Thursday, June 18, 2026

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

Date:

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг зурсан талаарх мэдээлэл өмнө нь гарсан.

Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) нь дайныг дуусгавар болсныг тунхаглаж, Иран улсыг Хормузын хоолойг нээх, АНУ-ыг тэнгисийн бүслэлтээ цуцлахыг уриалж, цөмийн асуудлаарх 60 хоногийн хэлэлцээг эхлүүлэхээр тусгажээ. Мөн энэ хугацаанд Иранд газрын тосоо экспортлох боломж олгохын тулд хориг арга хэмжээнээс чөлөөлөх бөгөөд эцсийн хугацаанд цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурвал эдийн засгийн томоохон урамшуулал олгохоор заасан байна. Хоёр талын байгуулсан санамж бичиг 14 зүйлтэй. Санамж бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

1. Америкийн Нэгдсэн Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс болон одоогийн дайнд оролцож буй тэдний холбоотнууд энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар бүх фронтод, түүний дотор Ливанд явагдаж буй цэргийн ажиллагааг нэн даруй бүрмөсөн зогсоосноо зарлаж байна. Мөн цаашид нэгнийхээ эсрэг дайн болон аливаа цэргийн ажиллагаа эхлүүлэхгүй, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр сүрдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Түүнчлэн Ливаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хангана. Эцсийн хэлэлцээрт энэхүү заалт болон дайныг бүрмөсөн дуусгавар болгохтой холбоотой бусад нөхцөлүүдийг баталгаажуулна.

2. Америкийн Нэгдсэн Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэг хүлээнэ.

3. Америкийн Нэгдсэн Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улс эцсийн хэлэлцээрийг дээд тал нь 60 хоногийн дотор байгуулахын тулд хэлэлцээ хийж, эцсийн тохиролцоонд хүрнэ. Энэхүү хугацааг харилцан зөвшөөрснөөр сунгаж болно.

4. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсны дараа АНУ Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг хэрэгжүүлж буй тэнгисийн бүслэлт болон бусад саад тотгорыг арилгаж эхлэх бөгөөд 30 хоногийн дотор бүслэлтийг бүрэн зогсооно. Хөлөг онгоцны хөдөлгөөн дайнаас өмнөх үеийн түвшинд байх ёстой. Мөн АНУ эцсийн хэлэлцээр байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор Ираны ойролцоох бүсээс цэргийн хүчээ татан гаргах үүрэг хүлээнэ.

5. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсны дараа Исламын Бүгд Найрамдах Иран Улс Персийн булангаас Оманы тэнгис рүү болон эсрэг чиглэлд арилжааны хөлөг онгоцуудыг 60 хоногийн хугацаанд ямар нэгэн төлбөргүйгээр аюулгүй нэвтрүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана. Арилжааны хөлөг онгоцны хөдөлгөөн нэн даруй эхлэх бөгөөд техникийн болон цэргийн саад тотгорыг арилгах, мина цэвэрлэх ажлыг хийсний дараа 30 хоногийн дотор бүрэн сэргээгдэнэ. Иран улс Хормузын хоолойн ирээдүйн удирдлага болон далайн үйлчилгээний асуудлаар Оманы Султант Улстай, мөн Персийн булангийн эргийн бусад улсуудтай олон улсын эрх зүй болон эргийн улсуудын бүрэн эрхэд нийцүүлэн хэлэлцээ хийнэ.

6. Америкийн Нэгдсэн Улс бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран Исламын Бүгд Найрамдах Иран Улсын сэргээн босголт болон эдийн засгийн хөгжлийг дэмжих дор хаяж 300 тэрбум ам.долларын санхүүжилттэй эцсийн төлөвлөгөө боловсруулахаар үүрэг хүлээнэ. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх механизм нь 60 хоногийн дотор байгуулагдах эцсийн хэлэлцээрийн нэг хэсэг болж баталгаажна. Холбогдох санхүүгийн гүйлгээнд шаардлагатай бүх зөвшөөрөл, чөлөөлөлт болон эрхүүдийг АНУ олгоно.

7. Америкийн Нэгдсэн Улс Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг хэрэгжүүлж буй бүх төрлийн хориг арга хэмжээг, үүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолууд, Олон улсын атомын энергийн агентлагийн Удирдах зөвлөлийн тогтоолууд болон АНУ-ын нэг талын үндсэн болон хоёрдогч бүх хориг арга хэмжээг багтаан, харилцан тохиролцсон хуваарийн дагуу цуцлахаар үүрэг хүлээнэ. Иран болон АНУ энэхүү асуудлын онцгой ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээний үеэр яаралтай авч хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

8. Исламын Бүгд Найрамдах Иран Улс цөмийн зэвсэг олж авахгүй, хөгжүүлэхгүй гэдгээ дахин нотолж байна. АНУ болон Иран улс баяжуулсан цөмийн материалын нөөцийн асуудлыг долоодугаар зүйлд дурдсан хуваарийн дагуу харилцан тохиролцсон механизмаар шийдвэрлэхээр тохиролцов. Үүний хамгийн бага аргачлал нь Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтын дор газар дээр нь баяжуулалтын түвшнийг бууруулах явдал байна. Мөн хоёр тал Ираны цөмийн хэрэгцээтэй холбоотой баяжуулалтын асуудал болон харилцан тохиролцсон бусад асуудлыг эцсийн хэлэлцээрт тохирсон хүрээний дагуу хэлэлцэнэ. Эцсийн хэлэлцээр нь энэхүү заалтыг баталгаажуулна. АНУ болон Иран улс дээр дурдсан цөмийн асуудлуудын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, эдгээрийг нэн даруй хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрэх зорилготой байгаагаа илэрхийлэв.

9. Эцсийн хэлэлцээр байгуулагдах хүртэл АНУ болон Иран улс одоогийн нөхцөл байдлыг хэвээр хадгалахаар тохиролцов. Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө одоогийн байдлыг хадгалж, АНУ шинэ хориг арга хэмжээ авахгүй бөгөөд бүс нутагт нэмэлт цэргийн хүч байрлуулахгүй.

10. АНУ энэхүү санамж бичигт гарын үсэг зурсны дараа болон хориг арга хэмжээ бүрэн дуусах хүртэл хугацаанд АНУ-ын Сангийн яам Ираны түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүн болон тэдгээрийн уламжлалуудыг экспортлох, түүнчлэн банкны гүйлгээ, даатгал, тээвэр зэрэг холбогдох бүх үйлчилгээнд чөлөөлөлтийн зөвшөөрөл олгоно гэж үүрэг хүлээнэ.

11. АНУ энэхүү санамж бичгийг хэрэгжүүлж эхэлмэгц Исламын Бүгд Найрамдах Иран Улсын царцаасан буюу хязгаарласан хөрөнгө, активуудыг бүрэн ашиглах боломжтой болгоно гэж үүрэг хүлээнэ. АНУ болон Иран улс эдгээр хөрөнгийг суллахтай холбоотой журмыг хэлэлцээний явцад харилцан тохиролцоно. Уг хөрөнгө нь анхны дансандаа хадгалагдсан эсвэл шилжүүлэгдсэн эсэхээс үл хамааран Ираны Төв банкнаас заасан эцсийн хүлээн авагчид төлбөр хийхэд бүрэн ашиглагдах боломжтой байна. АНУ шаардлагатай бүх зөвшөөрөл болон эрхийг олгоно.

12. АНУ болон Иран улс энэхүү санамж бичгийн хэрэгжилт болон ирээдүйн эцсийн хэлэлцээрийн мөрдөлтийг хянах гүйцэтгэх механизмыг байгуулна гэж тохиролцов.

13. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурж, 1, 4, 5, 10, 11 дүгээр зүйлүүдийн хэрэгжилт эхэлсний дараа, мөн эдгээр арга хэмжээнүүд үргэлжлэн хэрэгжиж байгаа нөхцөлд АНУ болон Иран улс эцсийн хэлэлцээрийн бусад зүйлүүдийн талаар хэлэлцээг эхлүүлнэ.

14. Эцсийн хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн заавал биелүүлэх тогтоолоор баталгаажуулна.
/жич: албан бус орчуулга/

Эх сурвалж: Reuters 

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий...

Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын...

Дундаа нэг принтертэй…

Зардал үйлдвэрлэгч захиргаа, аж ахуйг засаглал болгох шинэчлэл Төрийн байгууллага...