Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Монгол Ардын Намын хороо IV хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа амжин өчигдөр 23 цаг 10 минутад нийт нэр дэвшигчдээ тодруулжээ. Энэ удаа нэр дэвшүүлэхдээ нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг баримталсан юм байна.
Нэр дэвшигчид дунд эрх зүйч мэргэжилтэй 10, улс төр судлаач 12, багш дөрөв, инженер тав, эдийн засагч тав, эмч нэг, нисгэгч нэг, програмист хоёр, бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн таван хүн, хөгжлийн судлаач нэг хүн тус тус нэр дэвшиж байгаа аж. Хамгийн залуу нь 30 настай бол ахмад нь 56 настай аж. Шинээр нэр дэвшиж байгаа нь 33 нь буюу 73.3 хувь нь шинэ залуучууд гэдгийг тодотголоо. Мөн хуульд заасны дагуу нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх шаардлагад нийцүүлсэн гэдгээ нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэллээ.