Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс есдүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцжээ. Энэхүү өдөрлөгийн үеэр тус аймагт газар, тариалан эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байна. Түүнээс гадна газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ургацын талбай болон агуулах хадгалалтын орчин нөхцөлтэй танилцжээ.
Тариаланчдын зүгээс Дархан, Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгож, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд сайтар анхаарах хэрэгтэйг хэлж байв. Ингэхгүй бол тариалангийн талбайд бэлчээрийн мал талхлах үзэгдэл гарч байгааг учирлаж байлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгохоор тусгасан. Иймд шаардлагатай бүх арга хэмжээг үе шаттай, шуурхай авч ажиллана. Харин тариаланчид маань хөрс хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг салбарын сайд онцолжээ. Өдөрлөгийн төгсгөлд газар тариалангийн салбарынхантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон байна.