Амстердам хот долоодугаар сарын 1-нээс эхлэн Airbnb болон бусад байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг платформуудын үйл ажиллагааг хязгаарлахаа мэдэгдлээ. Ингэснээр тус хотын гурван гол дүүрэгт Airbnb-ийг ашиглах боломжгүй болж байна. Харин хотын бусад хэсэгт Airbnb ашиглан жилд дээд тал нь 30 хоног байр түрээслэх боломжтой.
Сүүлийн жилүүдэд Европын томоохон хотуудын удирдлагууд “Airbnb нөлөө” гэх хоногоор байр түрээслэх үйлчилгээ огцом өсөж байгаа үзэгдлийг хүчтэй шүүмжлэх болсон юм. Энэ нь хотын төвийн орон сууцны үнийг огцом өсгөж, хотын оршин суугчдыг шахаж, нэн хэрэгцээтэй үйлчилгээнүүд жуулчдад зориулсан бизнесээр солигдоход хүргэж байгаа ажээ.
Ташрамд дурдахад, 2019 оны зун Амстердам, Барселон, Берлин, Бордо, Брюссель, Краков, Мюнхен, Парис, Валенс ба Вена хотууд Европын удирдагчдад хандан Airbnb-ийн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авахыг шаардсан захидал илгээж байсан юм. Мөн 2020 оны нэгдүгээр сард Прага хот энэхүү санаачилгад нэгдэж, орон сууцанд түр хугацаагаар жуулчид байрлахыг хориглохыг уриалж байв.