БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхад хотын үндэстний цөөнхийн уламжлалт наадам, Ар Хорчин хошууны Хавт Хасарын овооны цагаан хулгана жилийн тахилга, Цагаан идээний соёлын найр, Сайхантал сумын малчдын наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 1024 бөхөөс Ар Хорчин хошууны Цагааннуур сумын харьяат, 27 настай С.Начин түрүүлж аварга болжээ.
Хөххотын үндэстний их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн С.Начин өдгөө МУБИС-ын докторант юм. Өвөрмонголд бакалавраа төгссөн С.Начин Монгол Улсад магистр хамгаалж биеийн тамир спортын чиглэлээр докторантурт үргэлжлүүлэн суралцаж байгаа ажээ. Цар тахлын улмаас хилийн хоригт орж, сургуульдаа ирж чадаагүй байгаа тэрбээр бэлтгэл сургуулилалтаа хийж байх зуураа наадамд зодоглож түрүүлсэн энэ ажээ.