Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд баавгайн мөр илэрсэн тухай дуудлага мэдээлэл иргэд, оршин суугчдаас иржээ. Энэ мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох мэргэжилтэн, байгаль хамгаалагч очиж мөр таних ажиллагааг явуулж, баавгайн мөр мөн болохыг баталгаажуулсан байна.
Иймд ногоон бүсэд ойн дагалт баялаг болох самрыг болц гүйцэхээс нь өмнө хууль бусаар түүхгүй байж, аялал зугаалгаар явахдаа зэрлэг амьтдаас болгоомжлохыг анхааруулж байна.
Сүүлийн жилүүдэд намар, өвлийн улиралд баавгай хот суурин газар, малчны хот руу ойртож ирэх, айлын гэр хот руу дайрах явдал гарах болсон. Энэ нь баавгайн идэш тэжээл ховордсоных гэж үзэж буй. Учир нь Баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог байна.