Пунцаг овогт Доржнамжимын Ганболд
(1977-2020)
Бидний эрхэм дотнын анд Пунцаг овогт Доржнамжимын Ганболд 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр таалал төгсөж, Монголын сэтгүүл зүй болон боловсролын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Ганболд нь 1977 оны тавдугаар сарын 06-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд Пунцаг овогт Доржнамжимын отгон хүү болон мэндэлжээ. 1985-1995 онд Бүрд сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1995-1999 онд Утга зохиолын дээд сургуульд суралцан, утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн юм. Тэрбээр 1997-1998 онд “Азийн Монгол” сонины Улс төрийн албаны дарга, 1998-1999 онд “Реклам ньюс” сонины үүсгэн байгуулж, ерөнхий эрхлэгчээр, 1999-2000 онд “Хонгорзул” сонины ерөнхий менежер, 2000-2010 онд “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуульд сэтгүүл зүйн багш, 2010-2012 онд Кино урлагийн дээд сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд багш, 2012 оноос “Зохиомж” дээд сургуульд сэтгүүл зүйн багш, Төгсөлтийн дараах сургалтын албаны даргаар тус тус ажиллаж байв.
Энэ хугацаанд “Бичиглэл зүйн үндэс”, “Сэтгүүл зүйн онол, урлан бүтээхүйн үндэс”, “Сэтгүүл зүйн онол, практикийн нэр томъёоны зүйлчилсэн тайлбар толь-I дэвтэр”, “Сэтгүүл зүйн онол, практикийн нэр томъёоны зүйлчилсэн тайлбар толь-II дэвтэр”, “Даяаршлын үеийн эдийн засгийн сэтгүүл зүй” зэрэг сэтгүүл зүйн 10 гаруй ном, сурах бичиг туурвисан нь сэтгүүлч мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутан залуусын үнэ цэнтэй гарын авлага, хэрэглэгдэхүүн болсон юм. Тэрбээр олон арван судалгааны ном, товхимлын редактораар ажиллаж, сэтгүүл зүйн салбарын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл, шүүмж хэлэлцүүлэхийн зэрэгцээ шавь нарынхаа судалгааны ажлыг удирдаж, эрдэм судлалын замд нь хөтөлсөн ачлалт багш, сурган хүмүүжүүлэгч байв.
Түүний сэтгүүл зүйн болон боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Багшийн алдар” одон, “Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар тус тус шагнаж, сэтгүүл зүйн магистр, дэд профессорын зэрэг хүртээсэн юм. Тэрбээр энэ насны амьдрал, оюун санаа, боловсрол мэдлэгээ сэтгүүл зүйн салбарт чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад зориулсан эрдэмт сайн багш, элбэрэл төгс сурган хүмүүжүүлэгч, мэргэшсэн чадварлаг судлаач байлаа.
Анд минь буянтай буурал ээж, ахан дүүс, айл гэрийнхээ түшиг тулгуур, хүний сайн хань, үр хүүхдийнхээ үлгэр жишээ аав, найз нөхдийнхөө цэгц, ноён нуруу, олон арван шавь нарынхаа өмөг нөмөр нь байв. Оюутны ширээний ард тохой залган сууж, он жилүүдийн уртад жаргал, зовлонгоо хуваалцан нөхөрлөсөн ангийн андууд чинь чинийхээ үнэнч шударга, эгэл даруу, хөдөлмөрч, өгөөмөр уужим зан, сүүдэргүй цагаахан сэтгэл, хүүхэд залуугийн гэнэн цайлган, элэгсэг дотно дүр төрхийг үүрд дурсан санах болно. Сайн төрлийг саадгүй олоод эх сайхан Монголдоо эрдэмт хүмүүн болон эргэж төрөөрэй. Ум Ма Ни Бад Мэ Хум.
Утга зохиолын дээд сургуулийн хоёрдугаар төгсөлтийн ангийн андууд нь