Ачаа тээврийн рекорд дахин эвдэгдэнэ
Зам, тээврийн салбарын нийт ачаа тээвэр 2023 онд түүхэндээ анх удаа жилдээ нийт 107.4 сая тонн ачаа тээвэрлэж байв. Тэгвэл энэ жил дээрх рекорд эвдэгдэх нь тодорхой болжээ. 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар бүх төрлийн тээврээр нийт 122.2 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.4 хувиар өссөн гэдэг статистик мэдээлэл гарчээ. Үүний дотор экспортын тээврийн хэмжээ 87.2 сая тонн болж өмнөх оны жилийн эцсийн дүнг давж, 22.2 хувиар өссөн нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Түүнчлэн авто тээвэр болон төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх жилүүдийг давж түүхэн үзүүлэлтээ шинэчлэн тогтоосон байна. 2024 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн байдлаар авто тээврээр 81.1 сая тонн, төмөр замаар 41.2 сая тонн ачаа тус тус тээвэрлэн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо гэж Зам, тээврийн яамны албан мэдээнд дурджээ.
Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт гурав дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2-2.5 дахин буурч, 700 тэрбум ам.доллар хэмнэнэ. Улсын төсөвт төвлөрүүлэх орлого одоо байгаагаас 60-70 хувь нэмэгдэх боломжтой. Манай улсын нүүрсний экспорт ирэх 2025 онд 80 сая тонн орчим байна гэсэн тооцоолол гарсан юм билээ. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор жилд 120 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Тэгэхээр энэ жил төмөр замаар 41.2 сая тонн ачаа тээвэрлэн дээд амжилт тогтоосон бол цаашид энэ тоо гурав дахин нэмэгдэх нь байна.
Боомтын төмөр замыг 18 сарын хугацаанд барина
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол, Хятадын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн үр дүнд дундын ямар нэгэн зуучлагч компанигүйгээр эхлүүлэхээр болоод байгаа.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан.
Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна. Энэ нь хоёр улсын хоорондын хоёр дахь хил дамнасан төмөр замын хэлэлцээр болсон юм. 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдсоноос хойш 69 жилийн дараа ийнхүү экспортын төмөр замын хоёр дахь гарцтай болох гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Хятадын талаас төлөөлөн гэрээ байгуулах “Чайна Энержи групп” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.
Хил дамнасан гүүрэн байгууламжийн төсөл нь Хятадын хилийн доторх Ганцмод боомттой залгах цэгийн хил дамнасан цэг хоорондын зай нь 760 метр. Хил дамнасан төмөр замыг стакадан гүүр байдлаар байгуулах юм байна. Хос шугамтай том гүүрийн нэг байгууламж, өргөн, нарийн царигийн хоёр гүүр, төмөр замын нэмэлт шугам зэрэг бүтээн байгуулалтын нийт төслийн хөрөнгө оруулалт 84 сая юань болох гэнэ. Төслийг 18 сарын дотор хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэж тооцжээ.
Боомтын төмөр замын төслийн хувьд 2023 оны хоёрдугаар сард “Баошэнь төмөр зам” ХХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК хооронд санамж бичиг байгуулж, төмөр замын сэлгэн ачих хүчин чадлыг задгайгаар 10 сая тонн, хөмөрч сэлгэхээр 20 сая тонн байх, тус төслийн зураг төслийг өөрчилж нарийн царигийн хилийн шалган нэвтрүүлэхийн зүүн талд өргөн царигийн хилийн шалган нэвтрүүлэх байгууламжийг байгуулахаар болсон байна. БНХАУ-ын “Чи Хөнь” гаалийн хяналтын зүүн талд шинээр сэлгэн ачих болон нүүрс хөмрөх төхөөрөмжийг байгуулахаар тогтжээ. Уг бүтээн байгуулалтыг 24 сарын дотор гүйцэтгэнэ гэж тооцжээ. Одоогоор Хятадын тал холбогдох тендерээ зохион байгуулсан бөгөөд төмөр зам байгуулж эхлэх бэлтгэлийг хангаад байгаа аж.