УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн шатрын онлайн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Тэрбээр цар тахлын үед олимп наадмууд хойшилж байгаа ч шатрыг онлайнаар тоглож болох давуу талтай. Баг тамирчдад дэлхийн оюуны олимпод эх орноо төлөөлөн амжилттай оролцохыг хүссэн байна.
Дэлхийн шатрын олимпиадыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ жил дэлхий нийтийг цочроосон цар тахлаас 44 дэх удаагийн дэлхийн шатрын олимпиадыг 2021 онд зохион байгуулахаар хойшлуулсан. Гэвч цахим орчинд тоглож болдог шатрын спортын давуу талыг Дэлхийн шатрын холбоо харгалзан үзэж олимпын хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул анхдугаар гэх тодотгол дор олимпиадыг зохион байгуулахаар болсон байна.
Олимпиадад 163 орны баг, тамирчид таван хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт тоглох юм. Өнгөрсөн 2018 оны Дэлхийн шатрын олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5 байрт шалгарсан өндөр амжилтаар Дэлхийн шатрын онлайн анхдугаар олимпиадад тэргүүн хэсэгт тоглох эрх авсан юм байна.
Дэлхийн Шатрын Холбоо 2020 оны долоодугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 30-ны өдөр хүртэл www.chess.com цахим сайт дээр Дэлхийн шатрын онлайн анхдугаар олимпиадыг зохион байгуулж байгаа юм.