Friday, December 27, 2024

Үржүүлэхийн хүрдээр өсөх Үндэсний баялгийн сан

Date:

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь нийтийн эзэмшлийнх болоогүй бол, “Оюутолгой”-н 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдээгүй бол, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаагүй бол, нүүрсний асуудлыг ил болгож, авлигын сүлжээг нь таслан зогсоогоогүй бол Үндэсний баялгийн сан бүрдэхгүй байсан. Товчхондоо бол улс төрийн зоримог шийдвэр, шийдлүүд гаргаагүй бол байгалийн баялгийн үр өгөөжийг 3.5 саяулаа биш 300 гэр бүл л хүртдэг хэвээрээ байх байлаа.  Нийт экспортын 93 хувийг эзэлдэг эрдэс баялгийн салбарт олон жил ноёрхсон монопол байдал, улс төрийн нөлөө, далд эдийн засгийг таслан зогсоогоогүй бол бидний алдагдсан боломжууд үргэлжилсээр байх байлаа..

Парламентад суудалтай намууд зөвшилцөн, санал нэгдсэнээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьж батлуулсан нь жил хүрэхгүй хугацааны дотор эхний үр өгөөжөө өглөө. Монголчууд баялгийнхаа хишгийг хүртэж эхлэв. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 2024 оны ногдол ашгийн эхний хэсэг 135 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлсэн. Үүнтэй зэрэгцээд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд цугларсан 495 тэрбум төгрөгөөс иргэн бүрт мөн 135 мянган төгрөгийг бэлэн бусаар хуваарилав. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг иргэддээ хүртээж байгаа нь анхных биш.  

Харин Хуримтлалын сангийн бэлэн бус ногдол ашиг бол цоо шинэ зүйл. Монгол Улсын иргэн бүр Хуримтлалын санд нэрийн хадгаламжтай болж,  түүндээ байгалийн баялгийн ашгаас хувь хүртэж байх юм. Үүний эхлэл нь 135 мянган төгрөг. Уг мөнгийг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд, эсвэл орон сууц худалдан авахад зориулан зарцуулж болно.

Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдэх болсон Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн төрөлжсөн сангуудтай байхаар хуульчлагдсан. Ирээдүйн өв сан бол байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65 хувийг ирээдүйд валют хэлбэрээр хадгалах сан. Норвегийн Баялгийн сангийн загвараар ажиллана гэсэн үг. Одоогоор Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сангийн хөрөнгө дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна.

Харин Хөгжлийн сан бол Монгол Улсын төсвийг ашигтай ажиллуулах зорилготой сан. Улсын төсөв алдагдалгүй, ашигтай ажиллабал тэрхүү ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлж, үлдэх 50 хувь нь төсвийг тогтвортой байлгахад зарцуулагдана. Төсөв алдагдалгүй болох тусам эдийн засаг эрүүлжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Улсын төсөв ашигтай байх аваас нийгэмд тулгамдаж буй томоохон төслийг олон нийтийн саналд тулгуурлан санхүүжүүлэх боломжтой болно. Жишээ нь нийслэлийн утаа, түгжрэлийг шийдэхэд Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт хийх юм.

Тэгвэл Хуримтлалын  сан “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгаас бүрдэнэ. Өнгөрсөн тавдугаар сард Хуримтлалын санг Монголбанканд нээж, Эрдэнэтийн 34,сэн. Уг санд Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. “Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо” юм гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн нийгмийн суурь асуудлуудыг энэ сангийн хөрөнгө оруулалтаар шийднэ. Нөгөө талаас Хуримтлалын сан бол төр, иргэдийн итгэлцлийн гэрээ. Стратегийн ордууд ашигтай ажиллаж байж энэ санд хөрөнгө төвлөрнө. Тиймээс стратегийн ордуудыг ашигтай ажиллуулах нь төрийн үүрэг. Үүнд иргэд хяналт тавина. Өнөөдрийн байдлаар Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг төвлөрөөд буй.

Цаашид байгалийн баялгаа ашиглах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна. Мөн шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт бий. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж  үзжээ. Ойрын зургаан жилийн дотор ийм хуримтлал үүснэ. Уул уурхайн салбарын ашиг орлого, үр өгөөж сайжирвал үүнээс ч илүү хуримтлал үүсэх боломж бий. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч гэх мэт экспортын төмөр замын гарцууд нээгдвэл эдийн засаг улам тэлнэ. Уул уурхайн салбарын ашиг орлого нэмэгдэнэ. Тэр хэрээр Баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгө арвижна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гуравдагч талын оролцоогүйгээр, гурван асуудлыг цогцоор нь шийднэ

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийнхөө эхний хоёрыг нь хөдөлгөхөд бэлэн...

Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол 2025 оны хоёрдугаар сарын 03,04-нд болно

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж...

Эв нэгдэл, тусгаар тогтнолын утга учрыг дээдэлсэн уриалга гаргалаа

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ....