Sunday, November 24, 2024

“Морины” Г.Батбаяр “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”-г анх дуулжээ

Date:

Дуу төрсөн түүх

“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуу маань анх “Зүрхний наран” нэртэй байсан юм гэсээр яруу найрагч Ш.Дулмаа яриагаа эхлэв. Зөвхөн хилчид төдийгүй ард түмний дунд хит болсон энэ дуу 36 жилийн тэртээ төржээ. Уг дуу зохиогдсоноосоо хойш 30 гаруй жилийн дараа залуу дуучин Л.Болдбаатарын дуулснаар олонд түгсэн юм. Дуу хэрхэн төрсөн хийгээд олонд түгтлээ ямар түүх туулсныг Монгол Улсын ардын уран зохоиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Дулмаа ийн хуучилж байна.

-1972 онд би эх орныхоо өмнөд хилээр аялсан юм. Цэргийн ансамблийн дуучин Б.Амгалан, Д.Уртнасан, хөгжмийн зохиолч Б.Магсаржав бид хэд цуг явсан. Хилийн торгон зурваст очиж хилийн баганын дэргэд зургаа авахуулж орой нь застав дээр цайллаганд орлоо. Төвөөс яваа яруу найрагч, дуучид гээд л биднийг их хүндэлсэн. Үйлчилж байгаа бүсгүйчүүд нь хилийн заставын дарга, офицеруудын эхнэрүүд. Тэдний дунд нэг хөөрхөн хар нүдтэй залуухан охин байв. Нэг офицерын гэргий гэнэ. Тэгээд би, шувуу ч нисэхгүй энэ зэлүүд хязгаарт ийм залуухан охин яаж байдаг юм бол доо гэж бодсон. Маргааш өглөө нь зочид буудалдаа байж байтал өнөөх хар нүдтэй, жаахан бүсгүй санагдаад

“Зүрхэнд гийх саран байгаасай

Зүүдэнд гэрэлтэх наран байгаасай” гэсэн хоёр мөр санаанд орж  ирсэн.

Тэгээд л тэр дороо бусад бадгуудыг нь бичиж дууны шүлэг бэлэн болсон. Өнөө шүлгээ Б.Магсаржавт үзүүлтэл “Үүнийг чинь дуу болгоно” гээд миний гараас шүүрэх шахам аваад явдаг юм байна. Орой нь застав дээр үдэшлэг боллоо. Тэгсэн чинь Магсаржав, “Ш.Дулмаагийн шүлэг, Б.Магсаржавын хөгжим “Зүрхний наран” дууг байлдагч Гэнэнгийн Батбаяр дуулна” гээд л зарлалаа. “морины” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаяр тэгэхэд жаахан цэрэг өмнөд хилд алба хааж байв. Батбаяр “Зүрхний наран” дууг маань ингэж анх хилийн заставын үдэшлэг дээр цангинуулсан. Тэр дор нь өнөөх дууны маань шүлгийг заставынхан бичиж аваад л цээжилцгээсэн. Маргааш нь зэргэлдээ заставт очиход “Зүрхний наран” дууг цээжилчихсэн дуулцгааж байлаа.

Түүнээс хойш олон жил өнгөрч сүүлдээ би өнөө дууныхаа нотыг олохоо больсон. Б.Магсаржав өмнөд хөршид Хөх хотод суралцахаар яваад холбоо барьж чадалгүй нэг хэсэг болсон. Тэгж байтал хилийн цэргийн 60 жилийн ойгоор “Зүрхний наран” дуу маань дахин дуулагдсан. Нотыг нь мэдэхгүй атлаа сонсголоороо сурсан бололтой юм билээ. Цэргийн ансамблийн нэг залуу дуучин дуулсан байсан. Дараахан нь Д.Лувсанням гэж залуу дуулж клип хийлгэсэн. Дуучин Л.Болдбаатар бас дуулж клип хийсэн. Ингээд л “Зүрхний наран” маань “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” болж олонд түгсэн дээ.               

Сэтгүүлч Г.Сонинбаяр

Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Хээр талын хэнзхэн сарнай

Хэний ч хүүгийн хайрыг булаасан

Хэнзхэн соёолох ганган сарнай

            Зүүдэнд гийх саран байгаасай

            Зүрхэнд гэрэлтэх наран байгаасай

Онгон хилийн хар нүдэн бүсгүй

Онгод бадраах хайрын сарнай

Олон эрсийг хүндлэл хүлээсэн

Орчлонгийн сайхан хүн сарнай

Зүүдэнд гийх саран байгаасай

            Зүүдэнд гийх саран байгаасай

            Зүрхэнд гэрэлтэх наран байгаасай

Дархан хилийн хар нүдэн бүсгүй

Даруухан төрсөн хайрын сарнай

Далдын мөрөөдлийг зүрхэнд үерлүүлсэн

Даамай хайрын хүн сарнай

            Зүүдэнд гийх саран байгаасай

            Зүрхэнд гэрэлтэх наран байгаасай

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...