Засгийн газраас 2020 оны наймдугаар сарын 06-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ. Хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар тус банктай тохиролцоод байгаа гэв.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй аж. Үүнд, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү: 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь.
Санхүүжилт нь Ковид-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна. Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд, зөвшилцөхийг дэмжсэн талаар санал, дүгнэлтийг хуралдаанд танилцуулав. Хэлэлцэж байгаа ауудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Энхболд нар үг хэллээ. Дараа нь Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл ийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийг газарт олгоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.