“Бүрэнхий” киногоор олонд танигдсан жүжигчин Кристен Стюарт удахгүй Диана гүнж, Чарльз хунтайж нарын салалтыг өгүүлэх шинэ кинонд гүнжийн дүрийг бүтээхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээллэснээр 1990-ээд оны эхэн үеийг харуулах энэ киноны зохиолыг Стивен Найт бичиж, найруулагчаар Пабло Ларрайн ажиллах аж. Найруулагч гол дүрийн жүжигчнээ “Кристен Стюарт бол өнөө цагийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг” хэмээн магтсан байна. Киноны үйл явдал Сандрингем тосгонд Диана гүнж бүтэлгүй гэрлэлтээсээ болж хэрхэн шаналж байгаа талаар өгүүлнэ.
“Бид бие даасан байдал, эмэгтэй хүн хатан хаан байх сонголтоос хүртэл татгалзаж чаддаг тухай түүх өгүүлэхийг хүссэн. Энэ кино бол Чарльз хунтайжтай учрахаасаа өмнө ямар эмэгтэй байсан, буцаад тийм эмэгтэй болохыг хүсч, шийдэж буй эмэгтэйн түүх” хэмээн Ларрайн ярьжээ.
Диана Спенсер 1981 онд Чарльз хунтайжтай гэрлэж, 1992 онд салж, 1996 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэгээд дараа жил нь авто ослоор нас баржээ.
Эх сурвалж: BBC.com