Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхлэн, Монгол Улсын 11.398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад энэ оны тавдугаар сарын 08-нд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Энэхүү хэргийг эргэн сануулахад Бүгд найрамдах Казахстан Улсын иргэн Ж.Марат гэгч этгээд Монгол Улсын 12000 иргэнийг залилан мэхэлж, 22 тэрбум төгрөгөөр хохироосон гэх асуудал 2017 онд анх олны сонорт хүрсэн юм. Энэ мэдээлэл, гомдлын дагуу “Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг 2017 оны гуравдугаар сард баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Мөн түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоолгохоор болсон байна.
Казахстан улсын иргэн Ж.Марат 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Жи тайм корпорэйшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг байгуулж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байжээ. Тус компаниа байгуулсан даруйдаа Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэмжлэгтэй байгуулагдсан “Жи Тайм” корпораци дэлхий дахинд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тус корпорацийн Монгол дахь салбар болох “Жи тайм корпорэйшн” ХХК-ийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмжиж байгаа гэдэг хуурамч мэдээллийг цацсан нь олон нийтэд асар их итгэл үнэмшил төрүүлжээ.
Тус компани “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж Казахстаны “Шунгит” ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх мэдээллийг Монгол Улсын холбогдох байгууллагууд өгсөн боловч энэхүү үйл ажиллагааг явуулаагүй. Харин “Бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ” гэх тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байсан нь Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар тогтоогдсон байдаг.