Бээжингийн засаг захиргаа Хубэй мужийн Ухань хотын зэрлэг ан амьтдын захтай холбоотойгоор коронавирусийн халдвар гарсан тул зэрлэг ан амьтдын худалдаа, хэрэглээг хориглоод буй. Хятадууд олон зууны турш зэрлэг ан амьтдыг худалдаалж, ашиглаж ирсэн бөгөөд хятадын уламжлалт анагаах ухаанаас эхлээд лабораторийн судалгаа хүртэл бүхий л салбарт зэрлэг ан, амьтдыг ашигладаг. Коронавирусийн тархалт эхэлснээс хойш Ойн аж ахуй, өвс ургамлын үндэсний газар 39 мянган зэрлэг амьтдыг хурааж, зарагдаж буй зоогийн газар, зах зэрэг 350 мянга гаруй газрыг хааж, халдваргүйжүүлжээ.
БНХАУ-ын Инженерийн академиас гаргасан тайланд дурдсанаар энэ төрлийн үйлдвэрлэлийн салбарын орлого 520 тэрбум юань буюу 74 тэрбум доллараар үнэлэгдэж, 14 сая гаруй хүн ажилладаг байна.
БНХАУ ан амьтны үслэг эдлэл үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том улс орон. Тус улсад булга, үнэг, элбэнх, нохойн арьс хамгийн их ашиг орлоготой байдаг ажээ. Олон зууны турш Хятадын уламжлалт анагаах ухаан нь янз бүрийн ан амьтдыг хүний өвчнийг эмчлэхэд ашиглаж иржээ. Тухайлбал, коронавирусийн халдвар тээгч гэгдэж буй панголин Хятадын уламжлалт анагаах ухаанд эрэлт ихтэй байдаг бөгөөд анагаах ухааны үүднээс баталгаа нотолгоо байхгүй хэдий ч энэ амьтны түүхий эдийг эмэгтэй хүний хөхний суваг бөглөрөх, ревматоид артрит, цусны эргэлт муудах зэрэг өвчин эмгэгийг анагаахад хэрэглэдэг байна.