Tuesday, July 21, 2026

Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан боллоо

Date:

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд, Комиссын Тажикистаны хэсгийн дарга Курбон Хакимзода нар болон хоёр улсын Элчин сайд нар, хөдөө аж ахуй, эдийн засаг, соёл, боловсрол, зам, тээвэр, аялал жуулчлалын салбарын яамдын албан тушаалтнууд, холбогдох агентлагийн удирлагууд, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат хуралдааныг нээж үг хэлэв. Тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо талууд зохион байгуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд хэрэгжиж буй энэхүү хамтарсан Комиссын хуралдаан нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээж буй, онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна гэлээ.

Сайд Ц.Идэрбат Монгол, Тажикистаны худалдаа, эдийн засаг зэрэг хоёр талын тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг үр ашигтай, тогтвортой хөгжүүлэх чиглэлээр анхаарал хандуулж хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд, Комиссын Тажикистаны хэсгийн дарга Курбон Хакимзодаг үг хэлэв.  

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода нар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбар, чиглэлийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим хөгжил, онцгой байдал, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичиг байгуулсан. Энэ удаагийн төрийн айлчлалаар хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах 11 баримт бичгийг байгуулж байна. Хоёр улсын хооронд байгуулсан Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлд Засгийн газрын хоорондын комисс анхаарч ажиллана гэдгээ нотлов.

Хуралдааны төгсгөлд Комиссын дарга нар үг хэлэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэхүү комисс нь цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хөгжүүлэх чухал механизм болж, бодит агуулга бүхий хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

  • Манай хоёр улсын худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар харьцангуй бага байгаа боловч сүүлийн жилүүдэд өсөлтийн хувьд эерэг хандлага ажиглагдаж байна. 2025 онд Монгол Улсын Тажикистан руу хийсэн экспорт 2024 онтой харьцуулахад 11,6 дахин өссөн байна. Экспортын ийм огцом өсөлт нь хоёр улсын худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоо байгааг харуулж байна. Тажикистанаас жимс, жимсгэнэ импортолж, Монголоос мах, махан бүтээгдэхүүн гаргаж байна.
  • Манай улсаас Тажикистан руу хийж буй экспорт 2020 онд 5.81 мянган ам.доллар байсан бол 2021, 2022 онуудад 0 болж, 2023 онд 12.17 мянган ам.доллар, 2024 онд 135.74 мянган ам.доллар, 2025 онд 1570.65 мянган ам.доллар болж өсчээ. Харин импорт 2020 онд 0.25 мянган ам.доллар, 2021 онд 25.38 мянган ам.доллар, 2022 онд 116.05 мянган ам.доллар, 2023 онд 64.22 мянган ам.доллар, 2024 онд 70.90 мянган ам.доллар, 2025 онд 89.38 мянган ам.доллар болсон байна.
  • Тажикистан нь хөвөнгийн үйлдвэрлэлд тэргүүлэгч Төв Азийн улс бөгөөд “цагаан алт” хэмээн нэрлэгддэг түүхий хөвөн, хөвөнгийн утсаа олон улсын зах зээлд экспортолдог.
  • 2023 оны байдлаар тус улс ойролцоогоор 91.8 сая ам.долларын түүхий хөвөн, 117 сая ам.долларын нийт хөвөнгийн ширхэгт бүтээгдэхүүн экспортолсон байна. 2024 оны эхний хагаст тус улс 54 мянган тонн ширхэгт хөвөн экспортолж, нийт 95.5 сая ам.долларын орлого олсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо  

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны  төрийн айлчлалын...

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд...

Монгол Улс болон ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр маргааш буюу 7-р сарын 22-ноос хэрэгжиж

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ, түүний...