“Сонгдо” эмнэлэгт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн тухай өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80 настай эрэгтэй болон амбулаториор эмчлүүлж байсан 40 настай иргэнээс түргэвчилсэн оношлуураар вирусийн халдвар авcан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар давтан шинжилгээ авч, тухайн хүмүүстэй ойрын хавьталд орсон эмч сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлаад байв. Тэгвэл өнөөдөр 01.40 цагт PCR шинжилгээний хариу гарч, сэжигтэй тохиолдлууд батлагдсангүй.
Эмч мэргэжилтнүүд хурдавчилсан оношлуурын хариуг заавал лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах ёстойг хэлж байв. ДЭМБ-аас хурдавчилсан оношлуураар CoViD-19-ыг илрүүлэх шинжилгээг хийхийг зөвлөмж болгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл сэжигтэй тохиолдлуудыг тандахад цаг хугацаа хэмнэх үүднээс дээрх оношлуурыг ашиглаж, нэмэлтээр хоолойн болон хамрын арчдас авч PCR шинжилгээ хийж хариуг гаргаж байгаа юм.
Одоогоор Монгол Улсад COVID-19-ийн халдварын 30 тохиолдол оношлогдож, таван хүн эдгэрээд байна.