Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн “Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол” болон нийслэлийн Засаг даргын 14 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар нэгж хороолол байхаар төлөвлөгджээ. Төлөвлөлтөнд тусгагдсанаар 2020 он гэхэд тус талбарт нийт 37,700 хүн ам байхаар тооцсон бол одоогийн байдлаар хүн амын төлөвлөлт нь 68 хувьтай хэрэгжиж байна. Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудын төлөвлөлт сургууль 81,5%, цэцэрлэг 35%, эмнэлэг 85% хувийн хэрэгжилттэй байна хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга мэдээллээ.Тэрбээр орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны тодотголыг дэлгэрэнгүй мэдээллээд, 6 зорилтын хүрээнд төлөвлөлтийг хэрэгжүүлж байна гэлээ. Мөн орон сууцны хангамжийн төлөвлөлтөөр нийт 25293 өрхийн 91055 иргэн оршин суух бөгөөд 6 бүсчлэлд хуваагдахаар төлөвлөгдөж байна хэмээлээ. Энэ хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй 11 барилга байгууламжыг шинэчлэн барилгажуулах аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нэг хүнд ноогдох ногоон байгууламж нэмэгдүүлэхэд онцгой анхаарахыг сануулаад холбогдох бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай гэв. Тэрбээр “ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажилла.Тооцсон төлөвлөсөн тоо баримтаа хөрсөн дээрээ буулгаж ажиллах хэрэгтэй.Өнгөрсөн хугацаанд гарсан хүндрэл бэрхшээлийг давтахгүйн тулд энэ төлөвлөгөөг гаргаж ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй” хэмээлээ. Ийнхүү уг асуудлыг дахин судалж дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах тухай байсан юм. Нийслэлийн харьяа 8 байгууллагын 99 албан хаагч ажиллалаа. Энэ хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулалтын олон талын арга хэмжээг авч, орчны стандартын зөрчлүүдийг илрүүлж арилгах арга хэмжээг авч ажиллав. Үүнээс 456 байршилд стандартын шаардлага хангаагүй хашаа байсаныг илрүүлж, 252 байршлын хашааг шинэчлүүлж аюулгүй байдлыг хангажээ. Мөн зөвшөөрөлгүй 95 байршлаас 56 байршилд хашааг албадан буулгаж ажилласан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ. Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер тодотгон хэллээ.
Зориулалтын дагуу газраа ашиглаагүй байршлуудыг нийтийн эдэлбэр болгон тохижуулна
Нийслэлийн Засаг даргын энэ сарын 12-ны өдрийн 14 дугаар хуралдаанаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, орц гарц зэргээр төлөвлөж буй 20 байршлын газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тэмдэглэл гаргаж байв. Тус үүрэг даалгаврын хүрээнд Баянзүрх, Баянгол, Хан-уул дүүрэгт газраа зориулалтын дагуу эзэмшээгүй, 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй нийт 20 байршил байгаа аж.
“Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй 9, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн 11 байршил байгаа аж. Эдгээр 11 байршлын газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төсөл боловсруулж мэдэгдэл хүргүүлжээ. Харин 9 байршлын газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдээгүй байна. Учир нь газар дээрээ стандартын дагуух хашаа хайсыг барьж эзэмшиж буй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байна хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Газрын тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу 9 иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгож, газар чөлөөлсөн байршлыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгуулах саналтай байна гэв.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх байршлуудад нэг бүрчлэн ажиллаж хэрхэн ашиглаж болох талаарх судалгааг гаргасан байна. Нийт 60124м2 талбайг хамарч буй уг байршлуудад 3 ерөнхий боловсролын сургууль, 1 цэцэрлэг, амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх 6 талбай, орон сууцны гадна талбайн тохижилт, автозогсоол явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой 10 байршил байгааг судалгаагаар тогтоожээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангаж буй ажлыг сайшаагаад он дуустал үргэлжлүүлнэ хэмээлээ. Тэрбээр эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглах журмын төслийг боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын газар, Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгож дараагийн зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс