Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотноо мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбооны нэг болох “World Boxing Council”-ийн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аваргын цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөө (title eliminator) Барбадосын “Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалджээ. АНУ-ын цагаар есдүгээр сарын 19-нд болсон энэхүү тулаан бүтэн 12 үе үргэлжилж, шүүгчдийн олонхын саналаар буюу оноогоор 114:112, 111:115, 114:113 гэсэн харьцаагаар Монголын “King Tug” Нямбаярын Төгсцогт ялжээ. Тулааны нэг, хоёрдугаар раундад тэрбээр Барбадосын тамирчныг хоёр ч удаа нокдаунд оруулж тоолуулсан байна. Гэвч энэ үдшийг хүртэл мэргэжлийн рингэнд ялагдаж үзээгүй байсан (15-0,5 КО) Кобиа Брийди тулааныг дуустал тун идэвхтэй, давшиж, ажиллаж тогложээ. Н.Төгсцогтын хувьд тайван, хүлээцтэй байж, довтлохдоо угсраа цохилт, комбинац маш сайн хийж, цохилт нь илүү оновчтой, хүчтэй байв.
CompuBox’s“-ийн гаргасан албан ёсны бус статистикаар Н.Төгсцогт нийт 580 цохилтоос (punches) 190 нь оновчтой, харин Брийдигийн 742 цохилтын 166 нь л оновчтой болсон аж. Хүчтэй оновчтой цохилтын (power shot) тоогоор Н.Төгсцогт (139) Кобиа Брийдиг (115) илүүрхсэн байна. Тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр Н.Төгсцогт 111:115 оноогоор Брийдид санал өгсөн шүүгчийн шийдвэрт ихэд гайхсанаа илэрхийлээд “Тун хүнд, хэцүү тулаан байлаа. Брийдиг хүндэлж байна. Тун сайн тулалдсан. Би хийх ёстой ажлаа хийсэн. Энэ тулаанд ялсан. Одоо дараагийн алхмаа хийхэд бэлэн байна” хэмээн өгүүлжээ. Ийнхүү тун хариуцлагатай, маш чухал, мэргэжлийн боксын карьерт нь ихээхэн шийдвэрлэх нөлөөтэй тулаанд гавьяат тамирчин НямбаярынТөгсцогт ялалт байгуулж, Кобиа Брийдигийн 15 хүрээд байсан ялалтын цувралыг зогсоож, анхны ялагдлыг нь амсуулав. Монголын “Хаан” Барбадосын “Цэрэг”-ийг ийн ялснаар мэргэжлийн рингэн дэх амжилтаа 12 ялалтад (9 КО) хүргэлээ. Ийнхүү тэрбээр WBC-ийн “өдөн жин”-гийн дэлхийн аварга “Мистер” бага Гэри Рассельтай аварга цол, бүсний төлөө “даагаа нэхэх” эрхтэй боллоо. “King Tug” мэргэжлийн боксын рингэн дэх цорын ганц ялагдлаа өнгөрөгч хоёрдугаар сард Гэри Расселиас хүлээсэн билээ. Энэ удаагийн тулааны бас нэг онцлог нь Н.Төгсцогт тоглолтын хантаазныхаа зүрхэн тус газраа “Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд!” хэмээн худам монгол бичгээр бичсэн байсан нь олны анхааарлыг татжээ.