Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигчдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хийв. Хэвлэлийн бага хуралд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Сүхбаатар, чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Гэрэлтуяа нар оролцож дараах мэдээллийг өглөө.
Н.Энхбаяр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон байна. Энэ хэлэлцүүлгээр шүүх хуралдааны товыг энэ баасан гарагт товложээ. Иргэн Н.Энхбаярын тухайд СЕХ-нд гаргасан нэхэмжлэлийг тавдугаар сарын 26-нд шүүхэд ирүүлснээр маргааш нь шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн юм байна.
Л.Наранбаатар
“Сахигтун Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан энэ сарын 12-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болжээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Ганболдын гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаж, улмаар холбогдох ажиллагааг явуулахаар тус шүүх хуралдааныг хойшлуулж зургадугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт хийхээр товлосон байна.
Б.Ундармаа
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтаст хэргийг зургадугаар сарын 8-ны өдөр тус шүүх хүлээж авсан бөгөөд одоогоор шүүх хуралдааны тов гараагүй байна.
Ж.Эрдэнэбат
Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургадугаар сарын 3-ны өдөр болжээ. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт товлосон юм байна. Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн байна. Харин яллагдагч Ж.Эрдэнэбат, яллагдагч Б.Отгонбаатар нарт тус бүр 10 тэрбум төгрөгийн барьцааг зургадугаар сарын 9-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгосон ажээ. Ж.Эрдэнэбатад холбогдох Эрүүгийн хэрэг тавдугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирсэн байна. Ж.Эрдэнэбат шүүхэд хэрэг шилжиж ирсэн өдрөөс хойш өөрийн биеэр ирээгүй, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүхээс үзэн зургадугаар сарын 4-ны өдөр 10 тэрбум төгрөгийн барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм байна. Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шалтгаан нь шүүгдэгч нарт холбогдох хэрэг удаа дараа зарлагдахад Ж.Эрдэнэбат нь өөрийн биеэр ирэхгүй шүүх хуралдааныг хойшлуулсан нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзсэн байна.
Н.Номтойбаяр
НПГ-аас Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг тавдугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлээд гэм буруугийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 11-ны өдөр хэлэлцжээ. Уг хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа, Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-ны өдөр буюу энэ долоо хоногийн лхагва гарагийн 14:00 цагт товлон зарлажээ. Шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Д.Эрдэнэбат
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох 15 хавтаст хэргийг тавдугаар сарын 15-нд хүлээж авчээ. Зургадугаар сарын 4-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааны товыг зургадугаар сарын 11-ны өдөр зарласан боловч шүүгдэгч Д.Эрдэнэбат нь УИХ-ын ээлжит сонгуулийн ажилтай байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг шүүх хүлээж авч зургадугаар сарын 16 буюу маргааш 11.00 цагт шүүх хуралдааныг зохион байгуулахаар товложээ.
Э.Бат-Үүл
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр удаа, гэм буруугийн шүүх хуралдаан мөн хоёр удаа хойшилдоод байгаа. Шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг зургадугаар сарын 29-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан
Шүүх гуравдугаар сарын 23-ны өдөр С.Баяр нарт холбогдох 461 хавтаст хэргийг хүлээж авсан аж. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан бол тавдугаар сарын 11-ны шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлжээ. Тавдугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Баярын биеийн байдал тааруу, түүнийг нь эмч нарын магадлан бичгээр тодорхойлсон, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус, тус гаргасан байна. Шүүх хуралдааныг зургадугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт товложээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, Оюутолгойн гэрээ байгуулахад ажилласан ажлын хэсгийнхэнтэй уулзахыг хориглох, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх ажиллагааг тус тус өөрчилж 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчлөх, шүүгдэгч С.Баярт Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүмүүстэй уулзахыг хязгаар тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 5 тэрбумын барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгчдэгч Б.Бямбасайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилжээ.