Эрхэм хүндэт Нийслэлчүүд, Эрхэм хүндэт Наадамчид Та бүхэндээ Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Төрт ёсны их баяр цэнгэл наадам бол монгол түмний оюун сэтгэхүй, түүх соёл, үндэсний ижилслийн гол дархлааг хадгалсаар ирсэн. Хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийд ганц Монгол наадмаараа монголчууд бид үндэстний эв нэгдэл, бахархал, омогшил, баяр цэнгэл, төрт ёсны хүндэтгэл, түмэн олны бишрэл бүгдийг нэгэн дор цогцлоон нааддаг билээ.
Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахалтай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг дор олон хүн цугларуулахгүйн тулд баяр наадмын үйл ажиллагааг телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан орон даяар наадамчин олондоо хүргэж байгаа юм. Хүн төрөлхтний өмнө томоохон сорилт шалгуурыг бий болгож, хүчирхэг эдийн засагтай улс гүрнүүдийг ч барьц алдуулахад хүргэж буй Ковид19 цар тахлыг дотооддоо алдаагүй цорын улс болж чадсан монгол түмэндээ, нийслэлчүүддээ халуун талархал илэрхийлээд, баяр наадмын өдрүүдээр хөл хорионы горимыг дор бүртээ сайтар баримтлахыг хичээнгүйлэн хүсье.
Энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү хариуцлагатай байхыг биднээс шаардаж байгааг умартах ёсгүй ээ. Хэдийгээр цаг үе амаргүй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч нийслэл хотын зүгээс урин дулааны улиралд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа шуурхай хийж хэрэгжүүлэхээр шат шатандаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Ялангуяа баяр наадмын амралтаар нийслэлчүүд маань агаар салхинд гарахдаа гол усанд осолдох эрсдэл их байдаг учраас Онцгой, Цагдаа тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагууд байнгын эргүүл ажиллуулж байна. Төрт ёсны уламжлалт их баяр цэнгүүн Улсын баяр наадамдаа зодоглосон бөхчүүд нь иртэй бяртай, уясан хүлэг нь хурдан шандастай, унасан хүүхэд нь авхаалж самбаатай, эрхий мэргэн харваачид нь онч цэцтэй байх болтугай. Хотол түмнээрээ сайхан наадаарай.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс