Дэлхийн даамын холбооноос цахим хэлбэрээр зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар монгол охид тодорлоо. Тэмцээний эхний шатанд 11 орны эмэгтэйчүүд тойргийн журмаар тоглосон юм. Монгол Улсын тамирчид Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожиж, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байрт шалгарсан. Шийдвэрлэх мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4-өөр тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорчээ. Дэлхийн даамын холбооны мастер Э.Хүслэнгийн хувьд өнгөрсөн онд Турк улсад болсон 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 11-13 насны ангилалд 15 оноогоор дэлхийн аварга болж байсан. Тэрбээр Монгол Улсаас 100 буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болсон юм. Б.Мөнхжингийн хувьд 14 насандаа насанд хүрэгчдийн улсын аварга болсон бөгөөд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай тамирчин билээ.
“Үндэстнүүдийн цом”-ын эмэгтэйчүүдийн аваргаар монгол охид тодорлоо
Date: