Sunday, June 8, 2025

Яруу найрагч Б.Батхүү: “Төрөлх монгол хэл” улсын уралдаан маань 10 дахь жилдээ бийр, янтай хөглөх гэж байна

Date:

 “Төрөлх монгол хэл” улсын уралдааныг санаачлагч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хэнтийн Батхүүтэй ярилцлаа.

-“Төрөлх монгол хэл” улсын уралдааныг та санаачлан зохион байгуулаад 10 жилийн нүүр үзжээ. Анх ийм уралдаан зохион байгуулах санаа хэрхэн төрөв?

-Ер нь яруу найрагч хүн өөрт нь хамааралгүй зүйл байхгүй гэж боддог юм шиг байгаа юм. Цаг үргэлж улс үндэс, газар шороо, бичиг соёл гээд бүхий л зүйлийг өөртөө хамаатуулж, өөрийгөө зовоож суудаг. Түүний нэгэн адилаар Монгол төрийн бичиг, монгол бичигт шилжвэл бид болон бидний ирээдүй, хүүхэд залуус маань яах билээ, бэлэн бил үү, яаж бэлдэх вэ? л гэж зовсон хэрэг л дээ. ЕБС-ийн монгол бичиг заах хөтөлбөр байгаа боловч, тэр нь хангалттай билүү, хүүхдүүдийн сурахыг хичээж байгаа, эцэг эхийн нэмэлт шахалттай, орос, ангили, хятад, япон, хэлний  хажуугаар монгол бичгээ хангалттай сайн сурах боломж нөхцөл хэр айгаа бол, хүүхдүүдийг юугаар өдөөж монгол бичигт анхаарлыг нь хандуулж, дурлуулах вэ? Энэ бүх асуултын хариулт бол монгол уран бичлэг байсан юм. Уран бичлэг бол өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээдэг, амар амгалан оршихуйг бий болгодог, бодож сэтгэхүйн орон зайг нээж өгдөг, эрхэмсэг увдистай. Мөхөс би энэ чанарыг нь тодотгож “Тэнгэр язгуурт монгол хүний зөн совинг сэрээсэн уран яруу сэтгэлгээ юм” гэж тодорхойлж бичсэн удаатай. Мөн хүүхдүүдийн эдийн засгийн сонирхлыг өдөөж өгдөг нэгэн зүйл байгаа, тэр нь юу вэ гэвэл, хэн нэгэнд сонгодог дөрвөн мөрт шүлэг бичээд өгвөл, тэр бичээч хүүхэд тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авах болно шүү дээ. Харин мөнгөн урамшуулал авахын тулд, тэр хүүхэд ямар ч алдаагүй, цэвэрхэн бичих ёстой болно, сэтгэж бодох болно. Энэ бол бас нэг эдийн засгийн хөшүүрэг болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл уран бичлэгийн далд увдисыг, эдийн засгийн хөшүүрэгтэй хослуулсан, миний л нэг заль байсан юм. Нэг ангид нэг уран бичээч хүүхэд байхад тэр анги, тэр сургууль, тэр чигээрээ л монгол бичиг, бийр, бэхний үнэрт уусах болно шүү дээ. Би ингэж л тооцоолж эхлүүлсэн. Эдүгээ 10 жилийн дараа тэнгэрийн тааллаар зөв тооцоолол байжээ л гэж бодож сууна даа. “Төрөлх монгол хэл” улсын уралдаан маань эдүгээ 10 дахь жилдээ бийр, янтай найрсуулан хөглөх гэж байна даа.

Хүүхдүүдийг байр эзлүүлэхээс илүү энэ уралдаанд тасралтгүй оролцуулах нь миний зорилго

“Төрөлх монгол хэл” улсын уралдааныг санаачлагч, яруу найрагч Х.Батхүү охин, яру найрагч, сэтгүүлч Б.Энх-Уянгын хамт.

-Анхны уралдааныхаа тухай дурсаач. Хэрхэн энэ уралдааны шанг татаж байв. Бэрхшээл хэр тулгарсан бэ?

-Юун сургуулийн хүүхэд уран бичлэг бичих вэ? гээд л эхэлнэ шүү дээ. Аргагүй биз дээ. Хүүхэд бүү хэл, томчууд нь учраа гүйцэд олоогүй, өөр хоорондоо зөрчилтэй, бас цөөхөн хүн бичиж эхэлж байсан үе шүү дээ. Хамгийн түрүүнд уралдаанаа зохион явуулах, хотын төвд түрээсгүй заал олох, уралдааныхаа удирдамжийг хэрхэн сургуулиудад хүргэх, хамгийн том зүйл нь шагналын сангаа яаж босгох вэ, энэ бүгдийг л даван туулах болсон доо

Миний нутгийн дүү П.Батбарсаа маань Хүүхдийн номын сангийн арга зүйч Н.Адъяа эгчтэй анх танилцуулж, улмаар тухайн үеийн номын сангийн захирал Д.Оюунбилэгтэй Адъяа эгч маань намайг танилцуулснаар бүх зүйл зөв газраа олж эхэлсэн дээ. За тэгээд Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд маань дэмжээд л анхны тэмцээний шагналын санг П.Батбарсаа дүү, найз С.Уранцэцэг, морин хуур урлаач Морин хуурын музейг үүсгэн байгуулагч Б.Сүхбаатар, уран бичээч Г.Ганзориг гээд ойр дотны бүх хүмүүс маань дэмжиж, бүрдүүлж өгч байсан даа. Уралдаанд оролцох гэж ирсэн 20 гаран хүүхдийн  маань зарим нь тууш шугамтай дэвтэр бүдүүн гардаг хар балтай л ирж байлаа шүү дээ. Ер нь тэгээд бэлэн бэлдэц, уран бичлэгийн хэрэгсэл зардаг газар цөөхөн л үе байлаа. Одоо бол манай хүүхдүүд хөгжлийн өндөр түвшинд очоод байгаа даа. Анхны уралдаан болохоор ирц бас сэтгэл их зовоож байсан. Харин Налайх дүүргийн 119-р сургуулийн уран бичээч Д.Батнасан багш маань олон хүүхэд бэлдэж, уралдаанд минь оролцуулж их нөмөр нөөлөг болсон доо.

-“Мөнх тэнгэрийн бичиг”, “Шинэ цас” гэх мэт монгол бичгийн уралдаанууд болдог. Танай уралдааны онцлог юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг насанд хүрэгчдийн “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн уралдаан байдаг юм билээ. Одоо бол манай уралдааны хүүхдүүд оюутан болоод эхнээсээ тэр уралдаанд тогтмол байр эзэлж эхлээд байгаа юм. Хойшид ч тэр уралдаан манай л хүүхдүүдийн уралдаан байх болно. Нэг үгээр хэлбэл хүүхэд байхад нь би, Хүүхдийн төв номын сантайгаа хамтарч бэлдээд л, том болохоор нь манай Ерөнхийлөгч ивээлдээ аваад л байгаа юм даг уу даа.

За тэр ч яахав, манай “Төрөлх монгол хэл” уран бичлэгийн улсын уралдааны нэг онцлог бол 5-12 дугаар ангийн сурагчид насны ангилалгүйгээр өрсөлддөгөөрөө чухал онцлогтой, өндөр шаардлагатай. Ялангуяа багш нар, бага, дунд насны ангилал гаргуулах сонирхолтой байдаг. Харин би түүнийг зөвшөөрдөггүй юм. Учир нь 5 дугаар ангиасаа эхэлж оролцсон хүүхэд 12 дугаар анги төгстөлөө бүтэн долоон жил энэ уралдаанд оролцох боломжтой. Тэр хугацаанд хэд ч түрүүлэх, шагналт байранд орох бүрэн нөхцөл бүрддэг. Миний зорилго юу билээ гэхээр, түрүүлүүлж шагнал өгөхөөсөө гадна, тасралтгүй  уралдуулж уран бичлэг, монгол бичигт сургах шүү дээ. Одоо сүүлийн хэдэн жил 40 гаруй хүүхэд тогтмол оролцдог болоод байгаагийн нууц нь бол би эхнээсээ уран бичээч хүүхдүүдийн удирдагч багш нарыг давхар шагнаж, урамшуулж ирсэнтэй шууд холбоотой.

Алтан медаль авсан хүүхдийн багш нь бас алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал авдаг юм. Энэ бол бодлого. Бодох хэрэгтэй, бодохоосоо залхуурч болохгүй дүү минь.

Нэг уран бичээч хүүхэд байхад л тухайн анги, сургууль тэр чигээрээ л монгол бичгээр амьсгалж, бийр, бэхний үнэрт уусах болно

-Уралдааныг хамтран зохион байгуулагчид, дэмжигчид, ивээн тэтгэгчдийнхээ тухай?

-Юун түрүүнд санаа бодлыг минь өлгийдөж аваад, өсгөж бойжуулсан, өдийг хүргэсэн, Хүүхдийн төв номын сангийн хамт олондоо, үе үеийн дарга нар Д.Оюунбилэг, Б.Энхмарт, С.Хүрэлбаатар нартаа нийт уран бичээч хүүхдүүдийнхээ өмнөөс баярласнаа илэрхийж 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За, тэгээд 10 жилийн хугацаанд эхнээсээ л хамтарсан, өнөөдрийг хүртэл хамт яваа, олон сайхан найз нөхөд минь байгаа шүү дээ. Харин бас л П.Батбарсаа дүү маань багын найз “Мон-Алтон” ХХК захирал Ч.Бямбадалайгаараа 2 жил дараалан Солонгос улсын олимпод орсон “Алтон” брэндийн уралдааны ундаг дугуйгаар түрүүлсэн сурагчыг шагнуулснаар уралдааны маань идэвх, оролцоо нэмэгдэж, улсын хэмжээний уралдаан болж өргөжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг юм. Ч.Бямбадалай дүүдээ баярлаж явдгаа илэрхийлье. Бас нэг жил, короногийн жил байсан юм. Мөнгө олдохгүй хүндхэн үед миний найз, Сэлэнгэ нутгийн унаган бүсгүй Лхагважавын Энхгэрэл маань 500 мянган төгрөг уралдаандаа хэрэглээрэй, уран бичлэгт зориулъя гэж шилжүүлснээр “амь аврагдаж” байлаа. Бас “Төгөлдөр Буяннэмэх” сангийн тэргүүн Л.Амаржаргал эгч маань нэг жилийн наадмыг бэлэн хоёр сая төгрөгөөр ивээн тэтгэж байлаа. Л.Амаржаргал эгчтэй манай Хүүхдийн номын сангийн мэргэжилтэн С.Тунгалаг маань танилцуулсан ажил юм. Л.Амаржаргал эгчдээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Хүний тусыг хариулж чадахгүй ч, мартаж бас чаддаггүй билээ, би.

Ер нь тэгээд С.Хүрэлбаатар дарга, С.Тунгалаг бид гурав ойр дотныхоо найз нөхдийг уран бичлэгийн уралдаан дээр бол “ташна” даа, “ташна”. Тэр хоёрт маань ч гэсэн миний мэдээгүй тус хүргэсэн олон хүн байгаа байх аа гэж бодож байна.

-Уралдааны шүүгчид нь ямар хүмүүс байдаг бол гэж хүмүүс сонирхож байгаа байх?

-За би чинь эцэг эх, багш нарын хэл амнаас сүнсээ төөртөл айдаг хүн дээ. Тийм болохоор ямарч маргаан байхгүйгээр шүүгчдээ сонгох хэрэг гарсан тэгээд “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч СГЗ Б.Элбэгзаяа андаасаа тусамж хүсэж С.Алтанцэцэг эгч Б.Хандмаа дүү нарыгаа Ерөнхий шүүгчээр ажиллуулж эхэлсэн, Б.Хандмаа дүү маань сүүлийн 8 жил “Төрөлх монгол хэл” уран бичлэгийн улсын уралдааны ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Дүрмийн алдаан дээр энэ гурван хүнтэй маргах хүн Монголд байхгүй шүү дээ. Мөн уран сэтгэмж бичвэрийн ур чадвар дээр зураач, уран бичээч /Dorj Art/ Л.Мягмардорж, дизайнер, уран бичээч Г.Ганзориг хоёр маань тасралтгүй энэ наадмыг 10 дахь жилдээ шүүх гэж байна. Харин энэ жилээс уран бичээч, гэрэл зурагчин Их тугчин Ш.Гэрэлсайхан андыг урьж ажиллуулах бодолтой байгаа. Татгалзахын аргагүй санал тавина аа.  

Өө, нээрээ бас гурван шүүгчийн гар цайлгах ажил байдаг. Үүнийг номын сангийн хамт олон маань л зохицуулдаг даа.

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэчнээн хүүхэд танай уралдаанд хамрагдсан бэ?

-Жилдээ 30-40 хүүхэд, сүүлийн жилүүлдэд 50 гаран хүүхэд бүртгүүлж оролцдог болсон гэхээр 10 жилийн хугацаанд нийт 400-500 хүүхэд оролцож, 50 хүүхэд, 50 багшид медаль, өргөмжлөл мөнгөн шагнал олгогдсон гэсэн тооцоо гарна даа, зүгээр л дарууханаар хэлэхэд.   

-“Төрөлх монгол хэл” улсын уралдаанд оролцсоноор уран бүтээлийн гараагаа эхэлсэн хүүхдүүд олон байна уу?

Байлгүй яах вэ ? 2015 онд оролцож байсан 12-р ангийн хүүхэд гэхэд л одоо их сургуулиа төгсөөд ажил хийгээд, зургаан жил болж байна гэсэн үг шүү дээ. Тэд төрийн албаны монгол бичгийн шалгалтаа төвөггүй өгч ажлаа хийгээд, хамт олондоо монгол бичиг заагаад л явж байгаа шүү дээ. Энэ бол энгийн жишээ юм. Оюутан болчихоод уран бичлэгийн дугуйлан хичээллүүлээд дүү нартаа багшлаад эргээд шавь нараа уралдаандаа  оруулж байгаа олон хүүхэд байна. Зарим нь оюутан болчихоод  уралдаандаа оролцоно гэж ирээд нүдний нулимс унагаж байсан хүүхэд ч байна. Энэ ташрамд хэлэхэд оюутан сурагчдынхаа  “Төрөлх монгол хэл”  уран бичлэгийн уралдааныг л явуулах гээд бодож санах боловч спонсор гэдэг том асуудал байна шүү дээ. Уг нь 10 жилийнхээ ойгоор оюутан сурагчдынхаа анхдугаар наадмыг хийсэн бол бас нэг дэвшил болох байлаа. Тэгээд ч би өөрөө гуйлга гуйх, спонсор олохдоо их муу хүн юм аа.

-10 жилийн ойгоороо зохион байгуулах уралдааны онцлог юу байх вэ?

-Мөнгө байвал хийх ажлууд их л байлаа. Гэхдээ бүх ороцогч, хамтрагч  нараа ойн уралдаандаа хүндэт зочноор урьж оролцуулна. Өчигдөр харин “Чингис хаан” үндэсний музей маань хамтарч ажиллахаар болсон байна. Уралдаан маань хааны музейд болж байгаагаараа онцлог болох болов уу. Бас оролцогч, зочид маань бүгд хааныхаа музейг үзэх сайхан боломж нээгдэж байна.

-Цаашид уралдаанаа уламжлал болгон зохион байгуулах уу?

-Тэр мэдээж шүү дээ Хүүхдийн төв номын сангийн жилийн ажлын төлөвлөгөөнд байнга тусгагдаж хамтран явуулах болно. Энэ 10 жилийн ойг өөрөө хийгээд л дараа жилээс охин Б.Энх-Уянгадаа хариуцуулж үлдээнэ гэж бодож байгаа. Мэдээж одоо юм бүхэн нарийн болсон цагт охин маань “Төрөлх монгол хэл” нэрээ, мөн уран бичлэгийн уралдаанаа бусдад ашиглуулахгүй байх үүднээс Хүүхдийн төв номын сантай хамтарч эзэмших эрхээ оюуны өмчөөр баталгаажуулж авах байх.

-Танд баярлалаа. Удахгүй болох 10 дахь удаагийн уралдаанд нь амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг “Улирал ба зохиолч” сэтгүүлд олголоо

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын...