Sunday, November 24, 2024

Стандартгүйн стандарт

Date:

Амьдралын чанарын анти стандарт

Өнгөрсөн долоо хоногт нийслэлчүүд утаатайгаа золголоо. Цаг агаар хүйтэрч гэр хорооллынхны галлагаа эхэлсэн нь энэ. Сүүлийн арав гаруй жилийн дотор нэг их наяд гаруй төгрөг зарцуулаад буураагүй энэ утаа бол Улаанбаатар хот хүний аюулгүй байдал, амьдралын чанарыг хангах нэгдсэн стандартгүйн балаг юм.

Гэр хорооллын 210 мянган өрхийн зуух, яндан байтугай 2000 мянга орчим уурын зуух нь стандартаа хэрхэн мөрддөг нь тодорхойгүй. Уг нь ахуйн хэрэглээний зуух болон халаалтын зуухны аль алинд нь зориулагдсан Монгол Улсын стандартууд бий. Эдгээр стандартаа яв цав мөрддөг бол нийслэлийн агаарын бохирдол ингэж гамшгийн хэмжээнд хүрэхгүй байхсан. Баталсан стандартаа мөрддөггүй, байгаа үгүйг нь ч мэддэггүйн төлөөсөнд бид ийнхүү эрүүл мэндээ золиосолж суугаа ажээ.

Агаарын бохирдлын нэг гол эх үүсвэр автомашины хувьд ч гэсэн стандарт үзүүлэлтүүд нь хангалтгүй. Нийт тээврийн хэрэгслийн 80 хувь нь арваас дээш жил ашиглагдсан “явдаг уурын зуухнууд”. Нийтийн тээврийн үйлчилгээнд 12-оос дээш жилийн насжилттай автобусыг явуулахгүй гэсэн стандарт баталсан боловч амьдрал дээр 75 хувь нь арваас дээш жилийн настай байгаа гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр Улаанбаатар стандартаа мөрддөггүйн улмаас утаандаа дарагдаж байна аа гээд хэлчихэд болно.

Монголын хууль гурав хоног гэдэг шиг Монголын стандарт мөн гурав хоногийн настай. Хүн амынх нь 60 гаруй хувь нь гэр хороололд стандартын бус орчинд амьдарч байгаа. Улаанбаатар хотын дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ, соёл, боловсрол гээд бүхий л салбарт албан бус хэм хэмжээ, бичигдээгүй хууль л үйлчилдэг. Өөрөөр хэлбэл стандартгүйн “стандарт” тогтжээ.

Иргэдийн амьдралын чанарт ноцтой аюул занал учруулж байгаа хүчин зүйл зөвхөн агаарын бохирдол биш. Барилга, орон сууцны стандарт алдагдсанаар Улаанбаатарын өнөөгийн олон хүндрэл, бэрхшээл бий болсон. Орон сууцны барилгын гадна орчинд автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай байх ёстой боловч үүнийг мөрддөггүй. Ийм стандартаар баригдсан 40, 50 мянгат, 3, 4 дүгээр хороолол гээд хуучны бүх орон сууцны хорооллын доторх ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилга бариад дүүргэчихсэн. Шинээр баригдаж байгаа орон сууцнууд гаднахь орчны стандартыг мөрдөх нь байтугай галын машин орж гарах гарцгүй шахам баригдах болсон.

Дээр нь барилгын чанарыг ярих юм бол шинээр баригдаж буй барилгуудын хана, шал,  тааз, хаалга цонх, сантехникийн шугам бүгд л ямар нэг байдлаар стандартын зөрчилтэй. Тухайлбал, манай улсад үйлдвэрлэж буй нийт цонх, хаалганы 80 хувь нь стандартын бус байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон. Монголын хаалга, цонхны холбоо болон МХЕГ хамтран 2009, 2010 онд ашиглалтад орсон барилгуудын вакуум цонх, хаалганд шалгалт хийхэд 85 хувь нь стандартын шаардлага хангаагүй цонх байжээ. Тиймээс өнөө цагт завсраар нь салхи үлээж, мөстөж цантдаг вакуум цонхгүй шинэ орон сууц олоход бэрх.   

2007 онд манай улс вакуум цонхны стандартыг баталсан боловч түүнийгээ мөрддөггүй. Мөрдүүлдэггүй гэж ч болно. Тиймээс вакуум цонх үйлдвэрлэгчид өөр өөр орны стандартаар цонхоо үйлдвэрлэсээр. Сүүлдээ хэрэглэгчдийг ч, өөрсдийгөө ч төөрөгдүүлсэн таван өөр стандарт бий болжээ.

Аюулгүй байдлын анти стандарт

Дунд сургуулиудын биеийн тамирын талбайн стандарт алдагдсаныг хүүхдийн амь насны төлөөстэйгөөр ухаарч сэхээрсэн гашуун сургамж саяхных. Монголд авто тээврийн ослоор жилд 500 гаруй хүн амь насаа алдаж байгаа нь авто замын стандарттай шууд холбоотой.

Авто замын стандартаар бол хажуугаараа явган хүний болон дугуйн замтай, тусгаарлах зурвас буюу ногоон байгууламжтай, борооны ус зайлуулах сувагтай байх ёстой боловч энэ стандарт ихэнхдээ мартагддаг эсвэл монголчлогддог. Зуны улиралд жаахан бороо ороход хотын төвийн бүх зам усанд автдаг нь стандартад нийцсэн ус зайлуулах байгууламжгүйнх. Сүүлийн үед зарим орон сууцны хороолол болон гэр хороолол дундуур тавьсан авто замууд айлын хашаа, байшинд нэг метр хүрэхгүй зайтай тавигдаж байгаа нь стандартгүй улсын л стандарт гэхээс өөр аргагүй.

Бараг 20 гаруй жилийн турш яригдаж байж өнгөрсөн жил тавигдсан Нэгдүгээр хорооллын ардын дэнж дээгүүр Авто сургуулийг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон авто зам л гэхэд гэр хорооллын дундуур айлын хашаанд төө хэрийн зайтай тулсан, дээр нь хоёр машин арай чүү зөрөх нарийн бөгөөд явган хүний замыг ор тас мартжээ. Ийн мартах нь гэм биш зан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган зам, гарц, дуут гэрлэн дохио, шат зэргийг мартаж орхисон. Хотын төвийн зарим гудамжинд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэх нарийн зам бий ч тэр нь стандарт шаардлага хангадаггүй. Дөрвөн жилийн өмнө Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын иргэдийн үндэсний холбоо, “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагатай нийслэлийн барилга байгууламж, зам талбай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр хүртээмжтэй байгааг газар дээр нь шалгасан байдаг.

Шалгалтаар харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэмдэг, тэмдэглэгээ, тэргэнцэртэй иргэд зорчих налуу зам барьсан ч ихэнх нь стандартын шаардлага хангахгүй байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад гүүрэн гарц хамгийн аюулгүйд тооцогддог. Гэтэл “Бөмбөгөр” худалдааны төв болон Зуун айл дахь гүүрэн гарцуудад хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц огт хийгээгүй ажээ. Уг нь манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн гурван ч стандарт батлагдсан байдаг юм билээ.

Нийслэлд “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж, “Ubike” унадаг дугуйн прокатын үйлчилгээг нэвтрүүлсэн боловч мөн л стандартгүй. Явган хүний замыг будаад л дугуйн зам гэж нэрлэж байгаа нь жинхэнэ монгол стандарт.

Хотын төвийн Их, Бага тойруу хавийн төр захиргааны байгууллагууд болон үйлчилгээний газруудын үүдэнд унадаг дугуйн зогсоолууд мэр сэр бий ч мөн л нэгдсэн стандартгүйгээс ашиглахад төвөгтэй эсвэл өнгө үзэмж тааруу, чанаргүй зэрэг дутагдал ажиглагддаг.  

Улаанбаатар бол аюулгүй байдлын стандарт алдагдсан хот. Монгол Улс хүүхдийн тоглоомын талбайн үндэсний стандартгүй. Тиймээс олон улсын дөрвөн стандартыг шууд авч хэрэглэдэг. Харамсалтай нь үүнийгээ ч мөрддөггүй. Хүүхдийн цэцэрлэгийн барилга хоёр хүртэлх давхар, нэг хүүхдэд дор хаяж 5.6 м2 талбай ногдох ёстой гэсэн нэгдсэн стандарт шаардлагыг тавьдаг боловч цэцэрлэгийн ачаалал хэтэрснээр нэг хүүхдэд ногдох талбай стандарт хэмжээндээ огт хүрэхгүй байгаа аж. Тэрчлэн хоёроос дээш давхарт үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгүүд ч бий болжээ.

Хүйтний улиралд гал түймрийн зөрчил ихэсдэг. Иргэд олноор цуглардаг буддын шашны сүм, хийдүүдэд аюулгүй байдлын стандартын зөрчил байнга гардаг. Наад зах нь сүм, дуганын хаалга дотогшоо онгойдог нь буяныг гаргахгүй гэсэн шашны үзэлтэй холбоотой. Гэтэл олон хүн цугларсан үйлчилгээний газрын хаалга заавал гадагшаа онгойдог байх ёстой. Энэ нь гал түймэр гэх мэт гэнэтийн осол аваар гарахад аюулгүй байдлыг хангах үүднээс тавигддаг стандарт шаардлага юм.

Хөгжил, дэвшлийн анти стандарт

Монголчууд ганцхан бууз жигнэхдээ л цагийг яс барьдаг гэдэг шиг манайхан архины стандартаа л хамгийн сайн хөгжүүлсэн улс. Бүр “Стандарт” нэртэй архи хүртэл үйлдвэрлэн гаргаж байв. Архи дарсны стандарт нь өнөөгийн хэллэгээр бол жинхэнэ бөмбөрцгийнх болчихсон. ISO стандартыг бүрэн хангаж олон улсын чанарын шагналууд авсан шилтэй цэнхэрүүдийн сурталчилгаа үе үехэн давалгаалдаг. Харин архинаас бусдад бид ямар ч стандартгүй.

Стандартгүй учраас хөгждөггүй. Үүнийгээ Монголын онцлог, өвөрмөц байдал гэж тайлбарлана.

Энэ нь галт тэрэгнээс хоцорчихоод тавхайгаа эргэтэл майрганаж яваа явган эр бантсандаа сайхь унаагаа хэтэрхий хурдан хэмээн муучилж байгаатай л ижил юм. Баталсан хуулийг мөрддөггүй, гаргасан стандартыг хэрэгжүүлдэггүй энэхүү “өвөрмөц онцлог” нь өнөөгийн Монголыг муу муухай харагдуулж байгаа билээ. Өдөр бүр, алхам тутамд тохиолдож буй бэрхшээл, саад, хүнд хэцүү, муу муухай бүхэн дээрхээс л үүддэг. Энэ нь дэлхий нийт нэг стандарттай болохоор зорьж байхад монголчууд бид стандартгүй амьдрахаар зүтгээд буй ч юм шиг сэтгэгдэл  төрүүлэх ажгуу.

Уг нь Евро стандартыг Монголд нэвтрүүлнэ гэдэг яриа сүүлийн арван жил сайд дарга нарын амны уншлага болсон. Шинэчлэлийн Засгийн газрын үед Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Европын холбооноос Монголд суугаа Элчин сайд Маркус Эдэрэртэй санхүүжилтын хэлэлцээрт гарын үсэг зурж байв. Энэ төсөл хэрэгжиж дууссан уу, үгүй юу бүү мэд. Ямар ч л байсан Улаанбаатар маань Парис, Лондон шиг болчихоогүй л байна. Австралийн зоогийн газар, баар, рестораны үйлчилгээний хэм хэмжээ, дүрэм горим, соёл нь Их Британийхтай яг ижил, Австрийнх Германыхтай адилхан, тэр бүү хэл Ази тивийн Солонгосын үйлчилгээний газрууд АНУ-ынхтай яв цав нийцэж байдаг нь Евро стандарт буюу Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээг мөрддөгийнх. Ийнхүү нэг стандарттай байхын давуу тал олон.

Евро стандартыг нэвтрүүлсэн улс орнууд хоорондоо 7200 гаруй бараа, бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан солилцдог. Монгол Улс энэ даяаршсан сүлжээнд багтаж гадаад худалдаагаа өргөжүүлэхийн тулд Евро стандартыг нутагшуулах шаардлага тулгарч буй юм.

Д.Дарьсүхбаатар /Стандартчилал, хэмжил зүйн газрын дэд дарга/

-Эхний ээлжинд Евро стандартаас хүнсний чиглэлийн стандарт, барилгын стандарт, төмөр замын чиглэлийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлж эхлээд байна. Евро стандартад манай бүтээгдэхүүн үйлчилгээ тэнцсэнээр экспорт тэлнэ, бүтээгдэхүүний чанар сайжирч, үндэсний техник технологи хөгжнө. Үүнийгээ дагаад мэргэжилтнүүдийн чанар сайжрах нь ойлгомжтой.

Монгол Улсад 2018 оны байдлаар 6193 стандарт мөрдөгдөж байгаа юм байна. Энэ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад 10 дахин бага тоо гэнэ. Тиймээс манай улсын хувьд стандартуудынхаа тоог наанадаж 4-5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад 40-50 мянган стандарт мөрдөгддөг. Ингэж бүхий зүйл нь стандарттай байж улс орон хөгждөг байна.    

Эрх зүйн орчны хувьд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2017 оны намрын чуулганаар баталсан. 2003 оны Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн үндсэн зарчим нь стандартыг бүх нийтээрээ заавал мөрддөг байсан бол энэхүү шинэчилсэн найруулгаар стандартын зарим хэсгийг нь сонгон хэрэглээд зарим хэсгийг нь заавал мөрдөхөөр заасан. Ингэснээр өмнө нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ 50 хувь хангадаг байсан бол 100 хувь хангадаг болно гэж үзэж байгаа аж. Хуулийн шинэчлэлээр олон улсын стандартыг чөлөөтэй сонгох, хэрэглэх боломжийг нь нээж өгснөөр бизнес эрхлэгчид өөрийн үйл ажиллагаандаа тохируулан дурын нэг стандартаар хэн нэгэн этгээдээс зөвшөөрөл авахгүйгээр хэрэглэх боломжийг нь бий болгожээ.

Г.Өнөржаргал /Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний газрын дарга/

Захиргааны шинж чанартай захирамжлалын акт заавал биш болчихоор дур зоргоор авирлах, стандартыг хэрэглэхгүй байж болох нь гэсэн ойлголт явж байна. Стандартыг сонго гэдэг маань өөрөө 5-10 төрлийн стандартаас тухайн үйл ажиллагаандаа өөрийн үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн чадавх, техникийн шинэчлэлтэйгээ уялдуулаад 10 стандартын 1-ийг сонгоно гэсэн үг. Энэ нь нөгөө талдаа бизнес эрхлэгчдэд экспортлох гэж байгаа орныхоо шаардлага, шалгуурыг хангасан стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болно. 

Стандарт нь өөрөө стандарт бус

Бичвэр маань эхээсээ энэ хүртэл стандарт мөрддөггүй тухай байв. Гэтэл нийтээр дагаж мөрдөх ёстой үндэсний стандартууд маань өөрөө стандарт бус байгаа нь жинхэнэ Монголын өвөрмөц онцлог гэлтэй. Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа 6200 гаруй стандартыг шалгаж нягтлахад 300 гаруй стандарт нь шаардлага хангахгүй болохыг тогтоож байжээ. Мөн 2000 гаруй стандартыг шинэчлэн сайжруулж олон улсын төвшинд хүргэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан аж.

Түүнчлэн дээр өгүүлсэн болон өгүүлээгүй олон мянган стандартыг баталдаг Стандартчилал, хэмжил зүйн газар л гэхэд өөрсдөө стандартын наад захын шаардлагыг хангаагүй барилгад үйл ажиллагаа явуулдаг. Тус агентлагийн үүднээс эхлээд л авто машины зогсоол, ногоон байгууламжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц орц, шат байхгүй гээд олон зөрчил бий. Стандартыг баталж мөрдүүлдэг агентлаг нь стандартаа мөрддөггүй нь бас л Монголын өвөрмөц онцлог гэдгээр тайлбарлагдах ажээ.

Стандартгүй буюу эмх замбараагүй, дүрэм журамгүй энэ байдал нь өөрөө ёстой л “дэлхийд ганцхан” гэж болох Монгол стандартыг бий болгожээ. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн салбартаа төдийгүй төрийн захиргааны салбартаа ч Евро стандартыг нэвтрүүлэх бодлого барьж байгаа гэж буй ч лав л сүүлийн 20-иод жил УИХ, Засгийн газар нь стандарт бус явж ирэв. Стандарт бус Засгийн газар байгуулагдаж, стандарт бус үйл ажиллагаа явуулж, төрийн хууль, журам нь хүртэл эрх мэдэлтнүүддээ стандарт бусаар үйлчилж, ёс суртахууны хэм хэмжээ, стандарт аль хэдийнэ алдагджээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...