Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын хүрээнд “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор говийн бүсийн зөвлөлдөх уулзалт болж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцлээ.
Зөвлөлдөх уулзалтад Дундговь аймгийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, малчид, залуучууд болон хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөл оролцов. Залуучуудын оролцоог чухалчилсны дагуу Дундговь аймгийн Залуучуудын холбооны төлөөлөл оролцож, дэд тэргүүн Э.Энхтөр, тэргүүлэгч гишүүн Б.Болормаа нар цөлжилтийн асуудлаарх байр сууриа илэрхийлж, төрөлх нутгийнхаа байгаль орчны доройтолд санаа зовниж буйгаа ярилаа.
Уулзалтын нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн бөгөөд үүний 23 орчим хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжгүй болсон талаар дурдав. Тэрбээр Монгол Улс дэлхийн хэмжээнд цөлжилтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд Дундговь аймаг цөлжилт, газрын доройтлын түвшнээр улсын хэмжээнд дээгүүрт эрэмбэлэгдэж байгааг онцолж, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийн талаар санал солилцов.

