Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дүү Ким Ё Жонтой хамт нийслэл Пхеньянаас хойш байрлах бордооны үйлдвэрийг барьж дуусгах ёслолд оролцож байна. Солонгосын Төв Мэдээний Агентлаг (KCNA). 2020 оны тавдугаар сарын 2-ны өдөр. © KCNA, Ройтерс агентлаг
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 20 хоногийн дараа анх удаа олны өмнө гарч ирсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. “БНАСАУ-ын удирдагч бордооны үйлдвэрийг нээх ёслолын туузыг хайчиллаа” гэж тус агентлаг мэдээлсэн байна. Түүнийг баасан гарагт бордооны үйлдвэрт ирэхэд тэнд байсан бүх хүн “ура” хэмээн хашхирсан байна.
Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 12-ноос хойш олны өмнө харагдаагүйтэй холбогдуулан түүний биеийн байдлын талаар янз бүрийн таамаглал гарч эхэлсэн билээ. KCNA агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун БНАСАУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтны хамтаар дээрх арга хэмжээнд оролцжээ. Тэдний дунд түүний дүү охин Ким Ё Жон байсан аж.
“БНАСАУ-ын удирдагч Пхеньян хотоос хойд зүгт оршдог бүс нутагт болсон үйлдвэрийн нээлтэд оролцож, тууз хайчиллаа. Уг үйл ажиллагаанд оролцсон хүмүүс хөгжил цэцэглэлтийн төлөө бүх ард түмнээ удирдан залж буй удирдагчдаа халуун баяр хүргэлээ” гэж KCNA агентлагийн мэдээнд онцолжээ. Ким Жон Ун үйлдвэрийн үйлдвэрлэлийн системд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэхүү үйлдвэр БНАСАУ-ын химийн үйлдвэр болон хүнсний үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэр оруулна гэж хэлсэн байна.
Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 15-нд өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцоогүйгээс хойш түүний биеийг муудсан гэж таамаглаж эхэлсэн юм. Энэхүү арга хэмжээ нь БНАСАУ-ын хамгийн том баяруудын нэг юм. Ким Жон Ун энэ өдөр өвөөгийнхөө бунханд хүндэтгэл үзүүлдэг. Тэрбээр 2011 оны сүүлээс төрийн эрхийг барьж эхэлснээсээ хойш энэ арга хэмжээг нэг ч удаа алгасаж байгаагүй юм. БНАСАУ-аас дүрвэгчдийн хөтөлдөг цахим хуудсанд Ким Жон Уныг өвдсөн талаар мэдээлэл гарснаас хойш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлж эхэлсэн байна.
“Ким Жон Ун өнгөрсөн наймдугаар сараас хойш зүрх судасны өвчний улмаас шаналж байсан боловч Пекту ууланд олон удаа гарсны дараа өвчин нь улам сэдэрсэн” гэж нэрээ нууцалсан их сурвалжаас “Daily NK” цахим хуудсанд мэдээлжээ. Үүний дараа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ийм мэдээ гарах болж, мэдээллийн агентлагууд энэ талаар нэн даруй мэдээлж эхэлсэн. Түүнчлэн Ким Жөн Ун зүрхний мэс засалд орсны дараа биеийн байдал нь хүнд байна гэж АНУ-ын хэвлэлээр мэдээлснээс хойш улам дуулиантай болсон билээ. АНУ-ын төлөөлөгчид Ким Жөн Уныг ойрын үед “хараагүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дөрөвдүгээр сарын 29-нд мэдээлсэн нь цуурхлыг улам даамжруулсан байна. Гэсэн хэдий ч БНСУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Тагнуулын газрын эх сурвалжуудын мэдэгдэл уг мэдээллийг няцааж байсан юм.
Ким Жон Ун 2014 оны есдүгээр сард 40 хоногийн турш олны өмнө харагдаагүй бөгөөд тэрбээр аравдугаар сарын дундуур таягтай гарч ирсэн юм. Тухайн үед БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хаана байсан талаар тайлбар хийгээгүй. Харин түүнийг уйланхайны улмаас зүүн шагайндаа мэс засал хийлгэсэн байж магадгүй гэж БНСУ-ын Тагнуулын агентлаг мэдээлж байжээ.
Эх сурвалж: www.montsame.mn, https://www.france24.com/