Шинжлэх ухааны “анжис” хүрээгүй EQ Орчин үед байгууллагын соёл, менежмент, бүтээмжийн тухай их ярьдаг болсон. Аливаа байгуулагын амжилтын үндэс нь эдгээр ухагдахуунд тулгуурладаг болохоор аргагүй. Харин эдгээр ойлголтын үндсийн үндэс нь Emotional Intelligence Quotient буюу EQ. Үүнийг манай зарим судлаачид оюуны чадамж, сэтгэл хөдлөлийн чадамж гэж орчуулсан байдаг. Мөн бусадтай харилцах чадвар, удирдах харилцааны чадамж ч гэж монголчилсон нь бий. Гэхдээ дэлхий нийтэд хэвшсэн нэр томъёогоор нь хэрэглэвэл илүү ойлгомжтой ажээ. EQ-гийн тухай 1920 оноос анх ярьж эхэлсэн ч эрдэмтэд судлаачдын явцуу хүрээнд эргэлдэж байв. Харин 1969 онд энэ чиглэлээр гол судалгааны үр дүнг нэгтгэсэн ном гарч байж. Үүнээс хойш 1990-ээд онд EQ-гийн тухай судалгааны ном, материал цөөнгүй хэвлэгджээ. Түүний нэг нь Даниэл Коуэлманны “Emotional Intelligence” ном. Уг ном 1995 онд хэвлэгдэн гарангуутаа жил гаруйн турш “Нью-Йорк таймс”-ын шилдэг номоор шалгарч байжээ. Түүнээс хойш ч энэ ном олны анхаарлаас гарсангүй. Өнгөрсөн хугацаанд 40 гаруй хэлээр хэвлэгдсэн байна. Харвардын их сургуулийн сэтгэл судлаачийн тэнхимд багш байсан эр сүүлд сэтгүүлч мэргэжил эзэмшин, улмаар EQ-гийн тухай ном бичиж олныг шуугиулжээ.
Сэтгэл хөдлөлийн хурд секундыг 1000 хуваасны 12-той тэнцэнэ
Юутай ч EQ гэж юу вэ гэдгийг тайлбарлах гээд үзье. EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжийн физиологийн гол үндэс нь хүний тархитай холбоотой. Сэтгэл хөдлөл гэж юу вэ гэдгийг ойлгохын тулд хүний тархи яаж ажилладгийг эхлээд ойлгох хэрэгтэй болно. Хүний тархи анхдагч, эмоцинал, рационал гэсэн гурван үндсэн үүрэгтэй. Анхдагч тархи рефлекстэй холбоотой унтах, идэх гэх мэт үйлдлүүдийг хариуцна. Харин эмоцинал тархи нь сэтгэл хөдлөлийг, иррациональ тархи нь логик сэтгэлгээг хариуцдаг байна. Орчин үед физик, газарзүй гэх мэт шинжлэх ухааны бүхий л салбарыг маш их судалсан. Харин хүний тархитай холбоотой, сэтгэл хөдлөлтэй холбоотой судалгаа л тун бага хийгджээ. Тиймээс энэ салбарын судалгааг хийх хэрэгтэй гэдгийг олон улсын эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ. Хүний эмоци буюу сэтгэл хөдлөлтэй холбоотой үүсдэг EQ-г аваад үзэхэд эмоцинал тархи маш богино хугацаанд хариу үлдэл үзүүлдэг байна. Бүр тодруулбал секундыг 1000 хуваасны 12-той тэнцэх хугацаанд эмоцинал тархи аливаад хариу үйлдэл үзүүлдэг ажээ. Ёстой л гэрлийн хурдаар гэсэн үг. Гэтэл хүн төрөлхтөн энэ талаар өөрөөр хэлбэл эмоцинал тархийг маш бага судалжээ. Сэтгэл хөдлөл гэж юу юэ гэдгийг ойлгохын тулд хүний тархины бүтэцийг судлах хэрэг гарна. Хүний сэтгэл хөдлөлийн төрөл гээд ярихаар уйлах, инээх, баярлах, гомдох, гансрах гээд л олон төрлүүдийг нэрлэж болно. Энэ бүхэнд тулгуурлаад сэтгэл хөдлөлийг өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, ойлгох, хянах тэдгээрийг ялган салгах, өөрийн болон бусдын санаа бодолд зөв хариу үлдэл үзүүлэх чадварыг хэлнэ гэж тодорхойлжээ.
EQ-д оролцохгүй юм үгүй
Дээр дурдсан Даниэл Коуэлманны “Emotional Intelligence” номд гэр бүлд, манлайлалд, анагаах ухаанд EQ яаж нөлөөлөх вэ гэдгийг судалжээ. Үр дүн нь маш сонирхолтой. Гэр бүлд EQ хэрхэн нөлөөлдөг вэ гэвэл хүн гудамжинд яваа хэн нэгэнд биш гэр бүлийнхэндээ, эхнэр, нөхөртөө сэтгэл хөдлөлөө хамгийн хурдтай, хяналтгүй илэрхийлдэг гэдгийг юуны өмнө тогтоожээ. Энэ бол сэтгэл хөдлөлийн процесс хэрхэн өрнөдгийн нэг жишээ юм. Гэр бүлийнхэн, ойр дотныхондоо сэтгэл хөдлөлөө хамгийн хурдан, хяналтгүй илэрхийлдэг юм бол энэ процессыг хэрхэн удирдан жолоодох вэ. Мэдээж судлаачид арга зүйг нь зааж өгсөн байдаг аж. Уурласан, баярласан ямар ч тохиолдолд сэтгэл хөдллөийн оргил хугацаа 13-15 секунд, дээд тал 20 секунд байдаг гэнэ. Ямар ч тохиолдолд 20 секунд өнгөрөхөд хүний сэтгэл хөдлөл хэвийн байдалдаа ордог ажээ. Энэ 15 орчим секундийн дотор л та бид эмоцио гаргадаг байх нь. Тэгээд дараа нь хэрэггүй юм хэлчихэв үү, дэмий үйлдэл хийчихэв үү гэж боддог. Энэ бол логик тархи буюу рациональ тархи ажиллаж байгаа хэрэг. Гэм нь урдаа гэмшил нь хойноо гэдэг шиг л сэтгэл хөдлөл хэдийнэ хийдгээ хийчихсэний дараа оюун бодол дүгнэлтээ гаргах нь байна шүү дээ. Харин сэтгэл хөдлөлийг дамжуулдаг тархи бол яг түргэн тусламж шиг ажилладаг гэсэн үг. Хүн намайг зөв гэх болов уу, буруу гэх болов уу гэж огт бодохгүй. Шууд өөрийгөө өмөөрнө, хамгаална. Эсвэл баяр хөөр, уур уцаар гээд сэтгэл хөдлөлийн бүх төлөвүүд агшин зуур л гарна. Тиймээс гэр бүлд хэрвээ эхнэр нөхөр хоёр санал зөрөлдвөл хэсэгхэн хугацаанд завсарлага авах нь зөв гэнэ. Тэгээд буцаад уулзахад тэд эрүүл ухаанаар ярих бөгөөд маргааныг амархан шийдчихдэг ажээ. EQ гэр бүлийн харилцаанд ямар үүрэгтэйг үүгээр жишээлээд орхиё. Гэр бүлийн нарийн нандин харилцаа, хүүхдийн хүмүүжил гээд олон асуудалд EQ “оролцдог” гэдгийг хэлэх юун. Харин анагаах ухаанд ямар ач холбогдолтой вэ гэдгийг Стенфордын их сургуулийн эмэгтэйчүүдийн эмч, эрдэмтэд судалсан байна. Эмчдээ итгээгүй, айдастай багаа хүний хагалгаанд асар хүндрэл гардгийг тэд судалгааныхаа дүнд олж тогтоожээ. Эмнэлгийнхэн ч үүнийг хүлээн зөвшөөрсөн ажээ. Тиймээс Стэнфордынхны энэ судалгаанд үндэслээд зарим эмнэлэг айдастай байгаа өвчтөний хагалгааны хуваарийг хойшлуулдаг болсон байна.
Сэтгэл хөдлөл юунд хэрэгтэй вэ?
Тэгвэл ер нь сэтгэл хөдлөл гэдэг юунд хэрэгтэй юм бэ. Emotion буюу эмоци нь үг зүйн талаасаа хөдлөх хөдөлгөөнд байх гэсэн утгатай. Сэтгэл хөдлөл гэдгийг тодорхойлох юм бол энэ нь тодорхой нэг нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдэл. Үүгээр дамжуулан бид өөрсдийн болон бусдын талаархи гол мэдээллээр хангагддаг байна. Эерэг, сөрөг ч бай тухайн сэтгэл хөдлөл нь бидний ажлын үр бүтээлд ихээхэн нөлөөлдөг гэдэг нь хамгийн чухал. Мэдээж эерэг сэтгэл хөдлөл бидний ажлын үр бүтээлийг дэмжиж сэдэлжүүлдэг байна. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай удирдагчид уур бухидамдлаа хэрхэн зохицуулахаа мэддэггүй учраас энэ нь хамт олон дахь уур амьсгалыг эвдэж буйг анзаардаггүй байна. Харин эсрэгээрээ EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөртэй удирдагчдын хувьд хамт олноо сэдэлжүүлж тэдний санаа бодлыг сонсон ажлын шинэ санаа, шийдэл гаргадаг гэнэ. Энэ нь ажлын бүтээмжийг сайжруулахад тус болдог ажээ. Энэ бол EQ манлайлалд ямар нөлөөтэй вэ гэдэг гурав дахь асуултын хариу юм. Нөгөө талаас бидний сэтгэл хөдлөл нь маш олон талтай. Тухайн харьцаж буй хүнээс хамааран өөр байдлаар хариу үйлдэл үзүүлэх боломжтой ба энэ нь бидний зан төлөв болон нөхцөл байдлаас хамааран янз бүрээр ойлгогдох боломжтой. Тухайлбал олонхи хүн харилцааны гол хэрэглүүр үг гэж боддог. Хүмүүсийн харилцаанд үг 50-иас дээш хувийн үүрэгтэй гэж боддог. Гэтэл үг хэл хүмүүс бидний харилцааны 10 хувьл л нөлөөдөг гэдгийг EQ судлаачид тогтоожээ. Тэгэхээр бидний харилцаа 90 хувийн сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг байх нь. Аливаа үгийг ямар хандлагаар хэлж байгаа нь харилцаанд маш чухал. Өөрөөр хэлбэл Body language буюу биеийн хэл, дууны өнгө аяс, хандлага хүмүүс хоорондын харилцаанд гол мэдээллийг дамжуулдаг байна. Сайн байцгаана уу гэж егөөдөх ёжлох маягтай хэлэх, эсвэ Сайн байна уу хэмээн хүндэтгэлтэйгээр асуух хоёрт асар зөрүү бий. EQ чадвар буюу сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ гэдэгт эрдэмтэн хариулт хайж, өөр өөрийнхөөрөө гаргалгаанд хүрсэн байдаг аж. Даниэл Коуэлманны хувьд EQ-г дараахь таван чадварт хуваажээ. Энэ нь, 1. Өөрийгөө танин мэдэх (Self-awareness) 2. Өөрийгөө удирдах чадвар (Self control) 3. Өөрийгөө идэвхжүүлэх чадвар (Motivation) 4. Бусдыг ойлгох чадвар (Empathy) 5. Бусадтай харилцах чадвар (Handle relationship юм. Энэ тавын эхний гурав нь хувийн чадвар бол сүүлийн хоёр нь нийгмийн шинжтэй чадвар аж. Энэ таван чадвараа хөгжүүлэх 15 хүчин зүйлийг ч тэрээр тодорхойлжээ. Эцэст нь сонирхуулахад 200о онд Далай ламын хүсэлтээр 10-50 мянган цаг бясалгал хийсэн лам нарын тархины судалгааг хийжээ. Судалгаанд хамрагдсан 256 бясалгагч лам нарын дундаас аз жаргалын индекс хамгийн өндөр буюу хамгийн аз жаргалтай хүнээр Матье Рикар гэгч лам тодорсон байна. Түүнээс “Аз жаргал гэж юу вэ” гэж асуухад “Аз жаргал гэж зүгээр нэг тааламжтай мэдрэмж эсвэл түр зуурын сэтгэл хөдлөл биш. Харин онцгой эрүүл ухаанаас үүсдэг хөгжил цэцэглэлтийн талаархи гүн мэдрэмж бүхий оршихуйн хамгийн оновчтой төлөв байдал” хэмээн хариулжээ. Дэлхийн хамгийн аз жаргалтай хүн хэмээгдсэн энэхүү Матье Рикар ламтан бол франц хүн бөгөөд Балбын нэгэн сүмд суудаг аж. Тэрээр молекулын биологич, орчуулагч, гэрэл зурагчин, зохиолч хүн юм.