн засгаас  хамааралтай гэдэг ч юм уу.

Ер нь Монгол Улсад энэ гурван том тээврийн сүлжээ нэг дор цугласан ганц газар бий. Тэр нь Улаанбаатар хот. Тэгэхээр Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулна гэдэг өөрөө амьдрах магадлал 80 хувьтай.

Монгол Улсын ДНБ-ий 67 хувь, мөнгөний бодлогын 85 хувь энд хийгдэж байна гэх мэт бүх шалтгаант нөхцөлүүд нь Улаанбаатар хотын дэргэд чөлөөт бүс байгуулах нь хамгийн зөв хувилбар гэдгийг нотолж баталж өгч байгаа өнцгүүд. Чөлөөт бүсийг байгуулсны ач холбогдол, үр дүн нь юугаар илэрдэг вэ гэхээр тэнд олон ажлын байр бий болно. Хувийн хэвшлийнхэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид тийшээ хөрөнгө оруулах замаар олон мянган ажлын байр бий болгоно гэж л хардаг.

-Чөлөөт бүсийг хаана байгуулах боломжтой вэ?

-Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал хуучин нисэх онгоцны буудлын хооронд 32.5 км урт хурдны зам тавьчихсан. Тэр замын хоёр талаар хэдэн жилийн дараа гэхэд хүссэн ч эс хүссэн ч суурьшлын бүс бий болно. Тэгэхээр тэр суурьшлын бүсийг өнөөгийн хотын хойт талын гэр хороолол шиг агаар, хөрсний бохирдол ихтэй, орчны тохижилт муутай, замбараагүй суурьшлын бүс болгочихож болохгүй. Тиймээс бид эхнээс нь төлөвлөх ёстой. Төлөвлөхдөө тусгай бүсийн статустай буюу магадгүй миний яриад байгаа эдийн засгий чөлөөт бүс гэсэн статустайгаар энэ бүсийн төлөвлөлтийг хийх юм Монгол Улсын эдийн засагт маш том эерэг дам нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Бид энэ  талаар судалгаа хийж үзсэн. Салбарын, мэргэжлийн хүмүүс, их дээд сургуулийн судлаачид, эрдэмтэн докторуудтай уулзаж ярилцаж, санал солилцсон. Бидний судалгаагаар чөлөөт бүс байгуулбал 50-60 мянга цаашилбал 80-90 мянга, бүр 100 мянган ажлын байр бий болно гэж  харж байгаа. Чөлөөт бүсүүдийн жишиг дэлхийд ямар байдаг юм гээд харахад Засгийн газар нь чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдтэй цалингийн доод хэмжээг л тохирдог гол үндсэн зарчимтай юм билээ. Тэгэхээр Улаанбаатарт чөлөөт бус байгуулахад тэнд цалингийн доод хэмжээ хэд байх вэ гэдэг асуулт гарна. Та бид хоёр ажлын байр хамгийн чухал, цалин орлого чухал, тэр нь тогтмол байх ёстой, тэгээд болж өгвөл амьжиргааны наад захын хэрэгцээг хангах хэмжээний орлого байх ёстой гээд зарчмууд дээр ярьчихлаа шүү дээ. Амьдрал дээр дүүргүүдийн хөдөлмөрийн биржүүдэд сул ажлын байр зөндөө байдаг. Тэгсэн атлаа гудамжаар ажилгүй залуучууд хэдэн мянгаараа холхиод байдаг. Ажлын байрны эрэлт, нийлүүлэлт нь нэг цэгт уулздаггүй гэсэн үг. Яагаад гэсэн асуулт гарна.

ХНХЯ-наас ч юм уу гадаадад ажиллах хүч гаргана гэхээр нөгөө олон ажилгүй залуус бүгд очоод өнжин хонон дугаарладаг. Тэгээд тэнцвэл ар гэр, эхнэр  хүүхдээ орхиод харийн улс оронд ямар ч хамаагүй ажил хийхээр явцгаадаг. Жишээ нь, Солонгост очоод ямар ч мэргэжил, ур чадвар шаардахгүй, юу ч хамаагүй хийхэд нэг саяас сая таван зуун мянган вон авдаг. Тэр нь 2.2 сая гаруй төгрөг гэсэн үг. Тэгэхээр монгол залуу гэр бүлийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад хамгийн анхан шатны мөнгөн орлого нь хэд вэ гэхээр дунджаар хоёр сая төгрөг байвал болмоор байгаа юм. Тэр хэмжээний цалин орлого нь Солонгост байгаа учир залуус тийшээ зүтгэдэг. Тэр нь тэдний буруу биш. Харин Солонгост юу ч хамаагүй хийхэд авдаг хоёр сая төгрөгийн цалинтай ажлын байрыг Монголдоо, Улаанбаатар хотод яаж бий болгох вэ гэдэг л бодох ёстой асуудал. Нэгэнт Засгийн газар үүнийг хийж чадахгүй юм байна, хотын захиргаа бүр чадахгүй юм байна. Тэгвэл яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Бидний судалгаанаас гарсан дүгнэлт бол Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс, татваргүй бүс байгуулах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Мэдээж эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай бүсийн хууль, дүрэм, журамтай байна. Тэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 90 хувь нь экспортын чиглэлийн байна гэдэг ч юм уу. Тэнд хөрөнгө оруулагчдын байгуулсан үйлдвэрүүдэд манай залуучууд ажиллах нь байна шүү дээ. Цалингийн доод хэмжээг Засгийн газар тохирохдоо одоо байгаа амьжиргааны наад захын хэрэгцээг нь хангах хоёр сая төгрөгөөр тогтох ёстой. Хоёр саяас дээш хэд ч байж болно. Тэрийг ажил олгогч, ажилтан хоёр шийднэ. Хамгийн гол нь доод хэмжээ нь хоёр сая төгрөг гэдгийг л хатуу тогтоно. Ингээд залуус Монголдоо, Улаанбаатар хотдоо эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдраад, сар болгон хоёр сая төгрөгийн цалин авах боломжтой болно. Ийм ажлын байр олноор бий болох юм бол манай залуучууд юу гэж эхнэр, хүүхдээ орхиод Солонгос явах юм. Энд л гэр бүлтэйгээ, аз жаргалтай, тогтмол орлоготой, ажлын байртай, сэтгэл амар ажиллаж, амьдарна шүү дээ. Ингээд цаана нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй маш олон эерэг үр дагаврууд гарна.

Бидний тооцоолсноор багадаа 50 мянган ажлын байр цаашилбал 100 мянган ажлын байр бий болно. 100 мянган ажлын байр гээд өөдрөгөөр сэтгэхэд 100 мянган залууг халаасандаа сар бүр хоёр сая төгрөгийн орлоготой болгоод хотын  гудамжаар алхуулья. Юу болно гэж бодож байна. Орон сууцны зах зээл дээр ямар их худалдан авалт хийгдэнэ гээч. Худалдаа, үйлчилгээний бүх салбарт худалдан авалт хийнэ. Тэр 100 мянган залуу цалингаа аваад гэртээ аваачаад гудсан доороо хийгээд хэвтэнэ гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Гараад л худалдан авалт хийнэ. Эрүүл мэнд, боловсрол гээд бүх салбараас худалдан авалт хийнэ. Тэгэнгүүт тэр салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний ашиг орлого нэмэгдэнэ. Ашиг орлого нь нэмэгдэхээр хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, үйлдвэрийн эзэд үйлдвэрлэлээ тэлнэ, бизнесээ өргөжүүлнэ. Тэгэхээр дахиад ажлын байр бий болно. Ингэхээр хотын эдийн засаг аяндаа тэлээд ирнэ. Энэ нь хотын амьдралыг шинэ шатанд гаргана.   

Тиймээс л бид хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтраад өөрсдийнхөө тулгамдсан асуудлуудыг бизнес болгох замаар шийдүүлээд явах ийм боломжийг, захиргааны болоод санхүүгийн тодорхой эрх мэдлийг хуулийн хүрээнд орон нутагт, хотод олгох ёстой  гэж үзэж байгаа юм.

-Нийслэлийн тэргүүлэх салбар нь аялал жуулчлал, өндөр технологи байна-

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, зарчмын хүрээнд нийслэлийн эрх зүйн орчныг бүрдүүлдэг гол хуулиуд шинэчлэгдэн батлагдана.  Чөлөөт бүс, дагуул, хаяа хотууд, орон нутгийн хот гэх мэт зарчмын шинэчлэлүүд хийгдэх нь. Үүнийг дагаад хотын ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдөх үү?

-Ерөнхий төлөвлөгөө зарчмын хувьд нэг их өөрчлөгдөхгүй. 2040 он хүртэлх концепцийг нь баталсан, төлөвлөгөөгөө одоо боловсруулж байгаа. Ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа ажлын хэсгийнхэнд би та нар  наад төлөвлөгөөгөө боловсруулахдаа өнөөдрийн 16-18 настнуудын хүсэл мөрөөдлийг шингээх ёстой гэж хэлдэг юм. Яагаад гэвэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд аяндаа батлагдана. Бид Улаанбаатар хотын дагуул хотуудыг яаж хөгжүүлэх юм. Тусгай бүсүүдээ худалдааны, эдийн засгийн чөлөөт бүс гэх мэтээр яаж хөгжүүлэх юм. Үйлдвэрлэл, технологийн паркуудаа яаж хөгжүүлэх ёстой юм гээд олон асуудал байгаа. Энэ бүхэнтэй уялдуулаад харахад уг нь Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлогын баримт бичгүүд боть боть номууд бий. Тэр олон бот номд маш олон зорилт бий. Тэгнэ, ингэнэ гээд жагсаагаад биччихсэн. Гэхдээ энэ зорилтын ард мөнгө тавихгүй бол хоосон цаас л гэсэн үг. Тэгвэл амьдралд хэрэг болохгүй цаасаар яах юм. УИХ, Засгийн газар баталсан, хот ч өөрөө баталсан гэх мэт ямар олон баримт бичигтэй гээч. Энэ бүхнээ амьдралд буулгаад, Улаанбаатар хотын амьдрах аргыг шинэчлэх ёстой. Бид 1992 оны шинэ Үндсэн  хуулиас хойш нэг л маягийн амьдрах арга ухаанаар 28 жил явж ирсэн байна. Тэр нь төсвөөс хэт их хараат, төсвийн хөрөнгөөр л асуудлаа шийднэ гэсэн ийм бодолтойгоо өнөөг  хүрчээ. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд эдийн засгийн болоод нийгмийн маш олон шинэ харилцаа бий болсон учраас энэ амьдрах арга ухаанаар цаашдаа явж болхогүй нь ээ. Тийм учраас амьдрах арга ухаанаа өөрчилцгөөе гэдгийг л ярьж байгаа.

-Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн  гол тулгуур нь хувийн хэвшлийнхэн байх нь  гэж  ойлголоо. Тэгвэл эдийн засгийн тэргүүлэх чиглэл, тэргүүлэх салбар нь юу байх вэ?

-Дээр дурдсан тэр олон бодлогын баримт бичиг дотор Улаанбаатар хотын тэргүүлэх салбар нь аялал жуулчлал байна гэж байгаа. Бид аялал жуулчлалын салбараас олон мянган ажлын байр бий болгоно. Ойрын хугацаанд аялал жуулчлал эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь байна гээд тунхагладаг. Гэхдээ яаж энэ салбарыг Улаанбаатар хотын тэргүүлэх чиглэл болгох юм бэ гэдэг өөрөө том асуудал. Бид аялал жуулчлалын салбарыг дэмжинэ ээ л гээд байдаг. Дотоодын жуулчдаас гадна аялал жуулчлалын гол зах зээл бол гадаадын жуулчид. Гэтэл манай агаарын тээврийн боломж хумигдмал. Өнгөрсөн хугацаанд жилдээ тултал ажиллахад 1.1-1.2 сая зорчигч онгоцоор тээвэрлэдэг байсан. Монголд аялна гэдэг гадаадын жуулчдын хувьд ганц л хатуу трасстай. Өөрөөр хэлбэл төмөр замаар ирдэг жуулчин ховор. Авто тээврээр ирдэг жуулчин бүр ховор. Монголд ганцхан агаарын тээврээр л жуулчид ирдэг. Манай агаарын тээврээр зорчдог 1.2 сая зорчигчийн 700-гаад мянга нь дотоодын зорчигчид. Үлдсэн 400 мянга гаруй нь л жуулчид. Шинэ нисэх буудал ашиглалтад  орохоор гурван сая зорчигч жилдээ хүлээн авах боломжтой болно. Тиймээс бид агаарын тээврийг глобалчлах ёстой. Глобалчилна гэдэг нь олон улсын иргэний агаарын тээврийн компаниуд Монгол руу нислэг хийх боломжийг нээх хэрэгтэй. Тэгвэл Монгол руу нисэх сонирхол нэмэгдэнэ, тийзийн үнэ хямдарна. Иргэдэд ч, жуулчдад ч таатай. Улаанбаатарын эдийн засгийн тэргүүлэх чиглэл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч таатай нөлөө үзүүлэх учиртай. Түүнээс биш ганц МИАТ хангалттай тооны онгоцтой болоод энэ хэмжээний зорчигч тээвэрлэхийг хүлээвэл бас л их цаг хугацаа алдана.

Аялал жуулчлалын салбараа яаж хөгжүүлэх юм, бодлогоор эрх зүйн  хүрээнд яаж дэмжих юм, ямар санхүүгийн тодорхой схемээр дэмжих ёстой юм. Төрийн чиг үүрэг юу байх юм. Хувийн хэвшлийнхэн яаж ажиллаж оролцох ёстой юм. Хувийн хэвшлийнхний аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэгт хандах хандлагыг яаж өөрчлөх юм. Жишээ нь, нөгөө л эсгий углааш, модон хүүхэлдэйгээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн гээд яриад суугаад байх юм уу, яах юм. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж юу юу байх юм. Энэ бүхнийг бид тодорхойлох шаардлагатай. Дэлхийн стандартад нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг бид жуулчдад санал болгох ёстой. Тэгэхээр бид өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй байгаа биз. Аялал жуучлалын салбарыг яаж хөгжлүүлэх вэ, яаж бодлого, санхүүгийн схемээр дэмжих вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Хоёрт, миний хэлдэг бас нэг санаа нь Улаанбаатар хотын ойрын болоод дунд хугацааны стратеги нь аялал жуулчлалын салбар тэргүүлэх нь гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ бол дэлхийд  тэргүүлж байгаа салбар. Гэхдээ цаашдаа Улаанбаатарт зөвхөн аялал жуулчлалын салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл биш өндөр технолоийн салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хэмжээнд хөгжих ёстой. Хос морьтой гэдэг шиг эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь хос байж хөгжлийнхөө чиг хандлагыг барьж явах юм байна гэж л харж байгаа.

-Улаанбаатар хотын аялал жуулчлал ямар онцлогтой байх вэ. Хэнтий чиглэлийн Чингис хааны  түүхэн аялал жуулчлал, Хөвсгөлийн байгалийн аялал жуулчлал зэргээс юугаараа ялгарах бол?

-Хот аялал жуулчлалын салбараа тэргүүлэх чиглэл гээд тодорхойлчихсон. Аялал жуулчлалын салбарт ямар бодлого хэрэгжүүлэх юм  гэдэг одоо маш чухал. Шинэ нисэх буудлын эдийн засгийн үр өгөөжөөс Улаанбаатар хот юу хүртэх юм. Мэдээж энэ том хөрөнгө оруулалтын ажлын үр өгөөжийг Засгийн газар бодож тооцож л байгаа байлгүй. Тэгвэл Улаанбаатар хот юу хүртэх вэ гэдгийг бид бодох ёстой. Энд нэмээд хэлэхэд Улаанбаатар ухаалаг хот болох ёстой. Аялал жуулчлалаас гадна өндөр технологийг хөгжүүлнэ гэсэн үг. Нийслэлийн жилийн төсвийн 75-76 хувь нь зөвхөн урсгал зардал буюу бүтээн байгуулалтын бус зардал. Урсгал зардлаас эдийн засгийн үр өгөөж хүртэнэ гэвэл хэн ч ойлгохгүй. Энэ талаар ярьдаг ч үгүй. Тэгвэл бид цаашдаа Улаанбаатар хотын бүтэн жилийн төсвийн 75-76 хувийг эзэлж байгаа урсгал зардлаас эдийн засгийн үр өгөөжийг яаж хүртэх юм. Нийгмийг үр өгөөж, эдийн засгийн үр өгөөж нь ямар байх юм гэдгийг ярих ёстой гэж би  хэлээд байгаа юм. Урсгал зардлаас эдийн засгийн үр өгөөж хүртэхийн тулд бид ухаалаг болох ёстой. Тэгж байж урсгал зардлыг багасгана. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ илүү ухаалаг, цахим системүүдийг ашиглах ёстой. Хувь хүнд ч, төрийн байгууллагад ч эдийн засгийн үр өгөөжтэй ийм үйлчилгээ, үйл ажиллагааг хэрхэн нэвтрүүлэх вэ гэвэл IT буюу өндөр технологийн салбараа дэмжихээс өөр аргагүй. Ингээд урсгал зардлаас хэмнэгдсэн тэр зардлыг хөрөнгө оруулалтад зориулна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхээр тэр мөнгийг буцаагаад л иргэдийн амьдрах орчныг тав тухтай болгох, иргэдийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулна гэсэн үг.

Эцэст нь дүгнээд хэлбэл эрх зүйн шинэчлэлийн бид суурь шинэчлэл гэж ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотын ажил амьдралыг шинэчлэх цаг гарцаагүй ирсэн. Цаашдаа бид амьдрах арга ухаанаа өөрчлөх замаар хотынхоо тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох юм, хотынхоо хөгжлийг нийслэлийн залуу иргэдийн хүсээд байгаа тэр шинэ түвшинд гаргахын тулд яах ёстой юм гэдгийг тодорхойлох хэрэгтэй.

Тэр хүрээнд нэг л зүйлийг дахин хэлэхэд хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотыг хөгжүүлэх тухай ойлголт байдаггүй юм байна. Тийм учраас үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрье. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхгүй бол зөвхөн төсвийн хөрөнгөөр хотыг, улс орныг хөгжүүлнэ, бүх тулгамдсан асуудлаа шийдвэрлэнэ гээд мунгинаад суугаад байвал цааш явахгүй. Тийм учраас  хуулийн шинэчлэл маш чухал, эрх зүйн шинэчлэл бол Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах бүх шинэчлэлүүдийн суурь шинэчлэл нь гэж хэлээд байгаа юм. Энэ бол бидний нэн тэргүүний, эрхэм зорилго. Цаашдаа нийслэлийн 1.5 сая иргэн бүгд нийлж байгаад хөгжлийн төлөө амбийцтай болмоор байна. 10 жилийн дараа хотоо ийм болгоно, 20 жилийн дараа манай хот ийм болсон байна гэдэг амбийц хэрэгтэй. Жишээ нь эхлээд санаачилга гаргаж, түүнийгээ яаж төсөл болгох вэ, яаж ажил хэрэг болгох вэ, эцэст нь хэрхэн үр шимийг нь хүртэх вэ гэдэг хөгжлийн төлөө амбийцтай болмоор байгаа юм.

Түүнчлэн амьжиргааны наад захын хэрэгцээг хангах тогтмол орлоготой ажлын байруудыг яаж бий болгох вэ гэдгийг хотын удирдлагууд бид бодож суух ёстой. 100 ажлын байр бий болгосон компанийн захиралд хотын дарга байна талархал илэрхийлж байх ёстой. Дахиад 100 ажлын байр нэмэхийн тулд би яаж туслах ёстой вэ гэж хэвийн хэвшлийнхнээсээ асуудаг байх ёстой л гэж боддог.   

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...