Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжийн 3.5 км авто замын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нарын холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо. Энэхүү замын ажлыг нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр “ЗБИБ” ХХК болон “Моторсервис” ХХК хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэсэн.
Нээлтийн эхэнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы санаачилгаар Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 3.5 км урт, 13 м, 4 эгнээ зорчих хэсэгтэй, 1м явган хүний зам, 1.25м дугуйн замтай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой бүхий иж бүрэн авто замыг ийнхүү нээж байна. Цаашид тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн долоодугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх болно” хэмээлээ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа энэхүү замын ажлыг санаачлан эхлүүлж байсан юм. Тэрбээр энэ үеэр “Нийслэлчүүд, налайхчууд маань авто замын шинэчлэлийг хийгээд явж байна. Үүний нэг нь Налайх дүүргийн 4 эгнээ бүхий 4.4 км авто замын шинэчлэлийн ажил юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд бид бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон ажлуудыг хийлээ. Улаанбаатар-Налайх, Налайхын дотор нийт 40 гаруй км замын шинэчлэлтийн ажлыг хийсэн байна. Төвийн дүүргүүдэд ч мөн замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахын тулд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Эхний ээлжинд авто замын зорчих хэсгийг нээж, цаашлаад дугуйн зам, явган хүний замын ажлуудыг гүйцэтгээд явах болно. Налайх дүүрэгт байгуулж буй дугуйн зам Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл тавигдах юм. Бид стандарттай хот болгох ажлыг эхлүүлж, өрнүүлсэн. Энэ хүрээнд авто замыг чанар стандартын дагуу барьж, ашиглалтад оруулахад анхаарч ажиллалаа” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Налайхын 20.9 км замаас авахуулаад авто замын бүтээн байгуулалтын ажил энэ дүүрэгт ихээхэн өрнөж байна. Үүний нэг бол 4.4 км авто замын ажил юм. Олон улсын чанар стандартад нийцсэн энэхүү зам бол улсын жишиг болохуйц бүтээн байгуулалтын ажил болсон гэдгийг онцлон хэлье” гэсэн юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Налайх дүүргийн хөдөлгөөний эрчим хамгийн ихтэй энэ замыг бид хугацаанаас нь өмнө нээж байна. Мөн Налайх дүүргийн 1 дүгээр хорооноос Тэрэлжийн замтай нийлсэн авто зам болон холбоос замуудыг шинэчлэн сайжруулах ажлуудыг хийж байна” гэдгээ хэллээ. Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт нийт 16.35 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийжээ.