Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэллээ. Тус айлчлалын үеэр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын хүрээнд хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын яамдын харилцан ойлголцлын санамж бичиг багтаж байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн сайд хатагтай Сун Ми Рёнтой уулзав.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батзориг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Төрийн захиргаа удирдлыгын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярсайхан, БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яамны Олон улсын хамты ажиллагааны газрын дарга Пак Сан Ху, Олон улсын хамтын ажиллагааны газрын хэлтсийн даргын орлогч Ван Хи Дэ, тус газрын туслах захирал Со Жи Ин нар байлцлаа.
Сайд Ц.Идэрбат дэлгэр зуны таатай улиралд Үндэсний их баяр наадмын үеэр айлчилж буй эрхэм хүндтэй зочдод талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг урилаа.
Тэрбээр Монгол Улс хөдөө аж ахуйн арвин нөөц, өргөн боломжтой. Дотоодын хэрэгцээгээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангахаас гадна хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцлов. Энэ хүрээнд Монгол Улсад тарьж ургуулсан гурвалжин будаа, ногоон тэжээл, арвай, улаанбуудайн гурил, эмийн ургамлыг БНСУ-д экспортлох үеийн хорио цээрийн стандарт, импортын квотын асуудлуудыг хөнгөвчлөхөд хоёр тал анхаарч тус ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах саналыг тавилаа.

БНСУ нь дэвшилтэт технологи, инноваци, өндөр бүтээмж бүхий хөдөө аж ахуйн хөгжлийн туршлагаараа дэлхийд тэргүүлэгч орны нэг. Тиймээс хоёр улс харилцан давуу талаа уялдуулан, нөөц боломж болон технологийн чадавхаа нэгтгэн санамж бичигт заасны дагуу Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах, түүнчлэн малын бүртгэл, мөшгөх тогтолцоог боловсронгуй болгоход хамтран ажиллах, газар тариалангийн механикжуулалт, усалгаатай тариалан, усалгааны систем, ургац хураалтын дараах менежмент, хүлэмжийн аж ахуй, ухаалаг фермерийн технологи, гидропоник, акуапоник, аэропоник болон ухаалаг технологид суурилсан орчин үеийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр туршлага солилцох, технологи, тоног төхөөрөмжийн мэдээлэл харилцан солилцох, түгээлтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажилласнаар хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа сайд Ц.Идэрбат илэрхийлэв.
Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн сайд хатагтай Сун Ми Рён өөрийн улсын хөдөө аж ахуйн салбарын онцлог, өнөөгийн хөгжлийн талаар товч танилцуулж, бүхий л үйлдвэрлэлд ухаалаг технологийг нэвтрүүлж, үйл ажиллагааг нь амар хялбар болгосон, газар тариаланд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа гэдгийг онцолж, Монголд Smart farm буюу ухаалаг ферм байгуулахад цахилгаан, эрчим хүчний хангамжийн асуудалд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг тодруулсан.
хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн яамд 2003 онд анх хамтын ажиллагааг эхлүүлсэн боловч 2016 оноос хойш салбарын хамтарсан хороо огт хуралдаагүй, үйл ажиллагаа нь зогсонги байгааг дурдаж, энэ талаар анхаарахыг хүслээ.
Сайд Ц.Идэрбат дээрх саналыг хүлээн авч, хоёр улсын салбарын яамдын хамтарсан хороог энэ сард багтаан хуралдуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ гэдэг байр суурь илэрхийлэв.






