Сэтгүүлч Г.Хангарди
Чулуу, чулуу, чулуу. Тулгын гурван чулуу, аргамжааны чулуу, хүй дарсан чулуу, чулуун тоглоом, тээрмийн чулуу, үнэт чулуун хөөрөг… Чулуугүй юм ер нь байна уу гэмээр. Эрдэнийн ч бай энгийн ч бай чулуу гэдэг хүн төрөлхтөний амьдрал, туулж ирсэн түүхийн салшгүй хэсэг нь болжээ. Оюун ухаант хүн үүссэн балар эрт тэр цагт араатны эсрэг гартаа барих цорын ганц зэвсэг нь чулуу байсан гэдэг. Чулуун зэвсгийн үеийн үй түмэн дурсгал, чулууг чулуугаар нь цохиж эмтлэн бүтээсэн зэвсгүүд Монгол нутагт элбэг бий. Тэр цагаас хойшхи түүхийн мянга мянган жилийн уртад эртний хүмүүс хойч үеийнхэндээ хүн чулуунд хувилан хүрч ирсэн ажгуу. Буган чулуу, хүн чулуу Монгол нутагт ямар болон билээ дээ. Нийслэл Улаанбаатар анх Хатан Туулын хөвөө, Хан Богдын ард тулгын чулуугаа тулахаар их нүүдлийн бурантаг эвхсэн 233 жилийн тэртээ Алтан тэвшийн хөндийд өнчин ганц хүн чулуу торойн байсан гэдэг. Тэр мэт чулуун түүх, чулуун судар болсон олон хүн чулууны нууцыг түүхчид, эрдэмтэд тайлан уншсаар буй. Дашрамд сонирхуулахад, нийслэл хот маань шаваа тавьсан Хүн чулууны хонхор бол одоогийн Сүхбаатарын талбайн зүүн талд, ДБЭТ, МАН-ын байр орчим ажээ. Тэрхүү эртний хүн чулуу 1940-1950 он хүртэл хэвээр байсан гэх бөгөөд хэт хувьсгалчид түүнийг суга татан авч барилгын довжоонд нэмэрлэчихсэн гэдэг. Хүн чулуу байсан тэр газар Гадаад харилцааны яамны чанх хойд тал бөгөөд үүгээр одоо авто зам дайран өнгөрөх болжээ.
Хаад дээдэс ордноо чулуун баганаар тулж, чулуун довжоогоор гоёж байжээ. Бас чулуугаар баримал урлаж, хөшөө босгож ч байж. Их Монгол Улсын гал голомт Хархорумын буурийг сахьсан чулуун яст мэлхий үүний нэгэн гэрч ээ.
Чулууны тухай магтаал шүлэг олон. Тэр бүү хэл чулуун дээр бичсэн шүлэг дурсгалаар монголчууд тун арвин. Монгол бичгийн хамгийн эртний дурсгал Чингисийн чулууны бичиг эдүгээ ОХУ-ын Санкт-Петербург дэх алдарт Эрмитажид хадгалагдаж буй. Халхын их шүлэгч Цогт хунтайж алдарт шүлгээ Дуутын хар хаднаа бичиж үлдээсэн нь өнөөгийн бидэнд хүрч ирсэн гайхамшигт чулуун судар билээ. Ер нь чулуу байгаагүй бол хүн төрөлхтөн түүхээ дутуу мэдэж, буруу ухаарах байсан ч байх аа. Эртний хүмүүсийн хад чулуун дээр зурсан сүг зураг, бичээсээс л бид цагийн мананг нэвтлэн холхи түүхээ тольддог. Ховдын Гурван цэнхэрийн агуйн ханан дээрх зурагнууд байгаагүй бол Монгол нутаг эртний хүний өлгий гэдгийг хэн ч мэдэхгүй л өнгөрөх байв.
Монголчуудын дунд чулуу гэсэн үг орсон нэртэй хүн маш олон. Энэ нь чулуу шиг хатуу зоригтой, нугаршгүй, дийлдэшгүй байхыг бэлгэдсэн хэрэг. Чингис хааны дөрвөн хүлэг баатрын нэг нь Сорхон шарын хүү Чулуун билээ. Тэгэхээр XIII зуунд л лав монголчууд Чулуу, Чулуун гэх мэт нэрийг хүүхэддээ хайрладаг байж. Чингис хааны нэр ч чулуу гэсэн утгатай гэж зарим эрдэмтэн тайлбарласан байдаг. Домогт өгүүлснээр Тэмүүжинийг мэндлэхэд нэгэн чулуу хагарч эрдэнийн хас тамга гарсан гэх бөгөөд нэгэн шувуу ирж Чингис Чингис хэмээн донгодсон тул хожмоо Чингис хаан хэмээн нэрийдсэн гэнэм. Нэр хэмээснээс үүдэн өгүүлэхэд хүмүүний нэрээс гадна газар усаа монголчууд чулуугаар овоглосон нь олон. Архангайн Чулуут голоос эхлээд л, Тайхар чулуу, Их газрын чулуу, Бага газрын чулуу, Цагаан чулуут, Чулуут гээд л. Цахиурт, Билүүт, Жоншит, Боржинт гээд олон төрлийн чулуугаар нэрлэсэн газар, ус ч олон билээ.
Чулуу, чулуу, чулуу. Тулгын гурван чулуу, аргамжааны чулуу, хүй дарсан чулуу, айл гэр болж тоглосон алаг чулуу, тээрмийн чулуу, дээдсийг оршоосон газрын дэрний чулуу. Чулуун домог үргэлжилж, чулуун түүх арвижсаар. Хүмүүн бид ч чулууны түүхийг бичилцэж, улмаар өөрсдөө чулуунд хувилах буюу.
Эрдэнэстэй, соронзонтой бас уярлын дууг аялгуулан хайлах увидастай янз янзын чулууны тухай уншигчдадаа сонирхуулъя.
Хөгжимтэй чулуу Бараан саарал өнгийн чулууг тогшиход царгил хөгжим мэт цоглог аяс эгшиглэнэ. “Говийн өндөр”, “Гандий мод”, “Ээждээ” зэрэг ардын болон уянгын дууг нутгийн хүмүүс төвөггүй тоглоно. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт баг, Дорноговь аймгийн Хөшөөт толгой, Сэлэнгэ аймгийн Энх талын сангийн аж ахуйн Жаргалантын амны адаг зэрэг газарт байгалийн үлэмж сонин тогтоцтой эгшиглэн дуулах чулуу олон бий.
Тост чулуу Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Аж Богдын нурууны Хөшөөний голын ард тост хад байдаг. Эл хаднаас тос мэт шингэн байнга дааварлан байдаг бөлгөө. Хэдэн жилийн өмнө тослог шингэн ихээр ялгарч урсдаг байсныг нутгийнхан ярьдаг.
Шоо чулуу Мөн сумын нутаг Аж Богдын уулсын бэл хөндий, голыг сав газарт зориуд өөлөөд засчихсан мэт бяцхан шоо хэлбэртэй чулуу элбэг. Энэ чулууг нутгийн хүмүүс ардын тоглоомд ашигладаг.
Чулуун мод Манай орны өргөн уудам говь нутагт эртний чулуужсан навч, цэцэг ч тохиолддог байна. Өмнөговь аймгийн олонхи сумдын нутагт чулуужсан мод байдаг. Даланзадгад хотын орон нутгийг судлах музейд эртний аварга том чулуужсан модыг тавьсан нь сонирхол татам үзмэр болжээ. Тэрчлэн Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан сумдын нутагт балар цагийн чулуун ойг үзэж болно.
Алтат чулуу Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Боржгины талд Алтат нэртэй чулуу бий. Ширээ мэт дөрвөлжин чулуунаас талст чулуулаг наранд тод гялалзан байх нь эрдэнийн шигтгээ мэт харагддаг.
Туяардаг чулуу Говь-Алтай аймгийн Тонхил сумын Гурван хулдын Цагаан чулуутын давааны ард туяарч солонгордог нэгэн цагаан чулуу бий. Тэр чулууны хэд хэдэн газар аяганы ам мэт судлаар ногоон туяа татаж байдаг байна.
Домогт хиргисүүр Мөн сумын нутаг Хулдын голын Бичигтийн амнаа нэгэн сонин хиргисүүр бий. Хиргисүүрийн хүрээний урд аманд хоёр өндөр чулууг Хаалга, түүнээс нэг метр зайтай байгаа бор чулууг Цоож гэдэг. Урьд нэг угсаат хүнийг тэнд оршуулахдаа хамгаалагч болгон гурван зарцыг нь алж дарсанд цөм чулуу болон босож ирсэн гэдэг домогтой ажээ.
Хөдөлдөг чулуу Хөдөлдөг чулуу байдаг гэхэд ихээхэн гайхах биз. Тэгвэл би үзсэнийхээ хувьд сонирхуулъя. Галбын говийн хойд талаар эмжин зүүн үзүүр нь говьд шургаж орсон Ханбогд уул далайн төвшнөөс 1315 метр өндөрт оршдог. Тэр ууланд шонх хадан цохио, ханан хясаа олон. Түүний дээр аргаль, угалз байгааг харахад үнэхээр сонин сайхан, Ханбогд уулын зүүн урд тал дахь гурван өндөр цохионы дээр дээд тал нь хавтгайдуу, доод тал нь гүдгэр бөөрөнхий, өргөж даахааргүй хад байдаг. Тэр хад сэвэлзсэн зөөлөн салхинд баруун, зүүн тийшээ данхалзан хөдөлдөг байна. Чулуун цохион дээр гараад уул хадны аль ч тал дээр гараар дарж үзэхэд мөн л данхалзан хөдөлдөг. Хөдөлгөөн нь нэлээд хугацаанд үргэлжлэх тул хараад баймаар сонин.
Гүйдэг чулуу Гүйдэг чулуу байдаг гэхэд хэн ч үнэмших билээ дээ. Гэвч би тэр чулууг үзээд нууцыг олохоор хөөцөлдөв. Нэг удаа гүйдэг чулуу олоод зургийг нь авч үзлээ. Зураг нь сайхан гарсан боловч нууц нь үл тайлагдав. Хөвсгөлийн Улаантайгад дахин очлоо. Гүйдэг чулууг гүйдэл дунд нь барьж олзолсон хүнтэй ч уулзлаа. Цөм үг нэгтэй байв. Миний үзсэн гүйдэг чулуу сарлагийн бухны дүрстэй цул хатуу, хүнд, хар өнгөтэй, маш зөөлөн цагаан шаварлаг судалтай байлаа.
Улаан тайгын Хөг, Тэнгэс голын Баян голд бороо орсны дараа ус нь шингэсэн нялцгай гялгар шавар, шинэ орсон цас, цан хярууны дээгүүр гүйдэг чулууны гулгаж, туулайчлан товшиж гүйсэн мөр олдовч олонхи чулуу голын усанд ороод таних аргагүй болж байв. Янз бүрийн мөр гардаг нь уул чулуу бөөрөнхий хавтгай зэрэг хэлбэртэйнх ажээ.Улаан тайгын уулсын дээгүүр зузаан үүл нөмөрч төдхөн гал цахилгаан бадран аадар бороо асгарлаа. Үүнээс хойш халуун нар гарч бороонд норсон ургамал хатаж эхлэх үед чулуу гүйж эхэлдэг байна. Яагаад борооны ус хөрсөнд шингэхээр гүйдэг юм бэ гэсэн чинь мөнх цэвдэгтэй холбоотой ажээ. Мөнх цэвдэгт хөрс халуун хүйтний нөлөөллөөс болоод бороо, цас орсны дараа овойж, эсхүл хотойж чулууг өнхрүүлдэг байна. Тэр өнхөрсөн чулуу бөмбөрсөөр голд унаж гүйдэг нэрийг авчээ. Үүнийг нутгийн дархад өвгөн Б.Цэвээнжав гуай ч баталж байлаа.
Хээтэй чулуу Энэ зураг бол ямар нэгэн ургамлынх биш, Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Чигжийн голд байдаг чулууны хээ юм. Тэгэхдээ зөвхөн гадаа өнгөн дээр тогтсон бус, чулууг хагалахад ч нэвт байдаг. Яг ургамлын зураг шиг ийм хээтэй чулуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээнэ усны бригадын төвийн баруун урдахь толгойд хэсэгхэн байдгийг тэр жил нутгийнхан сонирхуулан үзүүлж билээ.
Тэндэхийн чулуу нь Чигжийн голынх шиг элбэг биш метр гаруйхан өргөн зурвас хэлбэрээр толгойн оройгоос бэл рүүгээ буусан юм билээ. Ийм сонин чулууны нууц, юунд байна вэ. Магадгүй ямар нэгэн төрлийн ховор чухал элементийн илрэл ч байж болох юм. Жишээлбэл, зэсийн хүдэртэй газар цээнийн цэцэг элбэг байдаг. Өвөрхангайн Богд, Баянгол сумын нутаг Ахарын уулын орчинд маш гоё чулуутай газар байдаг гэж нутгийн хүмүүс ярьж байсан. Харамсалтай нь түүнийг энд тэндээс очсон хүмүүс хэдэн зуун кг-аар нь түүж, хомсдуулж байгаа гэнэ.
Мөн Архангай аймгийн Тариат сумын нутагт яг шувууны дүрс хэлбэртэй чулуутай хэсэг газар байсны чулууг хүмүүс түүгээд одоо ховордсон байна. Байгалийн ийм сонин үзэгдлийг орон нутгийн төрийн байгууллагууд анхаарч хамгаалалт, хяналтдаа авах нь зүйтэй болов уу.
Уст чулуу Завхан аймгийн Завханмандал сумын Товгорын хоолойд бөөрөнхийдүү цайвар, алаг судалтай чулуу элбэг байдаг. Энэ чулууг нарны гэрэлд харахад дотор нь ус мэлтэгнэж буй мэт харагддаг. Гэвч хагалаад үзэхэд усгүй, цул юм. Нутгийн хүмүүс устай чулуу гэж нэрлэдэг.
Шөрмөсөн чулуу Шөрмөсөн чулууг боловсруулж, техникт галд тэсвэртэй эрдэс материал болгон өргөн хэрэглэдэг. Анагаах ухааны практикт ч чулуу элбэг. Түүний нөөцийг судлан тогтоож улс ардын аж ахуйд ашиглаж болох талтай.
Гялтгануурт чулуу Завхан аймгийн Алдархаан сумын нутаг хуучин Яруугийн хүрээний туурь, Алдар толгойн орчмын уулс зэрэг газарт гялтганууртай чулуу их бий. Боржин чулуунд наалдаж тогтсон гялтгануурын хурдас номын хуудас мэт үелэн тогтсон нь нэн сонирхолтой.
Соронзонт чулуу Соронзонт хад, чулууг элдэв эмгэгийг анагаахад эртээс хэрэглэж ирсэн тухай судар бичигт тэмдэглэжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө, Булган аймгийн Тэшиг, Хэнтий аймгийн Дадал сумын нутагт соронзонт хад байдаг. Энд хүмүүс ирж эмгэг хуучаа сувилан эдгээдэг байна. Тэдгээрийг судлууштай.
Зүрх чулуу Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Дээд шивээ хэмээх уулын арын битүү хөвчийн дотор ургаа модны үзүүрээс дээш цухуйх зүрхэн хэлбэрт зэрэгцээ хоёр сүрлэг цохиог нутгийнхан Зүрх чулуу гэж нэрлэдэг. Хөнгөн цэнхэр манан хүүшилсэн ногоон моддын дээгүүр улаан байц цохио сүндэрлэн сүглийх нь байгаль эхийн гайхамшигт урлал шиг харагдана.