Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн явц байдлын талаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүтэй уулзаж тодрууллаа.
-Өнгөрсөн нэгдүгээр сард 20 хэрэг шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээлэл танай цахим хуудсанд тавигдсан байна. Та жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 126 гомдол, мэдээллээс 68 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна. Энэ оны 1 дүгээр сард 579 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Нийт шалгасан хэргээс эхний 2 сард 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Үүнд: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очирт холбогдох хэрэг, Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт холбогдох хэрэг, НӨХГ-ын орлогч дарга Д.Ариунбаатарт холбогдох хэрэг, “Хейлан Жиан” ХХК-ний захирал Лю Хунг Ниэнд холбогдох хэрэг зэрэг олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.
АТГ өөрийн үйл ажиллагааны талаар хуулиар зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг тогтмол олон нийтэд өгсөөр ирсэн. Энэ нь нэг талдаа буруу ташаа мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлдэг. Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр манайд шалгагдаж байсан хэргийн баримт, мэдээлэл гарч байгааг та бүхэн мэднэ. Хэрэг шалгагдаж дуусахад хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулдаг. Хэрэгт авагдсан материалуудтай өмгөөлөгчийн хамт танилцаад өөрт шаардлагатай гэсэн баримтыг өөрөө хуулбарлан авдаг. Энэ ч утгаараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэргийн зарим мэдээ, баримт гарч байгаа байх гэж харж байгаа.
Хэрэг шалгах ажиллагаа нь мөрдөх байгууллага, прокурор, шүүх гэсэн шат дамжлагатай. Олон хүн хэргийн материалтай танилцаад хуульд заасны дагуу өөрсдийн зардлаар хувилж авах эрхтэй. Гэтэл зарим албан тушаалтнууд АТГ санаатайгаар уг мэдээллийг тараасан мэт ойлгоод байна. Манай байгууллагаас ийм мэдээлэл гарах боломжгүй, гаргах ч шаардлагагүй. Тиймээс цаашдаа АТГ хэрэг шалгаад прокурорт шилжүүлсэн тухай л мэдээлж байх болно. Бусад асуудлыг прокурорын байгууллагаас тодруулж байсан нь зөв байх. Оролцогч нарт холбоотой, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн өөрсдийн мэргэжлийн хүрээнд нийтэлж байгаа асуудлыг бидэнтэй холбох хэрэггүй юм.
-Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг эрэн сурвалжилж байна, орогнол хүссэн гэх мэт олон янзын мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, УИХ-д танилцуулалгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бус давуу байдал олгож худалдах шийдвэр гаргасны улмаас улсад 9,5 их наяд төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Мөн Оюу толгой, Дубайн гэрээтэй холбогдох асуудлаар яллагдагчаар татан шалгаж байгаа. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Ч.Сайханбилэгт хэргийн оролцогч нартай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч мөрдөгч, прокурор нарт мэдэгдэлгүйгээр 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарсан. Нийслэлийн прокурорын газраас 2019.10.25, 2019.11.15, 2019.11.14, 2019.12.09-ний өдөр тус тус мэдэгдэх хуудсыг хуульд зааснаар гэр бүлийн хүмүүст нь өгсөн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд ирээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоонд “Хөх булант” зар нийтлүүлэхээр хандсаны дагуу Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр АНУ руу нэвтэрснийг тогтоож хариу өгсөн.
Тиймээс гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах эрх зүйн үндэслэл нь цагдан хорих шүүхийн шийдвэртэй байхыг шаарддаг. Тиймээс НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Интерполын үндэсний төвд хүргүүлсэн. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг нь АНУ-д хуулийн фирм хөлслөн түүгээр дамжуулж Олон улсын нрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байна гэх ор үндэсгүй мэдээлэл өгч гомдол гаргасан байна. Үүнээс шалтгаалж “Улаан булант” зар мэдээ нийтлэгдэхгүй байна. Тиймээс тус байгууллагад албан захидал илгээх болно. Авлигын эсрэг хуульд зааснаар аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Ц.Элбэгдоржийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компани болох “Ти Ди Би Капитал” ХХК болон тэдгээрийн хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д давуу байдал олгосон үйлдэлд НПГ-ын хяналтын прокурорын тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшортой холбоотой болон улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг доройтолд оруулсан гэх үйлдэлтэй хэргүүдэд давхар шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хилээр гарсан бүртгэлтэй тул 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төвд товчооны ажлын албанд гэмт хэрэг мөрдөхтэй холбоотойгоор тодорхой хүний талаар мэдээлэл авах, биеийн байцаалт тогтоолгох, байгаа газрыг тогтоолгох “Хөх булант” зар мэдээ байршуулах хүсэлт хүргүүлээд байна.
-Ч.Сайханбилэгийг гадаадын хуулийн фирм өмгөөлөх талаар мэдээлэл гарсан. Энэ талаар?
-Дурын гадны байгууллага гарч ирээд манай улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөөд байх боломжгүй. Тэгээд ч манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авсан, шүүхэд бүртгэлтэй этгээд л өмгөөлөгчөөр ажиллах зохицуулалттай.
Эх сурвалж: АТГ, www.iaac.mn сайт