Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.
Ерөнхийлөгч бөхийн барилдааныг нээж, үг хэлэхдээ эв түнжинтэй байхыг чухлыг монгол хүн бүрт сануулав. Тэрбээр,
“Монгол Улсын иргэд ээ, Дэлхий даяарт тархан суурьшсан монголчууд аа. Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт өдрийн мэндийг дэвшүүлье.
Өнөөдрөөс яг 108 жилийн өмнөх энэ өдөр одоогийн Монгол Улсын Их Сургуулийн төв байр, тухайн үеийн Богдын Шар ордны өмнөх талбайд Чингис хааны алтан ургийн хан ноёд, ихэс дээдэс, лам, хар, Даяар Монголын төлөөлөл оролцсон төрийн их ёслол болжээ.
Энэ бол Хүннү гүрнээс эхтэй, хүчирхэг Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа. Энэ бол Их Эзэн Чингис хааны үр хойчис эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа. Энэ өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, монгол хүн бүрийн магнай тэнийж, ядарсан монголчуудын царайд нар гийсэн гэдэг юм.
Түүх сөхвөөс Манжид 1636 онд Өмнөд Монгол нэгдсэнээс хойш, 1691 онд Халх Монгол нэгдсэнээс хойш, 1750-иад оны дунд Зүүн гар буюу Ойрад Монгол Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш багаар бодоход 150 гаруй жилийн турш, урагшлан бодвол 200 гаруй жилийн хугацаанд ил далд өрнүүлсэн үндэсний тэмцэл зорилгодоо хүрч, үндэсний эрх чөлөөгөө батжуулж, тусгаар тогтнолоо сэргээснээр монголчуудын түүхэнд шинэ эрин үе эхэлсэн юм.
1911 оны үндэсний хувьсгал нь Монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстний цаашид оршин байх үндсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, түүх соёлыг бадруулах үндэс болсноороо 108 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн ухаалаг бодлого, шийдвэртэй алхмын хүчээр өнөөгийн Монголын үндсийг тавьсан билээ.
Өнөө жил 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчид болох Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Чин ван Ханддорж, Чагдаржав нарын 140 жилийн ой тохиож, ойг өвөг дээдсийнхээ түүхэн гавьяаг ямагт дурсан хүндэтгэж, хойч үедээ тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах эх оронч, үндэсний үзэл ухамсрыг төлөвшүүлэх агуулгатайгаар тэмдэглэн өнгөрүүлснийг дурдахад таатай байна.
Монголын түүх бол зөвхөн монголчуудын түүхээр хязгаарлагдахгүй дэлхийн энгээр бичигдсэн агуу их түүх хэдий ч омогшил бахархал, гэмшил ухаарлыг хослуулсан сургамжит их туульс гэдгийг энэ өдөр бид санаж сэрэх ёстой.
Тийм учраас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт төр улс маань Монголын үе үеийн мэргэд, эх орончид, өвөг дээдсийн холч мэргэн ухаан, эв санааны хүч, халуун амь, бүлээн цус, цэгнэшгүй үнээр залгамжлагдсаныг санаж эрхэмлэн хойч үедээ хиргүй ариун, буртаггүй цэврээр уламжлуулах, үүний тулд алсын хараа, ухааны цараатай, сонор соргог, эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулан хэлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай” гэлээ.
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэв. Барилдааны их шөвөгт улсын начин Б.Ганхуяг, Д.Амарсайхан нар шалгарчээ.
Улсын харцага Б.Бат-Өлзий 20 гаруй хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 07-нд болсон Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаанд мөн түрүүлсэн юм.
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааныг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор буюу 2011 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ хугацаанд барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн мэдээллийг хүргэе.
- 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.
- 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.
- 2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.
- 2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.
- 2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.
- 2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа.
- 2017 оны барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байв.
- 2018 оны барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж байжээ.