БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Худалдааны танхимын мэдээлснээр, тус улс 2020 онд Монгол, ОХУ-тай хиллэдэг боомтуудаа өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг тэргүүлэх зорилт болгожээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, 2020 онд Өвөрмонгол Өлзий-Цагаандэл уул боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэж, цаашид нээлттэй болгох юм байна. Хятад Монгол, Хятад Оросын иргэдийн хувийн унаа хилийн боомтоор нэвтрэх бүсийн ажлыг ахиулах бөгөөд Эрээн, Бугат хотын нисэх онгоцны буудлыг албан ёсоор нээлттэй болгох ажлыг хийхээр төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ, боомтын төслийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, олон улсын худалдааны “нэг цэгийн үйлчилгээ”-ний хоёр дахь шатны байгуулалтыг эхлүүлж, ухаалаг гарцын удирдлагын дүрэм гаргах аж. Боомтын бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Орос Монголын талын уулзалтыг нэмэгдүүлэн, Орос Монголын боомтын хамтын ажиллагааг хамтдаа ахиулж, “төмөр зам ба далайн шинэ гарц”-ын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулна гэдгээ Өвөрмонголын Худалдааны танхим мэдээлжээ.
Албаны тоо бүртгэлээс үзвэл, 2019 онд Өвөрмонголын боомтын ачаа тээвэр тогтвортой байж, боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн хэмжээ 91.02 сая тоннд хүрчээ. 2019 онд Өвөрмонголын Хятад, Европ чиглэлийн галт тэрэг түргэн хөгжиж, 3657 галт тэрэг хилээр нэвтэрсэн нь 2018 оны мөн үеэс 28.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Өвөрмонголоос гараагаа авч хөдөлсөн галт тэрэг 318 хүрч, 2018 оныхоос 47.2 хувиар нэмэгджээ.