Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан тэргүүтэй нийслэлийн холбогдох албаныхантай уулзлаа.
Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв галлах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийг зөв хэрэглэх гэх мэт заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд түгээх ажлын талаарх мэдээллийг сонслоо. Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр хэлэхдээ “Угаар мэдрэгчийг зөв ажиллуулах, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд нэгдсэн зөв ойлголтыг өгөх шаардлагатай байна. Засгийн газар, нийслэлийн холбогдох байгууллагууд Ажлын хэсэг байгуулж, нэгдсэн мэдээллийг олон нийтэд өгч байх нь чухал байгаа юм” гэдгийг онцлон хэлж байлаа. “Иргэдэд нэгдсэн зөв мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахтай санал нэг байна. Үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд иргэдэд нэгдсэн мэдээллийг өгч ажиллана гэдгийг нийслэлийн зүгээс дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх 170 мянган ширхэг зөвлөмжийг хэвлүүлж, 6 дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд тараасан. Мөн 10 мянган ширхэг сэрэмжлүүлэх зурваст хуудсыг гэр хорооллын худаг, дэлгүүр, түлшний цэг гэх мэт иргэд, олон нийт ихээр цуглардаг цэгүүдэд байршуулан ажилласан. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, эрсдэлүүдийг бууруулах нэг сарын аяныг нийслэл даяар иргэн бүрийн оролцоотойгоор зохион байгуулж байна” хэмээв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл “Есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхлэхээс өмнө иргэд, олон нийтэд зөв галлагаа, яндангаа хөөлөх, зуух, пийшингийн битүүмж, агаар сэлгэлт хийх зэрэг заавар, зөвлөмжийг яаралтай өгөх шаардлагатай байна. Олон нийтэд хүргэх мэдээллийг төрийн байгууллагуудаас нэгдсэн журмаар зөв түгээх нь чухал” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс