Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц болон компанийн талаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг товч мэдээлэл өгөв. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь:
-Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил
-Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд
-Үйлдвэрийн цахилгаан станц
-Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд гэсэн үе шаттай. Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, талбайн дэд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулсан бөгөөд ажил хуваарийн дагуу явж байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн хувьд 2017 онд байгуулагдсан, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь гадаадын орнуудад боловсрол эзэмшжээ. Компанийн хамт олонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж амжилт хүслээ. Тэрээр Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.