Тогтолцооны реформын дараах бүсүүдэд хөгжлийн бодлого хэрэгтэй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван жилийн өмнө тогтолцооны өөрчлөлт хийх тухай ярьж эхлэхэд эргэлзэх хүн олон байсан. Тухайлбал, тухайн үеийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Тогтолцооны өөрчлөлт, парламентыг төгөлдөршүүлэх нь АН-ын түүхэн байр суурь байсаар ирсэн. Гэхдээ шууд парламентын ардчиллыг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хууль өөрчлөх гэх мэт асуудал руу орох нь цаг хугацааны хувьд зөв үү гэдэгт эргэлзэж байна” гэж мэдэгдэж байв.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 30 жил одоо байгаа тогтолцоогоор явлаа. Хүн ам өссөн, шулуухан хэлэхэд парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Монгол Улс аливаа асуудалд гал унтраах байдлаар явсаар эрх зүйт төрд аюул учрах вий гэж санаа зовж байна. Тиймээс эрх барьж байгаа намын даргын хувьд өргөн цар хүрээнд харж, үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байна.
…Бид тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч дарга ирээд өөрчлөгдөхгүй. Нийгэм үүнийг том агуулгаар нь хүлээж зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Бүсчилсэн хөгжлийн бодлогоо зарлаж, парламентын сонгуулийн тогтолцоог үүнд нийцүүлэн бүсчилсэн тойрогтой болсон, гишүүдийн тоог нэмэгдүүлсэн, холимог тогтолцоогоор сонгууль явуулсан зэрэг нь яах аргагүй зоримог шийдэл, эрс шинэлэг алхам, реформ байсан. Тогтолцооны реформын дараах хамгийн том ажил бол мэдээж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, бүс бүсийн хөгжлийн бүрэн зураглалыг гаргах явдал. Тиймээс 2025 оны нэгдүгээр сарын 14-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлан хуралдуулж, Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг даалгасан. Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг:
- Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
- Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
- Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
- Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
- Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлоод буй.
Бүсчилсэн хөгжил Монгол Улсын хөгжлийн гарц мөн үү гэвэл мөн. Парламентын тогтолцоогоо өөрчилж чадсан нь том реформ байсан шиг одоо бүсчилсэн хөгжлийн бодлогоо боловсруулж хэрэгжүүлэх шаарлага тулгарч байна. Бүсчилсэн тойргоос сонгогдсон гишүүд бүхий анхны парламент бүсүүдийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх ёстой. Засгийн газрын хувьд бүсүүдийн зөвлөлүүдээ байгуулж, хуралдааныг тухайн бүсэд бүсэд нь зохион байгуулж эхэлсэн. Анхных нь Хангайн бүсийн хуралдаан байсан бол Хойд бүсийн хуралдаан өнөөдөр болж байна. Бүсийн зөвлөлүүдийн анхдугаар хуралдаануудыг ийнхүү бүсийн төвүүдэд ээлжлэн зохион байгуулснаар салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах юм.
Бүс бүр өөрийн онцлог, давуу болон сул тал, хөгжлийн өөр өөр түвшин, харилцан адилгүй нөөц бололцоо, хүчин чадалтай. Үүнийг нь олж тодруулж, бүс бүсэд тохирсон онцлог төлөвлөлтийг Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд тусгахыг зорьж байгаа ажээ. Бүсийнх нь хөгжлийн бодлогыг тодорхойлохын тулд тухайн бүсийн иргэдийн санал бодлыг тусгах хэрэгтэй. Орон нутгийн удирдлагуудыг сонсох ёстой. Бэрхшээл хүндрэл, ололт амжилтттай нь газар дээр нь танилцах нь үр дүнтэй. Ордноос биш орон нутгаас л жинхэнэ амьдралд ойр шийдвэр гарна. Бүсүүдийн зөвлөлийн хуралдааныг орон нутагт хийж байгаагийн ач холбогдлыг ингэж харж байна.
Булган аймагт болж буй Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ“ сэдвээр илтгэл тавьжээ. Хойд бүс буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгуудад байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд “Хойд бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцолсон байна. Тус бүсэд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, “Мөрөн” 4С ангиллын нисэх буудал, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.