Friday, November 22, 2024

Эх орны хилээс эзэн хүний сэтгэлийн хил хүртэл

Date:

Бидний Монголчууд “торгон хил”, “дархан хил” хэмээн хэлж ярьдаг нь зүгээр нэг чимэг үг яавч биш. Үл хөндөгдөх, торгомсог нарийн нандин хийгээд онголж бат бөхөөр дархалсан гэсэн утгыг энэ хэллэгт урлан шингээсэн байх ажээ. Монгол улсын минь зүүн өмнөд хилийн 999 тоот баганын дэргэд энэ үгийн утга сэтгэлд улам тод гэрэлтвэй. Хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй иргэн улсын хилийн бүсэд нэвтрэх тохиолдолд зөвшөөрөл авч байхаар “Хилийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад заасны дагуу хил хамгаалах байгууллагад албан ёсоор хандаж, Онгон сум дахь хилийн отрядаас хошууч О.Мөнхбаатар газарчлахаар бидэнтэй нэгдэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан бид нар Дарьганга дахь Алтан-Овооны их тахилгад оролцоод ээлжийн амралтын чөлөөнд эх орныхоо торгон хилийн түүх уламжлал, ахуй байдал, хилчдийн аж амьдралтай танилцахаар дархан хилийн мөнхийн харуул болсон домогт Шилийн Богд уулнаас аяллаа эхэлсэн нь энэ бөлгөө. Шилийн Богдоос тэртээ доорх уулсыг орой  дээрээс нь тольдоно. Зүүн өмнө тийш халиавал, нэгэн их хүрээ шивээ мэт ханалсан уулын орой цухуйна. Үүнийг “Агтын хүрээт” гэнэ. Ер нь бол галт уулын тогтоц. Чингис хаан адуугаа энэ хүрээнд хурааж байсан гэх домогтой. Түүнээс цааш дөрвөлжин оройт хар уул харагдах бөгөөд түүнийг Сэнжит хар өндөр гэнэ. Баруун урд өлмийд нь сүүхийх хадан цохио бол эрт галавын цагт галт уулын тургилтаар шидэгдсэн сэнжит чулуу, алсад бас нэгэн ийм цохио үзэгдэх бөгөөд хоёр сэнжит хадны хооронд зэл татан Чингис хааных унагаа чагталж гүүгээ барьж байсан гэж домоглон ярилцаж, үеийн үед үр удамдаа хоногшуулан үлдээжээ.

Иймэрхүү домог Дарьганга нутагт олон билээ. Чингис хаан Гангын цагаан овоо уулан дээр сандайлж суугаад Дөш уулан дээр сэлмээ давтаж, Ганга нууранд дүрж хат аагиулж байсан гэх. Уул усандаа шингээсэн ийм уран домгууд нь нэг талаас энэ нутагт болж өнгөрсөн түүхийн дурсамжийг хадгалахын хамт газар нутгаа бүртгэлжүүлэн баталгаажуулж, хойч үеийнхний ой санамжинд үлдээж буй нүүдэлчин соёлын ул мөр болой. Чингис хааны гүүн зэлний уяа гэх хадан цохионы дэргэд хилийн харуулын байр байна. Ээлжийн харуулд гарсан цэргүүдийн нэг нь биднийг дарцаг даллан тосож, харуулын байрандаа сүүтэй цай, шинэ өрмөөр дайлав. Харуулын байрны хана дахь номын тавиурт ноортол уншсан хэдэн ном байна. Ганзаганд яваагаасаа “Шилийн Богд” роман тэргүүт хэдэн номоо гаргаж номын санд нь өргөв.

Б.Энх-Амгалан гишүүн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувиар ялангуяа хөрш орнуудын иж бүрэн түншлэл, улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

Саахалт айлын санаа нэг гэж сайхан монгол үг шүү. Хаяа дэрлэж буй хөршүүдтэйгээ ямагт эв эеэ сахиж, итгэл ойлголцолоо бэхжүүлж байх ёстой хэмээн тодотгон өгүүлээд, хязгаар нутгийг эзэнгүйдэхээс ямагт сэргийлж, хилийн бүсийн сум сууринг хөгжүүлэх, малчдыг ч бид дэмжих хэрэгтэй юм. Ялангуяа гэрээт хилчдийн бодлого чухал. Монгол нүүдэлч малчид, тэдний нутаг ус, өвс бэлчээр, мал сүргээ им тамга, үс зүс, биеийн галбир төрхөөр нь ялгадаг гярхай ажигч чанар нь хил хамгаалалтын сонор сэрэмжийн давуу чанар юм хэмээн нэмж өгүүлэв. Тэрбээр өндөр хөгжилтэй орнуудаар айлчлаад яваа харагддаггүй. Харин өмнөд хөршийн Хянган аймаг, Манжуур, Улаанцав, Бугат, Алшаа аймгуудад эдийн засаг хамтын ажиллагаа, ард иргэдийн бизнес, соёлын солилцоог дэмжих экспо-үзэсгэлэн, форумуудыг байнга зохион байгуулсан байдаг юм. Хойд хөрш рүүгээ ч мөн адил. Уралын нуруунаас нааш Нобосибирск, Красноярскийн хязгаар, Тува, Буриад, Эрхүү мужтай хамтын ажиллагааг өргөжүүлж, улмаар хоёр улсын ерөнхийлөгчийн ивээлд “Монгол-Оросын санаачилга” хэмээх томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Тэрбээр “Эдийн засгийн коридор”, “Торгоны зам” хөтөлбөрийг ямагт дэмжиж байдаг. “Улаанцав, Улаанбаатар, Улаан-Үд” хотын форумыг зохион байгуулсан бөгөөд уг коридор нь Европ, Азийг холбох гол зангилаа тул улмаар олон улсын авто замын транзит тээврийг хөгжүүлэх бодлогоор тэлж үргэлжлэх эхлэл тавигдсаныг түүний ярианаас мэдэж авлаа. Ламтын заставт хоноглоод өглөө эрт хажууханд нь байх хүн чулуун хөргүүдийг очиж сонирхов. Ягаан шаравтар элсэрхэг боржин чулуугаар урласан хоёр чулуун хөрөг өмнө тийшээ хилийн зүг ширтэж зуун зуун жил энд зогсчээ. Монгол орны хязгаар Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Шонх таван толгойн XIII зууны ихэсийн дүрийг урласан хүн чулуун хөргөөс эхлээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Наран сумдын нутгаар хилийн дагуу зэллэсэн эдгээр дурсгалууд нь алтан урагийн язгууртны тахилын зориулалттай хэмээн түүхч, археологчид үздэг билээ. XIII, XIV зууны хаад ихэс, язгууртны их хориг хан Хэнтий ууланд буй гэх авч тахилгын чулуун хөргүүд Дорнын хээр тал, ялангуяа Дарьгангын бүс нутагт тавь жараараа хил манах мэт зэллэн орших нь ямар учиртай вэ. Үүнийг нарийвчлэн шинжлэх нь чухал болох тухай Б.Энх-Амгалан гишүүн бид ярилцаж явлаа.

Бидний сонирхон үзсэн, Ламтын хэмээн алдаршсан нэг дор зэрэгцэн зогсох энэхүү хоёр хүн чулуун хөрөгт ямар хаад ихэсийн дүрийг урласан байж болох талаар таамаг дэвшүүлцгээж явлаа. Хаад ихэсийн аяны исэр суудалд тухалж, баруун мутараа тахилын идээний цом барьж, зүүн мутартаа өвдөг тус ихэмсэг тавиад, гоёмсоглон сүлжиж нугалсан шивэлгэр үсээ үзүүр тус бөмбийлгөн боожээ. Дээдсийн ямбалаг бөгөөд намбалаг малгай  тэргүүндээ асаажээ. Оройдоо жинстэй байсан ором нь үлдэж, тавиур урт шилтэй малгайн залааг ар шил рүүгээ нуруу давуулан унжуулсан байх аж. Царай нүүрний төрх хийгээд биеийн галбирыг үзвэл хүүхэд төрхтэй. Эл хоёр хөргийн эзнийг шууд оноож тогтоож болмоор санагдав. Юань гүрний хүчирхэг үе бууран доройтох тийш хандсан цаг нь хаан ширээ тогтворгүй болж, олон хатадын дунд өөрийн хүүг хаан сэнтийд суулгахын төлөөх тэмцэл хурцадсан үед балчир хүүхдийг хаан болгож байсан түүх бий. Хүслэн хааны хөвгүүн Ринчинбал, Эсэнтөмөр хааны хүү Ашидэв нар арав хүрэхгүй насандаа хаан ширээнд залагдсан боловч хэдхэн сар суугаад үл мэдэх шалтгаанаар нас барьсан түүх байдаг. Магадгүй энэ хөргүүд  Ринчинбал, Ашидэв хоёрынх байж болох талтай. Тайваний хааны музейд хадгалагдан үлдсэн Ринченбал хааны зурмал эш хөрөгтэй тулгаж үзвээс царай төрх, бумбагар хацар, үсний засалт, дээл малгайны байдал зөрөхгүй таарч байлаа. Ер нь цаашид ялангуяа Алтан-Овооны хаан, хатан хөрөг болон Онгон сумын Таван толгойн цагаан гантиг хөргүүд аль хааных болохыг судлан тогтоох төсөл хэрэгжүүлэх нь чухал юм. Хил дагуу татсан төмөр торон хашлагын дагуух замаар явсаар Молцог элсний зүүн өмнө тийш хилд тулан төгсөх хормойг шүргээд түр буудаллав. Торгон хилийн дээсэн дээр  гүйлс, харгана сагсайн ургасан багахан элсэн бөөргийг Монгол элс хэмээн нэрлэж, үзүүрийн өндрийг Монгол толгой гэсэн нь хил хязгаар нутгаа дархлан баталгаажуулсан монгол нүүдэлчдийн язгуур соёлын ул мөр ажээ. Монгол элс гэх нэр Увсын их нуруудын хотгор, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завханы Алдархаан, Булганы Хөгнөхан уулын өвөрт бий. Монгол орны хангай, тал, говийг дамнан баруун хойноос, зүүн өмнөд зүгийг чиглэх элсэн тогтоц яг л зэл мэт сунайн үргэлжлэхдээ үе үе “Монгол элс” хэмээх нэрийг сануулсаар байх нь бас л нэг нарийн утга учир өгүүлнэ.

Молцог элсний өмнө торгон хил дээр дүнхийх майхан шиг цэнхэр уулыг Баяндулаан гэнэ. Баяндулаан уул бол эртнээсээ цэргийн хар сүлд цэнгүүлдэг, тахилга улирсан хайрхан билээ. Алтан-Овооны сахиус нь цагаан саарал хүлэгтэй хүлэг баатарын дүртэй бөгөөд Далх тэргүүт сахиустай цуг тэнгэрийн оронд заларч, дайн самуун, гамшиг зовлонгоос ард олныг гэтэлгэдэг тухай судар номд өгүүлдэг билээ. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Монгол-Зөвлөлтийн арми, зүүн хойд Хятад Өвөрмонголыг Японы түрэмгийлэлээс чөлөөлөхөөр Алтан-Овооны хажуугаар Молцог элсийг туулан Баяндулаан хайрханы бараа харж өнгөрөхөд цагаан хүлэгтэй дайны сүлд сахиуснууд их цэргийн цувааг дагаж явсан гэж нутгийнхан домоглон хэлэлцдэг билээ. Наран сумын төв бол хилд хамгийн ойрхон орших суурин бөгөөд яг энд Ардын хувьсгалын үед Зүүн өмнөд хязгаарыг тохинуулах цэргийг дайчлан захирах сайд хичээнгүй баатар, гүн Гомбо-Идшингийн хороо байрлаж байсан гэдэг. Наран сумын төвд байгуулсан яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг үзэж саатав. О.Дашбалбар маань эх орны торгон хил дээр төрж өсч бойжсон хүү бөгөөд жинхэнэ цогт эх оронч хүн байсан нь бас л төрсөн газрынх нь төөрөгтэй ямар нэгэн шижмээр холбоотой буй заа. Дарьганга нутгийн их зохиолч Д.Маамын “Газар шороо” роман бол нутаг ус, эх орны газар шороог өмгөөлсөн гайхамшигт туульс билээ. Дарьгангачууд газар шорооны үнэ цэнийг үе дамжуулан эх оронч хөвгүүдийнхээ оюун санаа, мах цусанд шингээсэн болохоор  тэдний туурвилуудын сэдэв өгүүлэмж  түүнээс үндэслэсэн нь магадтай. Аян замын хууч яриа ийн хөвөрсөөр байлаа.

Дарьгангын түүх бол чухам хил хязгаарын түүх гэлтэй. Тооройбанди тэргүүт шилийн сайн эрсийн хөдөлгөөн бол монголын эд баялаг, үүлдэр угсаа сайт мал сүргийн удмын санг хамгаалан тэмцсэн их тэмцлийн түүх юм. Монголын олон арван ноёд ихэс отго жинс албан тушаал, амин хувийн эрх ашгийн төлөө алт эрдэнэс, түүх соёлын ховор дурсгал, шилдэг адуун сүргээ Манжийн хаад дээдэст бэлэг болгон барьж урагш туулгадаг тэр урсгалыг шилийн сайн эрс тогтоон барьж байсан бөгөөд миний бичсэн “Шилийн богд” романы гол баатар болох Тооройбандийн тэргүүлсэн сайн эрсийн түүх нь өдгөө цагийн эрх мэдэлтнүүдийн эх орны баялагийг харийнханд найр тавьж буйг цагийн толинд дам  тусгаж сэрэмжлүүлсэн өгүүлэмж хэмээн судлаачид тэмдэглэж буй нь үнэний хувьтай. Эдүгээ цагт гэрээт хилчид гэдэг шиг Тооройбандийн гэр бүл бол Дарьганга нутаг дахь дээдсийн онгон тахилгат газар нутгийг хамгаалан сахигч тангарагтан хүмүүс байжээ. Энэ бол нөгөө талаас бас л хилийн түүх мөн. Бударын чулууны засвтавт ирж саатав. Бударын чулуу бол Монгол Алтайгаас зүүн тийш сунаж үргэлжилсэн чулуурхаг тогтоц болох  Дундговийн Их газрын чулуу, Бага газрын чулуутай төстэй байгалийн урласан үзэсгэлэнт чулуун хот балгад юм. Бударын чулууны тал хэсэг нь Өвөрмонголын Зүүн Сөнөд хошууны нутагт үргэлжилнэ. Сүмтэй Бударын чулуу гэж Данзанравжаа хутагтын шүлэг дуу бий.  Бударын чулуун дунд эртний нэгэн бяцхан сүмийн туурь байх бөгөөд түүнийг “Өвгөн хурал” хэмээнэ. Нутгийхны дунд үлдсэн хууч яриагаар Тулуй хаан байгуулсан гэх домогтой дияаны энэ сүмд улс орны үнэт эрдэнэс, ихэс дээдэс, төрийн мэргэд хот суурин сүм хийдийг хамгаалах гар тулалдааны урлагийг цөөн шавьд зааж сургадаг байсан гэдэг.

Данзанравжаа хутагтын дэргэдийн шавь Сайнбуян энэхүү Өвгөн хурлын сүмд дияаны эрдэмд суралцсан тухайд би өөрийн романууддаа бичиж байсан юм. Тооройбанди бас энд суралцаж байсан бөгөөд улмаар сайн эрсийн хөдөлгөөнд татагдан орсон байдаг. Улс орны үнэт баялагийг хамгаалах тулалдааны урлагийг эзэмшсэн  хамгаалагчдыг бэлтгэх нь хэзээнээсээ төрийн бодлого байжээ. Бударын чулуун дахь хуучин сүмийн туурь үүнийг сануулан нойрсоно. Дараачийн заставыг манай нутгийнхан Харагчин хэмээн нэрлэдэг билээ. Гүү барьсан харагдана. Айраг сэнгэнэж, шинэ өрөм бяслаг ширээн дээр өрөөстэй харагдана. Хилийн заставын амьдрал өвөрмөц. Эрчүүд нь хил хамгаалах үүргээ биелүүлж, гэргий хүүхдүүд нь багш, тогооч, эмч, бариач, үйлчлэгч гээд амьдралд юу хэрэгтэй байна, тэр бүхнийг эзэмшинэ. Төв суурингаас хөл болохоор талх тариа, амттан шимттэнээ хүртэл өөрсдөө “үйлдвэрлэнэ”. Монголчуудын “молоко” хэмээн нэрлэдэг өтгөрүүлсэн амтат сүүг энэ заставын хүүхнүүд өөрсдөө “үйлдвэрлэж”. Амт гэж төгөлдөр болжээ. “Молоко”-г яаж хийдэг юм хэмээн асуувал, технологийн нууц аа хэмээн наргиан болгож байна. Далан он сан. Тавин жилийн тэртээх бяцхан хууч дэлгэхэд арван наймтай хүү би бээр багшийн диплом өвөртөлж, Дорноговь аймагт томилолт аваад алс хилийн зэлүүд суурин болох Замын-Үүдэд хуваарилагдаж билээ. Онгон элсний хормойноос нэг солбио шар атанд авдартай ном, жаахан цагаан идээ тэгнээд ааваараа хүргүүлэхээр хоёр морьтой гарч энэхүү Харагчингийн заставт хоног таарсан юм. Аав минь заставын дарга нартай уулзаж, сураг  алдраад жил гаруй болсон хурдан морьныхоо сургийг гаргаж бөөн баяр болов. Хаврын шуурганд олон адуу хил даваад хилийн хэлэлцээрээр буцааж авсан сүрэг дотор манай эрдэнэ тамгатай сартай хар морь байжээ. Хилийн тухайд өгүүлэх бяцхан боловч түүх л юм даа. Аав бид хоёр морь, солбио шар атаа заставт орхиж, цэргийн ногоон гуч машины бүхээгт сууж Улаан-Уулын отряд хүргүүлээд тэндээсээ вагоноор Замын-Үүд орж билээ. Өдгөө бид бараг л тэр замаар явж байв. Хил дагуу татсан хамгаалалтын ган утсан хашлага ганц ч газар суларч, багана бэхэлгээ нь ганхсангүй. Замд таарах хилийн харуулын байр тохьтой. Морьтой мотоциклтой хилчдийн сонор сэрэмж сайн байгаа нь юутай дотно сайхан санагдсаныг хэлэх  хэрэгтэй. Өмнөд дархан хил маань ёстой торго мэт нандин байна. Элчилгүй их хээр тал үргэлжилнэ. Баруун гар талд эх орон, зүүн гар талд хүний нутаг. Газар дэлхийн хувьд адилхан ч хээр тал, өвс ургамал, харин туурга тусгаар улс орнуудын хувьд хил хязгаар гэдэг бол мөнхийн эрх ашиг бөлгөө. Тал дунд хааяа нэг хөх уулс зэрэглээнд мяралзана. Аргалын уул тэртээд сүүмэлзэнэ. Монголын түүхэнд мичин жилийн зуд хэмээн нэрлэгддэг 1944 оны өвөл цасан шуурганд далан мянган адуу мал уруудан хил дээр бөөгнөрөхөд Баянмөнх сумын дарга Т.Балдан, намын үүрийн дарга Дамбадаржаа нар нутгийн олныг зохион байгуулж бүтэн гурван өдөр шөнөгүй байгалийн догшин хүчинтэй тулалдан эх орны баялагийг авран хамгаалсан түүхтэй. Бид яг тэр газраар явж байв. Мөн үед Хөхбулагийн заставын дарга Лхагвадоржоор удирдуулсан хилчин дайчид ард олонтойгоо хүч нэгдэн шуурганы дараа тэр их сүргийг гурван сарын турш тогтоон барьж Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Дундговь аймгийн малчдад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн гайхалтай түүх буй. Их эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуай энэ түүхээр “Их говийн зоригт хүмүүс” хэмээх найруулал бичиж үлдээсэн юм. Тэр найруулалд Өвөрхангайгаас уруудсан олон адуу дундаа сарлагийн бухыг хавчуулаад хил дээр аваачсан тухай дүрсэлсэн нь тэр шуурганд уруудсан адууны сүр хүчийг нь харуулдаг юм. Заставын дарга байсан Лхагвадорж дараа нь 1947 онд Байтаг Богдын тулалдаанд гарамгай гавьяа байгуулж Монгол Улсын баатар болсон билээ. Хил бол тодроогүй баатруудын эгэл өдрүүдийн  үл анзаарагдах түүх шаштир хадгалсан эх орны домогт хязгаар болой. Эх орон дуудахад баатарлан босдог өлгий юм билээ.1966 онд Дарьганга нутаг болсон их цасан шуурганд аав минь  нэгдлийн 1000 гаруй хонийг хоёр хоног осолгүй тогтоон барьж “шударга журам” медалиар энгэрээ мялааж байсан юм. Дарьгангын малчид хүүхнүүд нь хүртэл хилчин гэлтэй. Миний мэдэх Дарьганга, Наран сумын хоёр ч малчин эмэгтэй хил зөрчигчийг барьж “Онц хилчин” болж байсныг мэдэх билээ. Одоо хилийн бодлого нь энх цагийн жамыг дагаж найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг соёлын солилцоог өргөжүүлэх боломжийг буй болгож байгаа тухай бид ярилцав. Б.Энх-Амгалан гишүүн бид давуу талаа хөгжил болгох ёстой юм гэсэн үгээр яриагаа үргэлжлүүлэв. Бид дэлхийн зах зээлд гарахад зөвхөн хоёр хөршөөр дамждаг, дээр нь далайд гарцгүй сул талтай. Гэвч сул талаа давуу тал болгох хэрэгтэй. Хоёр талын их хөршүүдийн зах зээлд гарах боломж бол манай давуу тал юм гэж хэлэв. Тэрбээр энэ боломжийг олж авахын тулд хиллэн хөршилж буй зах хязгаарын харилцаагаар дамжин зах зээлийн гүн рүү том коридор нээгдэнэ.

Хоёр хөршийн тэр коридорыг уужим болгосноор дэлхийн бусад орнуудын зах зээлд гарна гэж үздэг юм байна. Тиймээс ч Белорустай түншилж Брестээр дамжин Европын зах зээлд авто зам, төмөр замын сүлжээгээр нэвтрэх олон улс дамжсан транзитийн чингэлэгт тээврийг хөгжүүлэх, ялангуяа Белорусын вагоны үйлдвэртэй харилцан өөрийн оронд вагон усграх үйлдвэр байгуулснаар уул уурхайнхаа бүтээгдэхүүнийг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх эдийн засгийн эрх ашгийн тухай тун холын бодолтой яваа ажээ. Биднийг Онгон сумын отрядын харьяа хилийн заставаас офицер Н.Бумцэнд, У.Түвшинбат нар үдэж, нутгийн дээсэн дээр Улаан-Уулын отрядын харьяа заставынхан угтаж авлаа. Орой бүрий болох үед Улаан-Уулын отярдад ирэв. Отрядын хүрээнд хилчин цэргүүд жагсаж, рапорт өргөж хүлээн авлаа. Б.Энх-Амгалан гишүүн бол Улсыг аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан хурандаа цолтой хүн. Отрядын штабын дарга, хурандаа Я.Түвшинбаатар бидэнд ажлаа танилцуулав. Бид аяны агсаагаа гаргаж  халуун усанд орж саунд суун алжаал тайлаад Эрдэнэ сумын зүг хөдлөв.

Б.Энх-Амгалан гишүүн Улаан-Уулын хилийн отрядад мотоцикл, Онгон сумын хилийн таван заставт компьютер бэлэглэж буйгаа мэдэгдээд, цаашид хил хамгаалалтанд технологийн дэвшлийг ашиглах, тухайлбал шинжлэх ухааны шинэхэн ололт болсон нисдэг дуран буюу дроныг ашиглах, алсын удирдлага, мэдээллийн сүлжээг сайжруулах, хилийн түгшүүртэй үед бэлэн байх техникийн чадварыг нэмэгдүүлэх, цалин тэтгэмж, хилчдийн гэр бүлийн гишүүдийн хангамж, ажлын байр зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Түүний сэтгэл дотор үндэсний язгуур эрх ашигтай холбоотой холыг харсан, өргөн цар хүрээтэй далайцтай том асуудлууд эргэлдэж байдаг ажээ. Бид хилээс умар зүг жолоогоо эргүүлж Эрдэнэ сумын нутаг дахь Бүрдэнэ элсний сувилалд ирж тухлав. Аяны майхан ачаа бараагаа буулгаж цуг яваа эхнэр хүүхдүүддээ өрөө түрээсэлж их ажлын байдлаас амралтын горимд шилжив. Нэгэн зүйл тайлбар хэлэхэд, бидний энэ удаагийн аялал бол ээлжийн амралтын чөлөө цагаараа  өөрсдийн унаа хөсгөөр  гэр бүлийнхээ гишүүдэд,  ялангуяа хүүхдүүдээ эх орны тухай мэдлэг мэдээллэл өгөх зорилготой аялал байлаа. Гэсэн ч эх орны тухай, хил хязгаарын тухайд утга санаа уугуул зорилгынхоо хүрээг тэлсэн төдийгүй цаашид хилийн бодлогод санаа авахуйц мэдлэг мэдээлэл баяжсан ажил хэрэгч  “томилолт”  боллоо.  Гишүүний хувьд Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар чамгүй судалгаа мэдээлэл базааж авах шиг боллоо. Ялангуяа хүүхдүүдийн хувьд тод дурсамж үлдэх нь мэдээж. Бичээч надад бол үзэг цаас нийлүүлэх сайхан завшаан байв.

Бүрдэнэ элсэнд үдээс хойш З.Алтангэрэл тахилч маань Хамарын хийдээс хүрэлцэн ирэв. Бид Данзанравжаа хутагт 108 хоногийн Жод Лүйжингийн номоо дүвлэж, бясалгал үйлддэг байсан элсэн бөөргийн тахилгын чулуун хүрдний дэргэд майхнаа барьж тухлав. Эхнэр хүүхдүүд элсэн дээгүүр хөл нүцгэн гүйлдэж, хээрийн цайны үнэр ханхалж ёстой энд диваажингийн жаргал эдлэнэ. Тахилч, гишүүн, бид гурвын яриа үргэлжлсээр долоон бурхан орой дээр ирэхэд ид дундаа байлаа. Бидний яриа шашин соёлын өвийг судлах хамгаалах сэдвээр өрнөдөг уламжлалтай. Өвөр Монголын Урад зүүн хошууны Бадгарзуу хийд дэх Данзанравжаа хутагтын түүхэн дурсамж, Буриадын Игэтийн дацанд буй Монголын түүхтэй гүн холбоотой Занданзуу бурхны тухай судалгааг үргэлжлүүлэх тухай ярилцлаа. Данзанравжаа хутагтын Монголын өмнөд хил дагуу байгуулсан буддын шашны улааны төвүүд болох Хамарын хийд, Галбын гурван хийд, зүүн тийш үргэлжлээд  Бударын чулуу дахь эртний Өвгөн хийд, Егүзэр хутагтын хүрээ тэргүүтэн улааны хийдүүд бүгд Монголын өмнөд хязгаар нутгаар  зээглэн байрласан нь санаандгүй явдал огт бус ажээ. Улааны хийдүүдэд Ловончимбо бурханыг хил хязгаар нутаг, мал сүрэг, эд баялаг, хүн ардаа магадашгүй аюулаас хамгаалах номын хүч оршоон өмнө зүгт харуулж залдаг учрыг тахилч маань тайлбарлаж өгөв. З.Алтангэрэл тахилч маань Данзанравжаа хутагтын адисласан энэ гайхамшигт баян бүрдэд ерөөл учрал таацсан өдрийг сонгож хүрэлцэн ирэхдээ нууц сан хөмрөгөөсөө хэдэн нандин эрдэнэ авчирч газар  лусын  эздийг баясгаж, бидний нүд сэтгэлийг гийгүүлэв. Түүний дотор нэгэн цагт Данзанравжаа хутагтын номын шид хүчээр Шамбалын бороо болж буусан гэх үрлэн чулуун дуслуудыг үзүүлсэн нь энэ насандаа гайхан тайлж баршгүй гайхамшиг байлаа. Бидний яриа дуусах янзгүй. Бид шөнө дундаас хойш жаахан дугхийгээд босоход тахилч маань цурам ч хийгээгүй дээдсийн сүлд тахилга, нууцсын сан хөмрөг хадгалсан их ай сав болох эх нутгаа халиаж сууна. Нэмэж хэлэхэд, нандин өвийг  орших газраас нь хөдөлгөсөн учраас аймгийнхаа аюулгүй байдлын хамгаалалтын албанаас хүн авч явсныг дурдсу. “Хил” хэмээх үгийн чинадад ” тусгаар тогтнол”, ” аюулгүй байдал”  гэх утга оршино. Соёлын өв бол чухамхүү үндэсний дархлааг тогтоон барих хил хязгаар юм даа. Б.Энх- Амгалан дүү эх орныхоо торгон хилийг бүтэн тойрсон тухайгаа, баруун хязгаар Баян-Өлгийн Сыргалийн заставт очиж,  хилчидтэйгээ мориор Алтай таван Богд дахь эх орны 01 дэх хилийн баганад хүрсэн түүхээ, хойд хилийн Минжийн хангайн хилчдийн амьдралын тухай, зүүн хойт хилээр аялахдаа  Дадалын отрядын даргын ярьсан цагаан барсын арьсны  адал  сонин домог хууч хүүрнэж бид ч бас дагаад хилээр аялсан мэт болов. Тэрбээр Монгол орны хилийн хамгийн баруун цэг болох Хүйтний оргилд Ерөнхийлөгчийн зарлигаар босгосон соёмбот хүрэл баганад очсон зургаа утаснаасаа үзүүлж, би ч бас хоёрхон сарын өмнө Монгол орны хилийн хамгийн зүүн цэг болох Соёлз уулын Модот хамар дахь соёмбот баганын сониноосоо хуваалцав. Эх орны хилийн дөрвөн цэг дээр байгуулсан Соёмбот хүрэл цамхаг дээрх урлал бол чухам эх орны  түүхийн хүрэл дуулал болжээ. Төрийн шагналт уран барималч Ганхуягийн бүтээл билээ.  Монгол төрийн дархлаа, үнэт зүйлсийг үеийн үед энэчилэн дархалж байх тухай, ард түмний оюун санааны хилийн дархлаа гэж байх тухайд  ч бид ярилцлаа.

Тахилч маань өглөө Хамрын хийд рүүгээ буцах болж, одоо цаг нөхцөл байдал өөр болж байна. Хилийн зүгээс сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ хилийн дотор талд ороод ирчихсэн аюулыг бид сонор сэрэмжтэй харж байх ёстой. Хил хамгаалах асуудал нь бүр хилийн дотор ч байх хэрэгтэй гэж ярилцсантай  санал нэг байна. Миний хувьд тахилчийн үйлийнхээ шалтгаанаар Богд уулын зүгээс нийслэл рүү харуулж Ловончимбо бурханы дүрийг сүрлэг томоор бүтээх ажлаа  эхлүүлж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт бол шашны зан үйлийн гэхээсээ илүүтэй эх орноо харийн оюун санааны халдлагаас хамгаалах утга учиртай юм гэвэй. Хил хязгаарын аюулгүй байдлын асуудал нь торгон хилийн харуул манаа, хилчдийн асуудал төдийгүй хүн ардын сэтгэлийн хилийг алхахаар завдаж буй оюун санааны халдлагын тухайд сэрэмжлэх зүйл гэдэг маш чухал үгс бид гурвын, ер нь бид бүхний зүрх сэтгэлд бат хоногшсон бөлгөө.

Г.Мэнд-Ооёо (Соёлын гавьяат зүтгэлтэн) 2018.08.15, 2020.05.2

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...