Монгол Улсын Их Хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан билээ.
Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдүүлснээс хойших хугацаанд Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд олон чухал шинэтгэлүүд хийгдсэн. Алдсан зүйл ч цөөнгүй бий. Тиймээс ололтоо баталгаажуулж, алдаа сургамждаа дүгнэлт хийж, засан сайжруулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон юм.
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах санаачилга, яриа хөөрөө үндсэндээ 20 гаруй жил үргэлжилсэн бөгөөд сүүлийн 3 парламент дамжин (2008-2012, 2012-2016, 2016-2020) идэвхтэй өрнөж, 4 төсөл өргөн баригдсан түүхтэй.
МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 4-р бүлгийн 4.1.1-д “Эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэлтэй, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн тусгасан. Тиймээс УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн 3 жил тасралтгүй өрнүүлж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсон, судалгаа дүгнэлт хийлгэж, ард түмнээрээ хэлэлцүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах зэргээр нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан олон арга хэмжээг зохион байгуулсан юм.
Үндсэн хууль нь үндэсний зөвшилцлийн дээд баримт бичиг учраас иргэд, олон нийт болон Монгол Улсын Ерөнхийлөгч, парламентад суудалтай Ардчилсан Нам, бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл, саналуудыг нухацтай судалж, төсөлд тусгах замаар УИХ завсарлагагүй 158 хоног хэлэлцэн баталсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн бөгөөд нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл бүрнээ нэгдэн туссан гэж үзэж болно. Засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд:
- Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах;
- Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох;
- Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах;
- Хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох;
- Улс төрийн намуудын үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх;
- Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх;
- Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зохицуулалтуудыг тусгасан.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, зарим хуулийг шинээр батлах юм. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн хувьсгалт шинэтгэл хийх угтал, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим онцлог зүйл, заалтуудаас толилуулъя.
Нэг. Байгалийн баялгийг ашиглах чиглэлээр;
Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх зарчим хэрэгжинэ. Засгийн газар байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг баримталж, онцгой ач холбогдол бүхий зарим асуудлыг ард түмэнтэйгээ зөвлөлдөн, УИХ-д заавал танилцуулж, шийдвэрлэдэг болно. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласны үр өгөөжийн 50-иас дээш хувь нь Монголын төрд ногдож байх эрх зүйн үндэс бүрдсэн.
Хоёр. Парламентат ёсыг бэхжүүлэх чиглэлээр:
УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулах, УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан. 2000 онд оруулсан “дордуулсан долоон” өөрчлөлтөөр 75 өдрийг 50 болгон багасгаснаар байнгын ажиллагаатай байх ёстой парламентын үндсэн зарчим алдагдсан байсныг залруулав.
Мөн 76 гишүүний 39 нь хуралдаа ирснээр ирц бүрдэж, тэдний олонх буюу 20 нь хууль баталдаг, 20-иос доош гишүүн байсан ч бусдынхаа кнопыг дарах аргаар төрийн шийдвэр гаргадаг байсныг зогсоож байна. Шинэ өөрчлөлтөөр дор хаяж 39 гишүүн хууль батална. Парламентад хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд гишүүдийн ирц, саналыг хурууны хээгээр бүртгэдэг болсноор бусдын өмнөөс санал өгөх байдал эцэслэгдсэн. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болох заалтыг оруулснаар “давхар дээл”-ийн асуудлыг зохистой шийдвэрлэсэн юм.
УИХ-ын гишүүд улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын бүтцийг өөрчилж, тойрог руугаа дур мэдэн их хэмжээний хөрөнгө татдаг байсныг “Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” хэмээн өөрчилж, хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх зарчмыг хангав. Парламент хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах түр хороог цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулж болох боломжийг бүрдүүлсэн. Энэ бүхэн нь парламент томилох, томилогдох эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ л хэрэгжүүлэх зарчмыг тогтоож байгаа юм.
Гурав. Гүйцэтгэх эрх мэдлийн чиглэлээр;
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, Сайд нараа томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг бие даан шийдэхээр хуульчлав. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүдийг УИХ-аар томилж, огцруулахгүй гэсэн үг. Хэрвээ Ерөнхий сайд ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл УИХ хуулийн дагуу Ерөнхий сайдыг огцруулна. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Ингэснээр Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааг “толгойгоороо хариуцах”, ажил хэргийн болон ёс зүйн шаардлага хангахгүй сайдыг танхимдаа оруулахгүй байх, хариуцлагатай, тогтвортой ажиллах хөшүүрэг болно.
Мөн Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэх шинэ заалт тусгагдсан. Энэ нь Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай асуудлыг парламентад тавьж шийдвэрлүүлэх боломжийг нэмэгдүүлж, эрх мэдлийн тэнцлийг хангаж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог болсноор дахин сонгогдохын тулд өөрийг нь нэр дэвшүүлсэн улс төрийн нам, тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажиллах байдал зогсоно.
Дөрөв. Шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр;
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг удаа дараа өөрчилж, тогтворгүй болгож байсан явдлыг эцэслэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд 10 байх бөгөөд 5-ыг нь шүүгчид дотроосоо, бусад 5 гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилдог болж байна. Мөн даргыг нь хэн нэгэн томилохгүй, гишүүд дотроосоо сонгох юм. Түүнчлэн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар болсон. Эдгээр өөрчлөлт орсноор шүүгчийн хараат бус байдлын баталгаа нэмэгдэж, шударгаар ажиллах нөхцөл бүрдэх юм.
Тав. Нутгийн удирдлагын тогтолцооны чиглэлээр;
Хот гэдэг засаг захиргааны нэгж байхгүй болсныг засав. Шинэ өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байж болох эрх зүйн үндсийг хуульчилснаар Дархан, Эрдэнэт зэрэг улсын зэрэглэлтэй, Багануур, Налайх, Бор-Өндөр, Хөтөл гэх мэт орон нутгийн зэрэглэлтэй хот бий болох боломж бүрдэв. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлнэ гэж заасан бөгөөд ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, эдийн засгийн хувьд харьцангуй бие даан хөгжих боломж бий болох юм. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй болно. Энэ нь төвлөрөл багасах, орон нутгийн эдийн засгийн харьцангуй бие даасан байдал нэмэгдэх эерэг нөлөөтэй юм.
Зургаа. Улс төрийн намуудын үйл ажиллагааны чиглэлээр;
Үндсэн хуульт ардчилсан тогтолцооны чухал бүрэлдэхүүн болох улс төрийн намын үйл ажиллагааны зарчмыг Үндсэн хуулиар тодорхойлж, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх шаардлагыг тусгаснаар нам хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхлоос ангид байх, авлигаас урьдчилан сэргийлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Мөн Үндсэн хуулийн 191.2-т “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах” шинэ заалт оруулснаар дор хаяж 20.000 хүн нэгдэж байж нам байгуулах шинэ зарчим тусгагдсан болно.
Энэ мэт зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, парламентат ёсыг бэхжүүлэх, төрд сахилга хариуцлага, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүхийн хараат бус, нутгийн захиргааны бие даасан байдлыг бататгах, хууль эрх зүйн хувьсгалт өөрчлөлт хийх суурь нөхцөл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын ирээдүй, Монголын ард түмний сайн сайхны төлөөх түүхэн өөрчлөлт гэж хэлж болно. Эдгээр өөрчлөлтүүд дагалдах 30 шахам хуулийн өөрчлөлтөөр дамжин бүрэн утгаараа хэрэгжих бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлт ийнхүү “амилснаар” тогтолцоогоо зөв болгох, эрүүл нийгмийг цогцлоох, шударга ёсыг төлөвшүүлэх зорилго биелж, МОНГОЛ ОРОН ЦЭГЦЭРЧ, САЙН ЦАГ ИРЭХ болно.