Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд хүүхдийн сурч боловсрох, хүмүүжих таатай орчин бүрдүүлсэн Хүүхдийн өргөө ашиглалтад орох гэж байна. Стандартын бүхий л шаардлагыг хангасан, орчин үеийн зохион байгуулалттай уг өргөөг барих бүтээн байгуулалтын ажлыг НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү санаачлан эхлүүлсэн юм байна. Сүхбаатар дүүргийн оршин суугчид Хүүхдийн өргөөний бүтээн байгуулалтын ажилд ам сайтай байгаа аж.
Иргэд “Манай тойргоос сонгогдсон төлөөлөгч П.Баярхүү энэ бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны аравдугаар сараас анхлан эхлүүлсэн. Одоо бүтээн байгуулалтын ажил урагштай, ахицтай явж байгаад бид талархалтай хандаж байгаа. Хүүхдийн өргөөний бүтээн байгуулалтын ажил энэ оны дөрөвдүгээр сард дуусч, ашиглалтад орно. Барилгыг хүлээн авах комиссын акт албажих шатандаа явж байгаа” хэмээн ярьж байв.
Энэхүү Хүүхдийн өргөө нийт 250 хүүхдийн багтаамжтай аж. Гэхдээ үүнээс ч оло хүүхэд хүлээн авах боломжтой гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэсэн “Улаанбаатар барилга” компанийнхан онцолсон. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү хэлэхдээ, “Анх санаачлан бариулах үед энэхүү барилгыг сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр ашиглах талаар ярилцаж байсан удаатай. Харин дараа нь зөвхөн цэцэрлэг болгох асуудал ч орж ирсэн. Миний сонгогдсон Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд сургууль цэцэрлэг байхгүй. Тиймээс хосолсон хэлбэрээр бүтэн жилийн хугацаанд ажиллуулах боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ асуудлыг Нийслэлийн Боловсролын газрынхан дахин ярилцах шаардлага байгаа. Ер нь хүүхдийн нийгмийн асуудлыг авч үзэхдээ зуслангийн бүс гэсэн байдлаар орхигдуулах нь элбэг байдаг. Тиймээс энэ асуудал дээр зохих байгууллагууд анхаарч ажиллах нь чухал байна. Тус Хүүхдийн өргөө нь ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм” гэлээ.