Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2010 оноос хойш жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь бямба гарагийг Мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил 11 дэх удаагийн Мод тарих үндэсний өдрөөр Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” уран бүтээлийн нэгдлээс санаачлан, төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сан хамтран, Хэнтий аймгийн ИТХ, Хэрлэн сумын Захирагчийн дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн төв Чингис хотод “Хан Хэнтийн салхи” яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, мод тарьжээ.
Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг, аймгийн нийтийн номын сан, “Хан Хэнтий” чуулгын өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой хэсгийг ийнхүү “Хан Хэнтийн салхи” яруу найрагчдын цэцэрлэг болгож, Хэнтий нутгаас төрөн гарсан төрийн шагналт зохиолчид болох Хөдөөгийн Пэрлээ, Сэнгийн Эрдэнэ, Нямбуугийн Нямдорж, Ренчиний Чойном нарын нэрэмжит моддыг суулгаснаар мод тарих үйл ажиллагаа эхэлжээ. Найрагчдын нэрэмжит цэцэрлэгт мод тарихаар Улаанбаатар хот болон Дадал, Баян-Адарга сумаас “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн бөгөөд Чингис хотноо ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж буй найрагчид нэгдсэн аж.
Яруу найрагчдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавьж мод тарих үйл ажиллагаанд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сангийн захирал Ж.Тогтох нар оролцжээ.
“Хан Хэнтийн салхи” яруу найрагчдын цэцэрлэгт энэ удаа улиас, хайлаас, шар хуайс, гүйлс, чацаргана зэрэг нийт 160 гаруй мод тарьжээ. Цаашид уг цэцэрлэгийг тохижуулж, гэрэлтүүлэг хийж, сүүдрэвч барих, тарьсан моддыг усалж, арчлах зэрэг ажлыг Чингис хотын тохижилтын байгууллага хариуцан хийх юм байна.