Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагуудтай хамтран нефть импортлогчдын ШТС-уудад хяналт, шалгалт хийж байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагватай ярилцлаа.
-Танай байгууллагаас нефтийн бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт, шалгалт хийж эхлээд байна. Бензин, шатахууны үнэ буурсан ч чанар нь муудсан, дутуу шахаж байна гэх зэрэг гомдол иргэдээс нэлээд гарах болсонтой холбоотойгоор ийм хяналт, шалгалт зохион байгуулж байгаа гэж ойлгож болох уу?
-Шатахуун импортлогчдын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, стандартад хийх хяналт, шалгалт нь зөвхөн өнөөдөр эхэлж байгаа ажил биш юм. Өнгөрсөн хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэд, хэрэглэгчдийн гомдол, мэдээлэл болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл, өөрсдийн санаачилгаар холбогдох мэргэжлийн байгууллагууд болох МХЕГ, АМГТГ, СХЗГ-тай хамтран байнга хийж байсан. Гагцхүү тэр бүхнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад байдаггүйгээс төрийн байгууллагуудын хийж байгаа ажлыг иргэд мэдэлгүй өнгөрдөг тал бий. Тухайлбал 2018 онд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгж, компаний борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандарт, чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон тул тус бүрд нь Зөрчлийн тухай хуулиар 9 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Гэвч шийтгэл оногдуулсантай холбогдуулан 8 аж ахуй эрхлэгч захиргааны хэргийн шүүхэд хандсан ба гурван шатны шүүхээс 7 аж ахуйн нэгжид оногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Мөн манай газраас шатахууны үнэ ханшийн хувьд ч байнгын хяналт шалгалтыг хийж холбогдох эрх бүхий байгууллагуудад дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны үнэ бүрдэлт буюу гадаад хилийн үнэ, ноогдуулж буй татварын хэмжээ, үнэ тогтвортой байлгах талаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар хэрэглэгчдэд тогтмол мэдээлэх талаар мэдэгдэж байсан. Мөн импортлогч компаниудад хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн харъяа төв болон орон нутгийн салбар нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын шатахууны үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж хэдэн төгрөгөөр, ямар хугацаанаас эхлэн бууруулах талаарх мэдээллээ хэрэглэгчдэд ил тод мэдээлэх шаардлагыг хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Сүүлийн өдрүүдэд ШТС-ууд чанарын шаардлага хангахгүй бензин шатахуун, дизелийн түлш борлуулж байна, шатахуунаа дутуу шахаж байна, мөн А-80 бензин зарагдахаа больж АИ-92 хэмээн худалдан борлуулж иргэд, хэрэглэгчдийг хуурч байна гэх зэрэг гомдол, мэдээлэл нилээд гарч байна.
Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас удирдамж батлан МХЕГ, СХЗГ, АМГТГ-ын холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан гэнэтийн хяналт шалгалтын ажлыг энэ даваа гарагаас эхлэн шуурхай зохион байгуулж байна.
Удирдамжийн хүрээнд хоёр хяналт шалгалтын ажлын хэсэг ШТС-иудын худалдан борлуулж буй шатахуунаас газар дээр нь дээж авч мэргэжлийн лабораториар шинжлүүлэн чанар, стандартыг шалгах, түгээгүүрийн шахалт нь хэмжээндээ байгаа эсэхийг хянах зэргээр ажиллаж байна.
Энэ удаагийн хяналт шалгалтыг олон иргэд, хэрэглэгчдэд үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс олон нийтийн сүлжээнд газар дээрээс нь шууд мэдээллийг дамжуулан хийж байгаа. Хяналт шалгалтыг мэдээллэсэн нь ямар нэгэн байдлаар шатахуун борлуулагч нартай хуйвалдсан явдал биш бөгөөд харин ч эсрэгээрээ хяналт шалгалтад төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийг оролцоог хангах, тэднийг ажлын хэсгийнхэнтэй хамт явж газар дээрээс нь сурвалжлах боломжийг бүрдүүлсэн.
-Хяналт, шалгалтад шатахуун импортогч бүх аж ахуйн нэгжийг хамруулах уу?
-Хоёр ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй ШТС-уудаас түүврийн аргаар нэг аж ахуйн нэгжийн нэг ШТС болон бөөний төв, агуулахуудад хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын ажлын хэсэгт хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд буюу газрын тосны бүтээгдэхүүний худалдаанд хяналт тавих үүднээс МХЕГ, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн нийлүүлэгчээс худалдан авах үнийг хяналт тавих чиг үүргийн хүрээнд Ашигт малтмал газрын тосны газар, шатахууны хэмжих хэрэгслийг ашиглалт, баталгаажуулалтыг шалгах үүднээс СХГазруудын холбогдох албан хаагчид хамтран ШТС-уудын түгээгүүр нь баталгаатай, стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт шалгалт хийж байгаа.
-Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ буурчихаад байхад манайд шатахууны үнэ хангалттай хэмжээнд буурахгүй, буурсан ч бараа бүтээгдэхүүний үнэ үүнтэй уялдан буурахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Энэ асуудлаар ШӨХТГ-аас ямар ажлуудыг хийж байна вэ?
-Дэлхийн зах зээл дэх үнэтэй уялдуулан нефть импортлогчдыг шатахууны үнээ буулгах шаардлагыг ШӨХТГ-аас анх иргэд хэрэглэгчдийнхээ өмнөөс тавьж хэвлэлийн бага хурлаар мэдээллэх, холбогдох байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагыг хүргүүлж ажилласан. Шатахууны үнийг бууруулах асуудалд УУХҮЯ мөн анхаарч ажилласан. Үүний үр дүнд бензин шатахууны үнэ эхлээд 50 төгрөгөөр, 04 сарын 15-ны өдрөөс эхлэн 200 – 330 хүртэлх төгрөгөөр буураад байна. Цаашид ч шатахууны үнэ буурах болно гэж холбогдох эрх бүхий төрийн байгууллагаас мэдээлж байна. Бид ч мөн адил үнийг дахиад ч бууруулах боломжтой гэж үзэж байна.
Хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу УУХҮЯ, АМГТГ нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн гэрээ хэлцлийг хянахаас гадна биржийн үнийг судалж, судалгааг үндэслэн үнэ бүрдэлтийн асуудал бодитой эсэхийг төрийн нэрийн өмнөөс хянаж байдаг. Тиймээс шатахууны үнийг ямар түвшинд бууруулах боломжтой вэ, импортлогч аж ахуйн нэгжүүд цаашид хэвийн ажиллах боломж, нөхцөл ямар байгаа талаар олон талын судалгаа хийж, дүгнэлт гаргадаг.
Мөн манайхаас бараа, бүтээгдэхүүний үнийн асуудлаар зах зээлийн зарчмаар бензин шатахуунтай холбоотой зардлаа бууруулах, тэр хирээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах, шударга, ёс зүйтэй байх талаар аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд хандаж уриалга гаргасан. Манай уриалгыг хүлээн авч аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ, тээврийн компаниуд тээвэрлэлтийн үйлчилгээний үнээ бууруулж эхэлсэн сайн мэдээ эхнээсээ бидэнд ирж байна. Цар тахлын энэ онцгой нөхцөлд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид маань нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үнээ нэмэх биш бууруулж, бараа бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хангах, нөөц, хангамжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Шатахуун импортлогчдын хувьд хэрэглэгчдэдээ аль болох зах зээлийнхээ зарчмаар, зохистой, бодит үнээр бүтээгдэхүүнээ борлуулах ёстой. Шатахууны үнийг буулгах бодит нөхцөл бүрдсэн үед шударгаар буулгадаг, эргээд нэмэхээс өөр аргагүй үед нь учир шалтгаанаа хэлээд өсгөдөг байвал хэн хэндээ хардах сэрдэх юмгүй амар.
Аливаа зүйл хаалттай, мэдээлэл дутуугаас болж хардлага үүсдэг бөгөөд үүнийг ашиглан төрийн байгууллагуудын хийж байгаа ажлыг үгүйсгэх, харлуулах хандлага их байна. Төрийн бүх шатны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу ажилладаг. ШӨХТГ холбогдох найман хууль болох Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээндхүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хуулийг хэрэгжүүлж ажиллахдаа аливаа аж ахуйн нэгж байгууллагыг торгож шийтгэх биш тэдэнд зөвлөн туслах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, хэрэглэгчдийн гомдол, мэдээллийг шуурхай барагдуулахыг гол чиглэлээ болгодог. Үнэхээр зөрчил дутагдал гаргасан бол мэдээж торгуулийн арга хэмжээ авч, шаардлага тавьж ажиллаж байна.
-Өнгөрсөн сард ШӨХТГ нь “Хэрэглэгчийн утас-115” төлбөргүй ярианы үйлчилгээг эхлүүлсэн. Иргэд, хэрэглэгчдээс ирэх санал, хүсэлт нэмэгдсэн үү?
-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж ажиллалаа. 2016 оны арванхоёрдугаар сард ШӨХТГ дээр хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах төвийг анх нээсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 9000 гаруй хүн энэ төвд маань хандан санал хүсэлтээ ирүүснийг шуурхай шийдвэрлэн 100 гаруй сая төгрөгний мөнгөн хохирлыг барагдуулан ажилласан. Мөн бүх яам, агентлаг, барааны зах, худалдааны төвүүдийн хэрэглэгчдийн төвүүдтэй ШӨХТГ-ынхаа хэрэглэгчийн төвийг холбон, сүлжээ үүсгэн ажиллаж байгаа. Ингэснээр иргэд олон нийтийн гомдол, саналыг шуурхай барагдуулах боломж нөхцөл бүрдсэн.
Манай байгууллагын хэрэглэгчийн төв 1800-1284 утсаар хэрэглэгчдийн санал, гомдлыг авч байсан бол энэ жил гуравдугаар сарын 15 буюу Олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрөөр “Хэрэглэгчийн утас 115” төлбөргүй утас нээж ажиллуулж эхэлсэн. Энэ дугаарлуу иргэд, хэрэглэгчид маань бүх харилцаа холбооны операторын дугаараас үнэ төлбөргүй холбогдон гомдол, мэдээлэл, санал бодлоо илэрийлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн үед мах, бензин шатахууны үнэ, бараа бүтээгдэхүүний хомсдол, СӨХ, орон сууцны контор гээд маш олон чиглэлээр гомдол, санал ирж байна.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг хангахад хэрхэн анхаарч байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Шадар сайдын мөн оны 24 дүгээр тушаалын хүрээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд манай байгууллага дээр Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсэг ажлын найман цагаар жижүүрлэн стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол үүсгэх, хэт нөөцлөх, дамлах худалдаалахаас сэргийлэх зорилгоор өргөн хэрэглээний болон стратегийн бараа, бүтээгдэхүүний хиймэл хомсдол үүсгэх, үнийг хөөрөгдөх зэрэг асуудал дээр мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллаж байна.
-ШӨХТГ-ын энэ жилийн гол зорилго, төлөвлөгөө юу вэ. Хяналт, шалгалтаас бусад чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Өнгөрсөн жил бид ШӨХТГ-ын гол чиг үүрэг болох бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр 15 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн өрсөлдөөний чиглэлээрх улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс 2020 оныг “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарласан. Зах зээлийг дэмжих ажлын хүрээнд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс төрийн бүх шатны байгууллагаас ямар нэг шударга бус шийдвэр гаргасан байвал түүнийг засч залруулах чиглэлээр ажиллаж байна. Бизнес эрхлэгчдээ дэмжихийн зэрэгцээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг хангах, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч байгаа. Энэ чиглэлээр бизнесийн байгууллагууд болон хэрэглэгчид хамтарч ажиллах нь үр дүнтэй.
Тиймээс хэрэглэгчдийн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг бид чухалчилж байна. 2020 оны хувьд тусгай зөвшөөрөл өгдөг төрийн байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, тэдэнтэй хамтарч ажиллахад анхаарна. Тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа байгуулагууд үүрэг, хариуцлагаа өндөржүүлж ажилладаг байх шаардлагыг тавьж, үүний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр маш олон тусгай зөвшөөрөл өгч байгаа. Тухайн аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан л бол төрийн өмнөөс ажил хариуцаж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр үндсэн дээрээс бараа, ажил, үйлчилгээ нь чанартай байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Зарим аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохдоо хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулаагүй, хяналт тавих тогтолцоогоо бүрдүүлж чадаагүй зөрчил, дутагдал илэрч байна. Тиймээс тусгай зөвшөөрлийн асуудалд онцгой анхаарч ажиллана. Ингэснээр иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг хангагдана гэж үзэж байгаа.
Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр иргэд, хэрэглэгчдийн дунд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамт олны ажлыг харлуулсан, буруу ташаа мэдээллүүд их явдаг. Тиймээс бид олон нийтэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулах болно.
Мөн иргэд, хэрэглэгчиддээ үнэн бодит мэдээллийг газар дээрээс нь шууд хүргэх ажлыг илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж ажиллана. Тиймээс иргэд, хэрэглэгчид Та бүхнийг манай байгууллагын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн утас 115 болон фэйсбүүк фэйж хуудсанд хандан зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар цаг үеийн, эх сурвалжтай, үнэн бодит мэдээллийг хүлээн авч, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.