Ерөнхий сайд Н.Учрал мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор зориудаар устгасан ямааны тоо, малчин өрхийн мэдээллийг энэ долоо хоногт нарийвчлан гаргаж, нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр төлүүлнэ гэдгийг онцолсон. Хохирлын хэмжээг эцэслэн гаргаснаар нөхөн төлбөр олгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Годрон өвчнийг тараах нөхцөл бүрдүүлсэн этгээд нь үржлийн мал импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэх, импортын мэдэгдэл, гаалийн бүрдүүлэлт байгаа эсэхэд холбогдох хяналт шалгалтыг яаралтай явуулах, удам гарваль, гарал үүсэл тодорхойгүй үржлийн малыг малчдад худалдан борлуулсан буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцохыг тагнуул, цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. Түүнчлэн 10 аймгийн 13 байршлыг мөшгөн тандалтыг хийж дуусган, эрсдэлтэй сүргийг лабораторийн шинжилгээнд хамруулах арга хэмжээг авахаар ажиллаж байна.

