Sunday, November 24, 2024

Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ

Date:

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээж буй. Эдийн засгийн тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг гаргалаа.

Ажлын хэсгийн гишүүд цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн сайтар хангаж, үе шаттайгаар нээхийг дэмжлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Улсын онцгой комиссын Шуурхай штабад  мэргэжлийн холбоодын байгууллагуудаас санал хүсэлт ирсээр байгаа. Эдийн засгийг дэмжих үүднээс үе шаттайгаар нээж байгаа аж ахуйн нэгжүүдийн халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд онцгой анхаарч ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Он гарснаас хойш цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан 33 хэргийг илрүүлж тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Харилцаа холбооны газарт хүргүүлсэн. Цаашид үйл ажиллагааг нь нээхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын үүргийг чангатгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх зөвлөмжийг хүргэх хэрэгтэй” гэв.

Түүнчлэн үе шаттайгаар нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад дүүрэг хороодын албан хаагчдыг татан оролцуулах, ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан заавар зөвлөмжийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох зэрэг саналуудыг ажлын хэсгийн гишүүд гаргалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар цахим тоглоомын газруудын судалгааг гаргаж, агааржуулалт сайтай байх, суудал хоорондын зайг нэг метрээс багагүй байх зэрэг шаардлагыг тавих саналыг гаргав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  НОК-ын дэргэдэх Түр зөвлөлийг хуралдуулж, мэргэжлийн байгууллагуудаас санал авч үе шаттай нээгдэх цахим тоглоомын газруудад тавигдах шалгуур шаардлагуудыг тодорхой  гаргахыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Энэ хүрээнд  нийслэлийн Засаг даргын  06 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар  захирамжид өөрчлөлт оруулах үүргийг НЗДТГ-ын дарга Ц.Уртнасанд үүрэг болгов. Үе шаттай нээгдсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг шаардсан бичиг илгээж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд мөн даалгалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...