Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв.
“Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход 723 нэгж талбарт 1173.2 га газарт өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байна. Нийт 723 нэгж талбарыг газар ашиглалтын төрлөөр авч үзвэл 184 өмчлөгч, 521 эзэмшигч, 18 ашиглагч эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Ажлын хэсгээс цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүсийн хэмжээг тодорхой хэмжээнд өөрчлөх саналыг оруулж байна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж болон алслагдсан дүүрэг, хороодод байрлах цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг барилгын норм стандарт заасан дээд хязгаараар 150-500 метрээс тус тус тогтоож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, баталгаажуулах саналыг оруулж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ.
Хотын Захирагчийн зүгээс орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн газрыг баталгаажуулах тухай танилцуулгын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган газрын нөхөн олговрыг тооцож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газрыг баталгаажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн шинээр төлөвлөн ашиглалтад орох цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын насос станцын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох хууль, норм дүрмийн дагуу тогтоон төлөвлөж байхыг Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон байна.