Цагаан ордныг орхисноос хойш хатагтай Мишель Обама “Becoming” гэх намтар номоо 2018 онд худалдаанд гаргасан. Хэвлэлийн газар нь түүхэн дэх хамгийн амжилттай намтар ном болно гэж таамаглаж байсан уг ном дэлхий даяар 11.5 сая гаруй хувь борлуулагдсан юм. Мөн Мишель Обама 2019 онд “Netflix”-тэй хамтран “American Factory” гэх киногоо гаргасан нь “Academy Award”-ын хамгийн сайн баримтат киногоор шалгарсан билээ. Тэгвэл энэ оны долоодугаар сарын 29-нд тэрбээр өөрийн “The Michelle Obama Podcast” нэртэй подкастаа цацахаар болжээ.
Түүний подкаст “Spotify” платформоор цацагдах бөгөөд хамгийн эхний дугаарын зочноор түүний нөхөр АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама оролцох юм. Танилцуулга бичлэг дээрээ Мишель Обама өөрийн ярилцахад хамгийн ойр санагддаг хүмүүстэйгээ “Биднийг хүн гэдгийг мэдрүүлдэг харилцаануудын тухай ярина” гэсэн бөгөөд “Ийм төрлийн ярилцлага юу нь тийм чухал юм бэ гэвэл эдгээр нь дэлхийн хэмжээний цар тахлын үе, улс орныг хамарсан арьс өнгөний үзлийн эсрэг бослогын үе алийг нь ч үл хамааран бидэнд алхам тутамд тулгардаг асуудлуудыг хөнддөгт байгаа юм ” гэжээ.
Тэрбээр өөрөө “Миний энэхүү подкаст сонсогчдыг маань өөрсдийн хувьд эрхэм хүмүүстэйгээ төдийлөн ярилцаад байдаггүй хүнд сэдвээр ярилцахад илүү нээлттэй болгоно гэж найдаж байна. Тэгж л бид өөр хоорондоо ойлголцлыг бий болгож, нэг нэгнийхээ оронд өөрийгөө тавьж үзэж чаддаг болно” гэсэн байна. Ярилцлагын эхний улиралд Мариан болон Крейг Робинсон, Мишелийн ээж, Конан Обриэн, Обамагийн цагаан ордонд байх үеийн зөвлөх Валери Жаррэт зэрэг зочид уригдан ярилцах аж.