АН-ын ҮБХ-ны ээлжит 16 дугаар хуралдааныг өнөөдөр цахимаар зохион байгуулжээ. Уг хурлаар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Гэвч АН-ын Дотоод ардчиллыг хангуулах түр хорооноос Үндэсний бодлогын хорооны хурлыг дүрмийн бус болсон, ирц хүрээгүй хэмээн эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийсэн юм. ҮБХ-ны есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус түр хороо өнөөдөр болсон ҮБХ-ны хурал хангалттай ирц бүрдүүлэлгүй хуралдаж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа ажээ. Тодруулбал, АН-ын ҮБХ 406 гишүүнтэй бөгөөд үүний 50-иас дээш хувь буюу 204 гишүүн нь оролцож байж хүчин төгөлдөр шийдвэр гаргах боломжтой аж. Харин өнөөдрийн ҮБХ-ны хуралд 116 хүн оролцсоноос 69 хүн л Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр батламжлахыг дэмжсэн юм байна. ҮБХ-ны 100-гаад гишүүн өнөөдрийн хурлыг эсэргүүцэн санал хураалтад оролцохоос татгалзсан гэнэ. Тиймээс АН-ын Дотоод ардчиллыг хангуулах түр хорооноос ҮБХ-ны өнөөдрийн хуралдааныг хүчингүй гэж үзэн Дүрмийн хороондоо гомдол гаргахаа мэдэгдлээ.
АН-ыг шинэчлэгдээсэй гэсэн хүлээлт намын гишүүд дэмжигчид төдийгүй олон нийтэд ч бий. Энэ хүлээлтийг ҮБХ-ны өнөөдрийн хурал хангасангүй. Дүрмийн хорооны шийдвэр удаан, бүрхэг байгаа тул олон нийтэд эргэлзээ их, үр дүн муу байна хэмээн Дотоод ардчиллыг хангуулах түр хорооны гишүүд хэлж байв.
АН-ын Үндсэн дүрэмд УИХ-ын сонгуулийн үр дүнгээр намын удирдлага автоматаар огцорно гэж заасан. Сонгуулийн санал хураалт болсноос хойш 30 хоногийн дотор намын удирдлагад хариуцлага тооцох зүаалтын хүрээнд уг хугацаанд багтаж өнөөдөр ийнхүү ҮБХ-ны хуралдааныг цахимаар зохион байгуулжээ. Гэвч АН-ын гишүүд ҮБХ-ны хурлыг гэнэт зарласан тул ирц хүрээгүй гэх шүүмжлэлийг мөн хэлж байгаа юм. Энэ талаар АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Туваан “Хурлыг гэнэт зарласан гэдэг асуудлыг ҮБХ-ны гишүүд бидэнд тавьсан. Бид өнөөдрийг өнгөрчихвөл АН-ын дүрэмд заасан намын удирдлагад хариуцлага тооцох 30 хоног өнгөрнө. Тэгвэл намын дүрэм зөрчигдөж, үүнээс хойших бүх үйл ажиллагаа дүрмийн бус болох гээд байсан тул ҮБХ-ны хурлыг зарласан” хэмээн тайлбарлав. Түүнчлэн ҮБХ гишүүд санал гаргаснаар өнөөдрийн хурлаар АН-ын Их хурлыг товлон зарлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсныг хойшлуулжээ. АН-ын Их хурлыг товлон зарлах асуудлыг наймдугаар сарын 1-нээс хойш цахимаар бус танхимд зохион байгуулах ёстой гэсэн ҮБХ-ны гишүүдийн саналыг хүлээн зөшөөрсөн нь энэ аж. АН-ын Их хурлыг наймдугаар сарын 5-ны дотор зарлах юм байна.
Ташрамд дурдахад АН-ын даргын сунгааг наадмын өмнө зарласан ч орон нутгийн сонгууль болох гэж байхад дотоод сонгууль зарлаж намын даргын сунгаа зохион байгуулах нь зохисгүй гэсэн өргөдөл гишүүдээс нь иржээ. Энэ өргөдлийг АН-ын Үндсэн дүрмийн хороо хүлээн авч маргаан үүсгэсэн байна. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны хувьд Дотоод сонгуулийн хороо намын даргын сонгуулийг зарлан явуулах эрхгүй гэдэг бичгийг Үндсэн дүрмийн хороондоо хүргүүлсэн гэдгээ хэллээ. Үндсэн дүрмийн хороо дээрх өргөдөл, албан бичгүүдийг хэлэлцэн ямар шийдвэр гаргахаас шалтгаалан АН-ын даргын сунгаа үргэлжлэх эсэх нь тодорхой болох ажээ.