Friday, November 22, 2024

Тайзнаа гэрэлтсэн од буюу гол дүрийн Цолмон

Date:

Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадам долоо хоногийн өмнө болов. Урлагийн ариун сүмийн алтан тайзнаа ид туурвиж бүтээж буй уран бүтээлчид монодрам, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн таван төрөлд шилдгүүдээ тодруулж, “Гэгээн Муза” цол гардсан. Мэдээж энэ таван төрлийн шилдгийн шилдгүүд хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татсан буй за. Түүнчлэн уг наадмыг зохион байгуулагчид драмын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдэд “Гэгээн Муза” хүндэт цом гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Гэгээн Муза”-гийн хүндэт цомыг хоёр уран бүтээлч хүртсэний нэг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, нэрт жүжигчин Цэнд-Очирын Цолмон.

Дэлгэцнээ “Нарны унага” киноны гол дүрийн нэг Жалцавын эхнэр Рэгзэд, “Хэцүү даалгавар”-ын гол дүр Ханд, “Мөнгөн буйл”-ын Гочоо зааны эхнэр Цэрмаа гээд цөөн боловч гялалзсан, шигтгээ мэт дүрүүдийг бүтээсэн энэ эрхэмсэг хатагтай 1980-аад оны тайзнаа жинхэнэ од болон цойлж байсан юм.

Тэрбээр 1971 онд УБДС-ийг төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ирж, 1998 онд татан буугдтал нь ажиллахдаа ардын жүжигчин А.Очирбат, гавьяат жүжигчин Ц.Готов нарын ахмад жүжигчдээс эхлээд гавьяат жүжигчин Л.Жанчивдорж, Г.Дашхүү нар болон тэдний дараа үеийн уран бүтээлчид гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Ж.Сүххуяг, О.Бат-Өлзий нартай мөн хамтран тоглож байв. Түүгээр зогсохгүй тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, гавьяат жүжигчин Л.Лхаасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа гээд гурван үеийн найруулагчидтай хамтран ажилласан юм. Бүхэл бүтэн гурван үеийн жүжигчид, найруулагчидтай хамтран тоглоно гэдэг эмэгтэй жүжигчний хувьд маш ховор, их авьяас, хөдөлмөр юм. Түүн шиг театрын гол дүрийг 20 жил нуруундаа үүрсэн жүжигчин ч байхгүй.

-Голд дүрд Улсын Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Цэнд-Очирын Цолмон… Тэрбээр уран бүтээлийн ид оргил үедээ олон жил ийн дуудуулж явжээ.

Түүний хань, олноо Арслангийн дүрээр хайрлагдан, хүндлэгдсэн нэрт найруулагч Г.Доржсамбуу агсан Хүүхэд, залуучуудын театрт хэд хэдэн жүжиг найруулан тавьж байжээ. Г.Доржсамбуу найруулагч өөрийн найруулж буй жүжгийнхээ гол дүрд гэргийгээ сонгохгүй үлдээдэг байв. Гэтэл тухайн жүжиг уран сайхны зөвлөлөөр ороход “Энэ жүжгийн гол дүрд Цолмон л тоглоно, өөр хүн чадахгүй” гээд л солиулдаг байсан гэдэг. Тэрбээр ханийнхаа дипломынх нь ажил болох Ч.Чимидийн зохиол “Хүний санаа” жүжигт тогложээ. Мөн “Болд хэрхэн хатаагдсан нь”, “Ялалтын жигүүр” зэрэг нийт дөрвөн жүжигт нь тоглосон байна.

Түүнийг театрынхан нь гол дүрийн Цолмон гэхээс гадна “Түргэний” Цолмон гэдэг байв. Учир нь хэн нэг жүжигчинд гэнэтийн шалтгаан гарч жүжигтээ тоглож чадахгүй болоход Ц.Цолмон л оронд нь гарна. Огт бэлтгэлгүй шахам гараад тухайн дүрийг үндсэн жүжигчнээс нь илүү амилуулж байсан тохиолдол олон гэдэг.

С.Михалковын “Хулчаахай” гэдэг хүүхдийн жүжигт гол дүр бүтээж байсан жүжигчин А.Цэгмид эмнэлэгт хэвтсэн тул яг тэр үед “Нарны унага” кинонд тоглож байсан Ц.Цолмонг кино зурган дээрээс шөнө яаралтай дуудаж авчран маргааш өглөө нь 10 цагаас уг жүжигт тоглуулжээ. Театрынхны хэлдгээр “чихэгдээд” л тайзнаа гарч. Тоглолт дуусаад гараад ирэхэд нь найруулагч Л.Лхаасүрэн түүнийг өргөөд

“Цолмоон, гол рольд тоглодог эмэгтэй жүжигчин арван жил нэг үеийг авч явдаг гэж ярьдаг. Чи бол бүтэн хоёр үеийг авч явлаа. Одоо гурав дахь үе рүүгээ орлоо.  Чи энэ “Хулчаахай”-д ёстой сайхан тоглолоо. Чамд ёстой их баярлалаа. Би чамайг хөлөөр чинь гишгүүлэхгүй ширээнд чинь хүргэнэ ээ” гээд хоёр давхарт байдаг өрөөнийх нь ширээн дээр нь тэвэрч авчран суулгаж байсан гэдэг. Энэ бол Л.Лхаасүрэн найруулагчийн сэтгэл хөдлөлийн үг төдий биш, Ц.Цолмон гэдэг жүжигчний ур чадвар, авьяасыг үнэлсэн хэрэг байв.

“Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу Л.Лхаасүрэн найруулагч “Манай Цолмон нэг удаа тайзан дээр ухаан алдаж унаад, үзэгчид огт анзаараагүй. Аз болоход хэсэг гарахгүй завсарладаг үе таарсан. Цолмонгоо яаж ийж тайзан дээрээс авч, халуун тариа хийж, халуун цай амсуулаад л буцаагаад гаргаж байсан. Манай хүн юу ч болоогүй юм шиг тоглолтоо үргэлжлүүлээд дуусгасан” хэмээн дурссан байдаг. Тухайн үед ингэж л ачаалалтай ажиллаж байж. Шинэ жүжгийн бэлтгэлийн үед гурав дөрөв хоног  гэртээ харилгүй ажиллах үе ч цөөнгүй. Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаярын зохиол “Гэгээ” жүжгийг Л.Лхаасүрэн найруулагч найруулан тавихад Ц.Цолмон сохор Хажид гэж эмэгтэйн дүрийг бүтээжээ. “Би сохор Хажидын дүрдээ хайртай. Тэр дүрээрээ нэлээд алдаршсан” хэмээн тэрбээр өгүүлсэн. Л.Лхаасүрэн найруулагч ч энэ дүрийн тухай “Энэ бүтээлд театрчилсан тоглолтоос зайлсхийж, энгийн үнэн тоглолт гаргахыг зорьсон юм. Үүнийг жүжигчин Ц.Цолмон, Ц.Төмөрбаатар нар сайн биелүүлсэн. Ер нь намайг хамгийн сайн ойлгож, харц, үйлдлийг минь уншиж чаддаг уран бүтээлчид бол тэд юм” хэмээсэн нь бий.

Ямар ч дүрийг ийнхүү найруулагчийн санааны хязгаар, сэтгэлгээний аагт тултал нь бүтээж чаддаг тэр л чадвараараа Ц.Цолмон жүжигчин 1970, 1980-аад оны театрын тайзан дээр алмааз эрдэнэ мэт гялалзаж байв. Тухайн үед Кино үйлдвэрээс Ц.Цолмон жүжигчинд байсхийгээд л кинонд тоглооч гэж урилга ирүүлдэг байсан гэдэг. Гол дүрийн жүжигчин нь явчихвал театрын төлөвлөгөөт тоглолтууд тасалдах тул удирдлагууд нь татгалзсан хариу өгдөг байж.

Хэрвээ тэгээгүй сэн бол Ц.Цолмон жүжигчин олон арван кинонд гол дүр бүтээх байсан болов уу. Түүнтэй УБДС-ийн кино драмын ангийг хамт төгссөн нэг ангийнхан нь Сүхбаатарын Янжмаад тоглосон жүжигчин Б.Нямаа, “Анхны алхам”-ын Мядагийн дүрээр алдаршсан жүжигчин Б.Цэцэгбалжид, “Ичээнд нь” киноны Заяа, “Хуучин сүмийн нууц”-ын Дэнсмаа, “Ээжийн дайсан” киноны ээжийн дүрээр олны танил болсон гавьяат жүжигчин Д.Тунгалаг, “Тунгалаг Тамир”-ын Дулмаа буюу гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал гээд тайз, дэлгэцийн нэгэн үеийг эзэгнэсэн бүсгүйчүүд.   

УБДС-ийн Кино драмын анги төгссөн залуухан жүжигчин анхны уран бүтээл  С.Маршакийн “Арван хоёр сар” жүжигт тоглоод л ирээдүйн авьяаслаг жүжигчин гэдгээ харуулж, байгалиас заяасан авьяасаа тайзнаа гэрэлтүүлж эхэлжээ. 1973 онд Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа тавигдсан М.Байджиевийн “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн Нази бүсгүйн дүр түүнийг жүжигчний хувьд задалж өгсөн гэдэг. Буцах шувуудын хойноос “Намайг аваад яваач” хэмээн хашгирч буй, хуурамч амьдралаасаа зугтах хүсэл эрмэлзэл дүүрэн залуу бүсгүйн дүрийг Ц.Цолмон дотроосоо шатаж, тэсэрч бүтээсэн гэдэг.  Түүний тухай “Тайзан дээрээс нүд нь гялалзаад л, дүрээ жинхэнэ амьдруулдаг жүжигчин. Их огцом, хурц сэтгэлийн хөдөлгөөнөөр эрс тэс хувирлыг хүчтэй харуулдаг. Дүрдээ бүрэн орж, гүн автаж бүтээдэг” гэх мэтээр мэргэжил нэгт нөхөд нь тодорхойлсон байдаг.

Тэрбээр ямар ч хэцүү цаг тохиолдсон жүжигчин мэргэжлийн эзэмшсэндээ харамсч байсангүй. Есдүгээр ангийн жаахан охин байхдаа Л.Жамсранжав, Д.Цээнямбуу нарын тоглосон “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг үзчихээд нойргүй хоносон тэр цагаас хойш “Яаж тэдэн шиг жүжигчин болох вэ” гэдэг бодол салахаа больсон гэдэг.

Аравдугаар ангиа төгсөөд жүжигчин болох гэтэл аав нь зөвшөөрсөнгүй. Гэвч зөрсөөр байж УБДС-ийн кино драмын ангид элсчээ. Түүний аав Лувсандэндэвийн Цэнд-Очир бол их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, М.Ядамсүрэн, Ши.Аюуш нартай нэгэн цаг үед туурвин бүтээж Ардын эрхэм уран зохиолч цол хүртэж явсан, тухайн үеийн Соёлын яамыг Урлагийн хороо нэртэй байхаас нь эхлэн ажиллаж, соёл урлагийн хэлтсийн дарга хүртэлх албан тушаалд 48 жил ажилласан алтан үеийн алдартнуудын нэг байв. Тэрбээр “Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ Цоохор даага жирийхээрээ жирийнэ…” гэсэн үгтэй, үе үеийн хүүхэд багачуудын амны уншлага болсон алдарт шүлгээ охин Цолмондоо зориулан зохиож байсан түүхтэй аж. Л.Цэнд-Очир гуай охиноо анагаахын сургуульд оруулж эмч болгох гэсэн боловч урлагийн сайханд нэгэнт дурласан хүний зүрх, сэтгэлийг хорьж чадаагүй аж. Энэ бол Ц.Цолмон жүжигчний амьдралын анхны алхам, гэгээн гэгэлгэн мөрөөдлийнх нь эхлэл байв.

Ийнхүү хүсч тэмүүлэн байж сонгосон мэргэжил нь түүнд амьдралын ханийг нь заяажээ. Олноо Арслангийн дүрээрээ хайрлагдан мөнхөрсөн Г.Доржсамбуу найруулагч тэр хоёр театрт анх бие биеэ олж ханилсан хосууд.  Улсын драмын эрдмийн театр жүжигнээр ажиллаж байгаад цэргийн албанд мордож, дөнгөж халагдаж ирээд театртаа ороод байсан Г.Доржсамбуу  найруулагч Барилгачдын соёлын ордонд дадлага хийн, дипломын ажлаа хамгаалах гэж байсан кино драмын ангийн оюутан Ц.Цолмон нар хожмын гавьяат жүжигчин С.Сэлэнгийн өрөөнд бие биеэ олж харж, улмаар утсаар ярьсаар дотносон танилцаж, гал голомтоо бадраасан 1971 оны дөрөвдүгээр сарын 1 буюу олон улсын инээдмийн баярын өдөр байсан гэдэг.  

Г.Доржсамбуу  найруулагч гэргийгээ ил, далд ер магтаж байсангүй. “Чи өөрөөрөө л гар. Чамд Рита гэдэг дүр байлаа гэхэд Рита дотор байгаа Цолмонгоо л олчих. Тэгээд л гар” гэж хэлдэг байж. Харин нэг удаа л өөрийн дааж төгсгөсөн жүжигчний ангийн шавь нартаа “Миний эхнэртээ гол нь биш. Цолмон бол маш сайн жүжигчин” гэж хэлж байсан гэдэг. Тэнгэрт халихынхаа өмнөх орой Г.Доржсамбуу найруулагч гэргийдээ “Чи бол хүний их сайн хань. Чамаас өөр хүн байсан бол миний ааш занг даахгүй аль хэдийнэ салчихсан байгаа. Чи бол сайн жүжигчин. Чи миний зайлшгүй байх нэг эрхтэн. Хань гэдгээсээ илүү миний зүрх ч юм уу, уушги ч юм уу, тийм эрхтэн. Хүмүүс чамайг дандаа муухай ааштай авгай нарт тоглуулдаг. Яг үнэндээ чи тийм хүн биш шүү дээ. Одоо би чиний тухай кино хийнэ. Арслан гэж намайг хүмүүс нэрлэдэг шиг чи яг Цолмонгоороо биш энэ киногоороо нэрлэгдэж явах болно” гэж хэлж байжээ. Монголын театрын урлагийн нэгэн үеийн түүчээ болж явсан нэрт найруулагчийн гэргийдээ хэлсэн сүүлчийн үг нь энэ байв.

Найруулагч гэргийнхээ тоглосон жүжгийг дандаа зрителээс үздэг байж. Том биетэй хүн болохоор зрительд сууж байгаа их тод харагдана. Бурхан болсных нь дараа Ц.Цолмон жүжигчин шинэ жүжигт тоглоод зритель рүү харахад хамаг юм эзгүйрээд л маш хүнд байж. Жүжгээ дуусгаад л асгартал уйлж байжээ.

Жүжигчин хүний энэ мэт жаргал, зовлон, баяр, гуниг хийгээд театр хэмээх хагас цэрэгжсэн байгууллагын хэцүү боловч бахархалтай сайхан амьдралыг тэрээр туулжээ. Энэ тухайгаа “Эх хүн байх, жүжигчин байх гэдэг асар их тэвчээр, асар их золиослолын солбилцол юм уу даа” хэмээн өгүүлсэн. 1975 онд Ф.Шиллерийн “Дээрэмчид” гэдэг жүжгийн гол дүрд сонгогдож, бэлтгэлдээ орсон хойноо хөл хүнд болсноо мэдэж. Залуу байсан болоод ч тэр үү, энэ тухайгаа найруулагчдаа хэлэлгүй тас нуужээ. Ингээд жүжгээ тайзнаа тавигддагийн даваан дээр амаржсан байна. Хүн болох үгүй нь тодорхойгүй дөнгөж төрсөн улаан нялзрай хүүгээ орхиод л шинэ жүжигтээ тоглохоор театртаа ирж байж. Ингээд “Дээрэмчид” жүжгийн гол дүрд тоглож, ёстой л үзүүлээд өгсөн гэдэг. 

Том хүү Д.Амар нь шарлачихаад сэхээнд байхад эмнэлгийн гадаа автобус зогсоогоод л түүнийг уйлуулж байгаад театр руу аваад явж байж. Жүжигчин хүн урлагийн төлөө хувийн амьдралаа золиослодгийн нэг жишээ энэ. Урлагийн харгис бөгөөд сайхан нь энд бий.

Мөн нэг удаа бага хүү Д.Цогт нь хатгаа нь хүндэрч аав, ээжийгээ сандаргажээ. Хүүгийн хатгаа маш хүнд, эмч нар “Бараг л найдваргүй шүү” гэж шуудхан хэлж байж. Гэтэл ээж нь театрт тавигдах шинэ жүжигт дүр авчихсан байдаг. Тасалбар зарагдчихсан, зритель дүүрэн үзэгчид хүлээж байгаа шүү дээ гэж бодохоор очихгүй байх аргагүй. Ингээд л амьсгаатай үгүй нь мэдэгдэхгүй шахам байгаа хүүгээ эмнэлэгт орхиод Хүүхэд залуучуудын театр руугаа гүйжээ. Сэтгэл уймраад хэцүү байсан ч тайзан дээр тачигнатал инээж байгаад л жүжгээ дуусгасан байна. Хөшиг хаагдмагц уйлаад л тайзнаас бууж. Театрынх нь жүжигчид нэг эгнээ болоод зогсчихсон, нэг нь цамцыг нь өмсүүлж, нөгөө нь оймс, гутлыг нь өмсгөөд л, нэг л өөр байх юм гэнэ. Яаран сандран эмнэлэгт иртэл хүү нь өрөөндөө байсангүй…

Палхийгээд л явчихаж. Нүдний нулимс аяндаа урсаад л байж. Сэхээ ороод нөхрөө сураглатал “Тэнд байна” гэжээ. Г.Доржсамбуу найруулагч эмнэлгийн зэврүүн жихүүн ариун цэврийн өрөөнд крантны хүйтэн усанд хүүхдийнхээ даавууг угаагаад зогсч байх юм гэнэ. Хүү нь сэхээнд орчихсон байж. Эмч нарыг гуйж байж хүүгийнхээ царайг хараад санаа амарсан гэдэг. Эмнэлгийн сэхээний тасгаас театрын тайзнаа гарч тоглосон тэр жүжиг Б.Васильевийн “Үүрэг хүлээсэн цаг” байв. Жүжигчин Ц.Цолмонгийн хувьд урлагийн сүмд “үүрэг хүлээсэн цаг” өнөө ч үргэлжилсээр…   

Ардын жүжигчин А.Очирбат: Сэтгэхүй, гүн ухааны жүжигчин

-Цолмон бол хамтран тоглоход өөрийн эрхгүй хөтлөөд явдаг нарийн харьцаатай, өргөн хүрээнд хувирч чаддаг сэтгэхүй, гүн ухааны жүжигчин. А.Дударевийн “Босго” жүжигт архичин болсон хүүгийнхээ хойноос энэлэн зовж яваа эмгэний дүрд хувилах боллоо. Би хувьдаа “Цолмон тэр чавганцын дүрд яагаад ч наалдахгүй дээ” гэж бодож байсан юм. Гэтэл яг эмгэн мөнөөсөө мөн шүү. Хөгшин болох гэж тоглож,  илүү дутуу маягласан  ч үгүй. Жүжигчин хүн дүрийнхээ бүхэл ертөнцийг өөрийн оюун ухаан, зүрх сэтгэл, мах цусандаа бүрэн шингээж чадвал тэр дүр жүжигчнээс өөрөө ургадгийг тод харуулсан юм.

УГЗ, найруулагч Н.Ганхуяг: Хүүхдийн театрыг Цолмонгүйгээр төсөөлөх аргагүй үе байлаа

-Авьяаслаг байж болно, туйлын хөдөлмөрч байж болно. Обаяние гэдэг бол төрөлхийн гарваль чанар бөгөөд жүжигчний оршин үндэс юм. Доржсамбуу найруулагчийн хань Цолмон чухам тийм обаяниетай жүжигчин билээ. Тайзнаас үзэгчдийн сэтгэлийг татаж байдаг үгээр зүйрлэх аргагүй онцгой чанар юм даа. Сонгодог дүр, орчин үеийн болон инээдмийн дүр, амьтдын дүрд тоглодог олон талтай жүжигчин бөгөөд тэр дүрийн цаанаас Цолмон хэмээх сэтгэлийн гэрэл нүүрэнд нь тодорсон, биеийн үйлчлэлээр нь илэрсэн үүрийн цолмон тайзыг гэрэлтүүлдэг байлаа. 1980-аад он бол Цолмонгийн оргил үе юм. Хүүхдийн театрын жүжиг болгоныг Цолмонгүйгээр төсөөлөх аргагүй тийм үе байлаа.

УГЖ, ЖҮЖИГЧИН Ж.СҮХХУЯГ: ГАВЬЯАТ АВАХ ЁСТОЙ ХҮН

-Цолмон эгч бол мундаг жүжигчин шүү дээ Манай хүүхдийн театраас гавьяат авах ёстой хүн бол Цолмон эгч л байгаа юм даа. Даанч театр тараад л, тараасан хүмүүс нь зөвдөөд, бусад нь буруудаад явчихсан юм. Цолмон эгч ч их гоё хүнлэг хүн.

УГЖ, жүжигчин Б.Туяа: Түшиг тулгууртай алтан партнёр минь

-Доржсамбуу найруулагчийн гэргий Цолмон эгчтэй хамтран зүтгэж явсан. Жинхэнэ хамтран тоглогчийнх нь нэг байлаа. Энэ сайхан жүжигчнийг би их хүндэтгэдэг. Тайзан дээр дөнгөж гарч үзсэн жаахан хүүхэд байхаас эхлээд тэр театрыг хаалгаа барьтал Цолмон эгчтэйгээ, Жанчивдорж ахтайгаа театрынхаа хамаг гол дүрд тоглож явсан. Энэ үед Цолмон эгч үргэлж дэргэд минь байж надад жинхэнэ алтан партнёр болдог байсан.             

СТА, жүжигчин Ц.Эрдэнэбат: Аминд ордог “Түргэний” Цолмон

-Жүжигт хоёр эмэгтэй жүжигчнийг зоочихдог. Нэг нь Цолмон эгч. Тэгээд нөгөө жүжигчинд нь асуудал гарвал шууд л Цолмон эгч гарна. Бид бүр “Түргэний” Цолмон гэдэг, авралын жүжигчин байлаа. Тайзны өндөр соёлтой. Хувцас хунар, жижиг хэрэглэлдээ хүртэл ач холбогдол өгнө. Будаг шунхаа их гоё тавина. Гоё, ганган, цэмцгэр. Урлагт ухаан, авьяас, зүрх сэтгэлээ бүгдийг нь зориулсан мундаг жүжигчин. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай “Би олон сайхан эмэгтэй жүжигчидтэй хамтран тоглож явлаа. Харин ганцхан энэ гайхалтай жүжигчин, Доржсамбуу найруулагчийн гэргий Цолмонтой л хамт тоглож амжсангүй дээ”  гэж хэлж байсан гэдэг.   

Жүжигчин Б.Ганхүү

-Би 1975 онд УБДС-н драмын ангийг төгсөөд УХЗТ-т жүжигчнээр ирсэн. Намайг ирэхэд манай театр Гэгээрлийн ордонд Хүүхдийн театр нэртэй байсан. Манай театрт тэр үед мундаг жүжигчид  З.Галсандандсан, Л.Цэндсүрэн, Б.Энхтуяа, А.Очирбат, Д.Сэдэд, Ц.Төмөрбаатар, Ц.Цолмон, Ч.Хүрлээ, Ч.Авирмэд гээд бүгд байсан. “Үүрэг хүлээсэн цагт” жүжигт Цолмонгийнхоо дублёроор ажиллаж байсан. Хүүхдүүд тэсэн ядан хүлээдэг маш алдартай жүжиг байлаа. Манай Ц.Цолмон өгөлт маш сайтай, хамт тоглоход түшигтэй жүжигчин дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...