Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор өчигдөр Соёлын өвийн үндэсний төвд ажиллаж, тус байгууллагын чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаатай танилцжээ. Соёлын өвийн үндэсний төв нь Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг улсын байгууллага юм.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат тус төвийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн талаар болон 2020 онд хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ мөн Соёл, урлагийн газраас төсвийн зардлыг хуваарилж санхүүжүүлсэн “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын явцыг танилцуулсан байна. Энэ үеэр эрх зүйн хүрээнд цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж, соёлын өвийн бүртгэл мэдээллийн цахим системийг сайжруулах, соёлын өвийн статистик дүн мэдээний нэгтгэлийн асуудал, аймаг, орон нутгийн соёлын өвийн мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах, соёлын өвд түшиглэсэн соён гэгээрлийн ажлыг үе шаттай өргөжүүлэх зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцжээ. Түүнчлэн Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” хорооллын урд байрлах Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын явцтай газар дээр нь танилцсан байна.
Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор Соёлын өвийн үндэсний төвд ажиллажээ
Date: